Премьер лигийн хөлбөмбөгчдийн дөнгөж 30 хувь нь англичууд

img

Премьер лиг дэлхийн хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй лиг гэгддэг ч англичуудын хувьд санаа  зовохуйц нэгэн асуудал гарч ирээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ бол Премьер лигийн багуудад англи хөлбөмбөгчид тоглох нь эрс цөөрч буй асуудал юм. Үнэн хэрэгтээ Премьер лиг дэлхийн хэмжээний оддыг цуглуулсан ч Английн хөлбөмбөгтөө, шигшээ багтаа ээлээ өгөхөө болиод удаж байна.

6

Зуны наймааны цонх хаагдсны дараахан Премьер лигийн хөлбөмбөгчдийн хэдэн хувийг англи тоглогчид эзэлж буйг Skysports-ийнхон тоолж гаргажээ. Гэтэл ердөө 32 хувь нь л англи хөлбөмбөгч байж. Өөрөөр хэлбэл, Премьер лиг жилээс жил ирэх тусамд олон улсын лиг болох шинж рүүгээ хэлбийж, үүний уршгаар Английн шигшээ багийн чанар улам муудаж эхэлсэн юм.

6

Sky sports-ийнхны тоолж тогтоосноор бол 1998-1999 оны хөлбөмбөгийн улиралд Премьер лигийн нийт тоглогчдын 48 хувь нь англичууд байж. Гэтэл одоо энэ үзүүлэлт 16 хувиар буурчээ. Тухайн үед тоглогчдын тэн хагас нь шахуу англичууд байсан бол одоо гуравны нэгд чүү чамай хүрч байна.

Өнгөрсөн зуны наймааны үеэр Премьер лигийн багууд шинэ тоглогч авахын тулд 624 сая паунд зарцуулсан дүн гарсан. Тэгвэл энэхүү мөнгөний дөнгөж 10 хувийг нь л англи хөлбөмбөгчинг авахад зориулсан нь мөн л чамлалттай тоо юм.

6

Шигшээ багийн цөмийг бүрдүүлж буй багуудад хүртэл англи хөлбөмбөгчид тун чамлалттай байгаа. Тухайлбал, “Арсенал”-д дөрөв, “Манчестер Сити”-д тав, “Манчестер Юнайтед”-д найман англи хөлбөмбөгч тоглож байна. Үүнийг Германы шигшээ болон Бундеслигийн үзүүлэлттэй харьцуулбал байдал улам тодорхой болж харагдана. Германы шигшээгийн цөмийг бүрдүүлэгч Мюнхений “Байерн”-д 13, Дортмундын “Борусси”-д 12 герман хөлбөмбөгч тоглож байх жишээтэй.

6

Өөр нэгэн жишээ дурьдахад, сүүлийн үед манай хойд хөршийнхөн лигтээ орос хөлбөмбөгчдөө байнга тоглуулахын тулд нэгэн журам хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь талбайд гарсан нэг багийн хөлбөмбөгчид дотор дор хаяж 5 орос хөлбөмбөгч байх тухай журам юм. Ингэснээр Оросууд элэг нэгт хөлбөмбөгчдийнхөө ур чадварыг дээшлүүлж, зохих түвшинд барьж, шигшээ багийнхаа чанарыг сайжруулахыг хичээж буй нь юм. Харин Английн Премьер лигт ийм журам одоогоор үгүй. Тиймээс шинэ улирлын эхний тойрогт учраа таарсан “Манчестер Сити”-“Ньюкасл”-ын тоглолтод ердөө гуравхан англи хөлбөмбөгч талбайд гарсныг гутамшиг гэж зарлахад хүрсэн билээ. Тухайн тоглолтод гарсан бүрэлдэхүүнийг толилуулбал,

6

“Манчестер Сити”: Жо Харт, Компани, Клиши, Лескотт, Сабалета, Давид Силва, Фернандиньо, Хесус Навас, Яя Туре, Агуэро, Жеко.

“Ньюкасл”: Крул, Стивен Тэйлор, Янг-Мбива, Дебюши, Колоччини, Гутьеррес, Бен Арфа, Сиссоко, Тиоте, Гуффран, Сиссе.

Дээрх хоёр багийн бүрэлдэхүүнээс Жо Харт, Жолеон Лескотт, Стивен Тэйлор нар л англи хөлбөмбөгч. Сэлгээгээр талбайд гарсан Хави Гарсиа, Насри, Негредо, Дамметт, Анита, Сэмми Амеоби нараас ганцхан Амеоби л Нигери, Их Британийн давхар иргэншилтэй, бусад нь өөр улсын хөлбөмбөгч юм. Гэтэл энэ тоглолтод Францын 7, Испанийн 5, Аргентины 5 хөлбөмбөгч гарчээ.

6

Премьер лиг дэх англи хөлбөмбөгчдийн тоо багассаар байтал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд ирчихлээ. 1966 онд нутагтаа дэлхийн аварга болсноос хойш Английн шигшээ олон улсын тавцанд томоохон ялалт байгуулж чадаагүй. Тиймээс Английн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Грег Дайк энэ талаар санаа зовинож буйгаа ний нуугүй өгүүлсэн байна.

6

“Бид Дэлхийн аваргад амжилттай тоглохыг хичээж буй нь дамжиггүй. Үнэндээ биднийг дэлхийн аварга болно гэдэгт итгэж буй хүн бараг үгүй болов уу. Гэхдээ энэ нь бидэнд ямар ч найдлага байхгүй гэсэн үг биш. Гэвч өөрсдийгөө бас хөөргөж, хуураад яахав. Европын ямар ч баг Латин Америкт ялалт байгуулна гэдэг тун хүнд. Бид дэлхийн аваргад оролцлоо ч аварга болох найдлагатай багуудын тоонд нэрлэгдэхгүй.

6

Бидний өмнө тулгараад буй гол асуудал бол Премьер лигт англи хөлбөмбөгчдийн тоо улам бүр багассаар байгаа явдал юм. Хэдхэн жилийн өмнө 70 хувь байсан англи хөлбөмбөгчид өнөөдөр 30 хувьд арай чүү хүрэх болжээ. Тэгээд ч энэ тоо улам багассаар байгаа. Хэрвээ энэ янзаараа үргэлжлээд байвал шигшээ баг маань олон улсын тавцанд ялалт байгуулах боломж улам л багасна. Тиймээс энэ уналтыг зогсоож, Премьер лигт аль болох олон англи хөлбөмбөгч тоглуулахын тулд шийдвэртэй алхам хийх хэрэгтэй” гэж Грег Дайк ярьсан байна.

6

Премьер лигийн 20 багт англи хөлбөмбөгчдөөс гадна англи дасгалжуулагч тун цөөрсөн. Одоо дөнгөж 4 дасгалжуулагч л Английн иргэний үнэмлэхтэй. Бусад гадаад. Дахиад л энэ үзүүлэлтийг Германтай харьцуулбал, Бундеслигийн нийт 18 багийн 13 нь герман дасгалжуулагчтай байгаа юм.

Ийнхүү Премьер лиг мандан бадарч, харин Английн шигшээ баг улам бүр доройтсоор байгаа ажээ.

Р.Тэмүүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл үлдээ:
Хуц
2013-09-06