Шинэ хуулийг хүлээзнэсэн хөрөнгө оруулагчид

img

Уул уурхайнхныг жилдээ нэг цуглуулчихдаг Дисковер Монголиа өнөөдөр эхэлсэн. Энэ удаагийн чуулга уулзалт нь манай улсын уул уурхайн салбарын таагүй бөгөөд тогтворгүй, басхүү тодорхойгүй үед болж буйгаараа онцлог. Төлөөлөгч зочдын хувьд ч өмнөх жилүүдээсээ хөл хөдөлгөөн багатай байна. Тиймдээ ч илтгэл тавих байснаа болж хэлэлцүүлэг хийхэд хүрсэн.  “Дисковер Монгол 2013” чуулганаар Монгол улсын хөгжлийн “тулгын гурван чулуу” болсон төр, иргэний нийгэм болон аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг сайжруулах, дуу хоолойг сонсох, хамтдаа шинэ боломжийг эрэлхийлэхэд санал бодлоо солилцоход чиглэжээ. Тиймдээ ч чуулганы эхний өдрийн “оргил үе” нь дээрхи гурван төлөөлөл оролцсон “Хууль эрх зүйн тогтвортой орчин ба уул уурхай” хуралдаан байлаа. Үнэхээр эрх зүйн орчин муу байгааг хаа хаанаа хэлж байна.

5

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: Юуны өмнө хуулиа өөрчлөх шаардлагатай байна

6

-Уул уурхайн салбар хүнд байдалд орсон нь өнөөдрийн уулзалтаас харагдаж байна. Төлөөлөгчид бага ирж. Үүнд ямар дүгнэлт хийж байна вэ, ийм нөхцөл байдалд ороход юу нөлөөлөв өө?

-Энэ байдал сүүлийн ганц жилд болсон хэрэг биш л дээ. Бид уул уурхайн салбарын зохицуулалтаа сүүлийн дөрөв таван жил улам чангалаад л байгаа. Ураны хуулиас авахуулаад Гэнэтийн ашгийн татварын хууль, Урт нэртэй хууль, Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль, гадаадын том хөрөнгө оруулагчтай хийж байгаа хэлэлцээрийн хүндрэлтэй процесс бүгдээрээ манайхыг гадаадын зах зээлд юу гэж тайлбарлаад байна гэхээр монгол улс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг чангалаад, хязгаарлах гэж оролдоод байна гэсэн мессеж өгөөд байгаа. Бид энийг өөрчлөхгүй бол болохгүй. Өнөөдрийн уулзалтад орж байгаа төлөөлөгчдийн тоог ч харж байгаа байх. Сүүлийн гурав дөрвөн жил энэ уулзалтад би орсон. Тэгэхэд энэ зааланд багтдаггүй байсан. Одоо бол заалны дөнгөж хоёр гуравхан эгнээнд сууж байна. Энэ л Монголд хөрөнгө оруулах сонирхол ямар байгааг харуулж байгаа юм. Монголчууд хүртэл нутагтаа хөрөнгө оруулах сонирхол буураад байна уу даа гэсэн сэтгэгдэл төрүүлээд байна.

6

-Уул уурхайн салбарын зогсонги байдлыг яаж хөдөлгөөнд оруулж, гацаанаас гарах вэ? 

-Юуны өмнө хууль эрх зүйн орчноо өөрчлөх шаардлагатай байгаа. Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах тухай хуулийн төсөл боловсруулагдсан. Энэ ээлжит бус чуулганаар орно. Өнөөдрийн эдийн засгийн байдал, төсвийн орлого, ханшийн байдал худалдааны алдагдал энэ бүгд арга хэмжээ авахгүй бол болохгүй гэсэн дохиог өгч байна. Хэрэв арга хэмжээ аваад хууль эрх зүйн орчингоо таатай болгоод зохицуулалтаа хөрөнгө оруулалтад нааштайгаар шийдчих юм бол бид хөрөнгө оруулалтаа буцаагаад татах бололцоо бий л дээ. Цаг авахаар үйл явц. Учир нь итгэлийг эргүүлж олж авахад цаг шаардагдана.

6

-Төрийн оролцоо уул уурхайд их байгаагаас өнөөдрийн нөхцөл байдал үүслээ гэсэн тайлбар бас яваад байна. Үнэхээр төрийн оролцоо хэт их байна уу?

-Төрийн оролцоо нэг шалтгаан нь мөн. Гэхдээ үндсэн шалтгаан биш. Яахав төр энэ уул уурхайн салбарт өмч эзэмшиж болно. Зохицуулалтад ч идэвхтэй оролцдог. Гэхдээ манайх төр хэтэрхий их менежментэд оролцоод байна. Төрийн өмчийн компани яаж ажиллаж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хамгийн муу ажиллаж байгаа компани төрийн өмчийн компани. Манайд ямар механизм ажиглагддаг вэ гэхээр сонгуульд ялсан нам төрийн өмчийг өөрсдийнхөө хамаатан садан, найз нөхөд, бизнес хамсаатнаа томилчихдог. Тэдгээрээр дамжуулан баахан бизнес шахдаг, энэ л ийм үр дүнд хүргээд байгаа юм. Иймээс л төрийн оролцоог багасгая гээд байгаа юм. Бусдаар бол өмчилж байна болно л доо. Менежментийг өөр оператерууд, хувийн компани эсвэл сайн мэргэжлийн хүмүүс хийдэг болгоё. Ил тод нээлттэй болгоё гэсэн санаагаар яриад байгаа.

 6

Хуулийн тогтвортой орчинг хөрөнгө оруулагчид хүсч байна

Урьдчилан тооцоолох боломжгүй тогтворгүй нөхцөл байдлаас болж гадна гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. Хамгийн чухал нь тогтвортой урт хугацааны хууль эрх зүй орчин үгүйлэгдээд буйг төлөөлөгчид дахин дахин хэлж байлаа. Сайн хууль биш байсан ч хамгийн гол нь тогтвортой байх хэрэгтэй гэдгийг гадны хөрөнгө оруулагчид ч сануулж байгаа юм.

6

IBEX корпрацийн Хайгуул эрхэлсэн захирал Грант А. Хэндриксон: Энэ уулзалтад Монголын Засгийн газрын төлөөлөл ирж оролцох хэрэгтэй. Монголын хайгуулыг сайжруулахад гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Лицензээ авчихаад хэзээ нэгэн цагт хурааж авах боломжтой байдаг. Тийм болохоор тодорхой байдал хэрэгтэй. Итгэлтэй хөрөнгө оруулалтаа хиймээр байсан ч ийм нөхцөлд хөрөнгө оруулахад үнэхээр хүнд гэж байсан болРио Тинто Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал, хайгуулын менежер Рожер Норрис: Монгол улсын эрх зүйн тогтворгүй байдал хэцүү. Шинэ хууль хэзээ батлагдахыг л хүлээж байна. Найдвартай, баталгаатай хууль гарах байх гэж найдаж байна. Монголын төр уул уурхайн үйл явцад төдийлөн оролцдоггүй ч гадны хөрөнгө оруулагчдад маш олон хаалт гарч ирдэг. Энэ нь эргээд л Монголын иргэдэд аюул учруулж байгаа хэрэг. Яагаад гэхээр мэдээж татварын мөнгөөр уул уурхайн олборлолтыг Засгийн газар хийж байгаа шүү дээ гэж байлаа.

 6

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран: Үндэсний компаниудаа төрөөс дэмжмээр байна

6

-Нүүрсний худалдаа буурч үнэ унасан шалтгаан нь юунаас эхлэв ээ?

-Нөхцөл байдал шалтгаануудыг зөв тодорхойлох хэрэгтэй. Судалгаа хийгээд яаж гарах арга замаа тодорхойлох хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд Засгийн газар, яамдын сайд дарга нар тэндээ суугаад шинжилгээ хийхэд хүнд. Судлаач шинжээчдийнхээ үгийг сонсч итгэдэг баймаар байна.

6

-Шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Албан тушаалтнууд шалтгааныг гаднаас хайгаад байх шиг байна. Харин бидний үзэж байгаагаар эхний шалтгаан нь манай төрийн бодлого, засгийн газрын чадавхи, аж ахуй нэгж болон төрийн өөрийнх нь чадвар уначихаад байна. Яагаад үүнийг хэлж байгаа гэхээр Хятад улсын зах зээл дээр нүүрсний үнэ 50 хувь унасан. Хятад улсын нүүрсний хэрэглээ буураагүй бүр өссөн байна. Хятад улсад нүүрс нийлүүлдэг улс орны тоо, гадаадын компаниудын тоо нэмэгдчихэж. Шинээр нийлүүлэгчид ороод ирсэн байна. Хуучин нийлүүлдэг байсан Австрали, Орос, Америк, Канад нийлүүлдэг хэмжээгээ нэмэгдүүлчихлээ. Хятадын зах зээл дээр нүүрсний зах зээлийн өөрчлөлт, савалгаа гарснаас хойш нөхцөл байдал нь муудсан хоёрхон л орон байна. Монгол, Индонез.

6

Яагаад буурсан гэхээр төр засгаас явуулж байгаа бодлого энэ салбартаа хандах хандлага нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, 2012 оны сүүлийн хагас жилд Хятадын зах зээлд савалгаа гарах үед манай нийлүүлдэг байсан нүүрсний хэмжээ эрс унасан. Зургаан сард 2.9 сая тонн нүүрс нийлүүлж байсан бол, 7 сард бараг 70 хувиар унасан. Энэ үед л яав, юу болов гээд анхаарлаа хандуулаад арга хэмжээ авах байсан ч өнөөдрийг хүргэсэн. Аж ахуй нэгж дангаараа энэ асуудлыг шийдэх ямар ч боломжгүй.

6

-Тэгэхээр төрөөс дэмжлэг хэрэгтэй гэсэн үг үү?

-Төрөөс үндэсний компаниуддаа ямар ч дэмлэг өгөхгүй байна. Үндэсний компаниудаа хөгжүүлэх тал дээр цогц арга хэмжээг авах хэрэгтэй. Хятад үндэсний компаниуддаа дэмжлэг үзүүлж төрөөс татвар хураамжаас нь чөлөөлөх зэрэг арга хэмжээ авснаар компаниуд нь хөл дээрээ босоод ирсэн.

Дэлхийд нүүрсний нөөц нэмэгдэж байгаа ч нүүрсний эрэлт хэрэгцээ өсөхгүй байна. Америк нүүрсний цахилгаан станцуудаа цөөлөөд эхэлсэн. Тэгэхээр Америкийн өөрийн нүүрсний компаниуд Хятадын зах зээлд орж ирж байна. Энэ мэт олон улсад болж байгаа үйл явдалд судалгаа дүгнэлт хийх хэрэгтэй. Шийдвэр гаргахгүй суугаад л байвал Хятадын зах зээлээс арчигдана. Монголгүйгээр урд талын том зах зээл болно.

.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ