Чойр-Сайншандын автозам ашиглалтад орлоо
Аливаа улс орны хөгжил дэвшлийг автозамын сүлжээ хэр сайн байна вэ гэдгээр тодорхойлж болдог. Тиймдээ ч зам дагаж хөгжилд гэж ярьдаг билээ. Манай улсын хувьд зам харилцааг өргөжүүлж, аймгуудыг хатуу хучилттай замаар нийслэл хоттой холгох ажлыг сүүлийн жилүүдэд нилээн эрчимтэй хийж буй. Тэгвэл 2006 онд анх шав тавьж байсан Чойр-Сайншандийн чиглэлийн 176,4 км урттай хатуу хучилттай авто зам нээлтээ хийж, өчигдөр Зам, тээврийн яаманд хүлээлгэн өгсөн юм.
6
Замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, АНУ-ын элчин сайд Пипер Анна Кампелл, МСК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөх Кассандра Батс, ММСС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар, Авто замын төслийн захирал П.Батсайхан, замыг гүйцэтгэгч компанийнхан болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
6
АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн 285 сая ам.долларын өртөгтэй уг замын төсөл анх 2006 онд БНСУ-ын санхүүжилтээр барьж эхэлсэн боловч 2008 онд үйл ажиллагаа нь зогссон аж.
2010 онд АНУ-ын Засгийн газрын Монголын мянганы сорилтын корпорациас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрт Чойр-Сайншандийн чиглэлийн 176,4 км замын төслийг оруулснаар ажлыг эхлүүлжээ.
6
2011 онд гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНСУ-ын “Эл ай жи инженеринг энд констракшн” компанийн ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалан Мянганы сорилтын сангаас гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулсан байна. Шинээр сонгогдсон гүйцэтгэгч хоёр компанид замыг 90км, 86,4 км тус бүрээр хоёр тасалж гүйцэтгэлийн ажлыг 2012 оны хоёрдугаар сард хүлээлгэн өгчээ. Гүйцэтгэгчээр БНСУ, БНХАУ-ын нэр бүхий компаниуд ажилласанаар ийнхүү өчигдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
6
Уг зам нь цементээр бэхжүүлсэн суурьтай, асфальтбетон хучилттай, 30 км тутамд түр зогсох зориулалтын зогсоолыг байршуулж өгсөн, тэмдэг тэмдэглэгээ нь олон улсын стандартад нийцсэн аж. Энэхүү зам ашиглалтад орсноор манай улсын эдийн засгийн хөгжилд нөлөөлөхөөс гадна Говьсүмбэр, Дорноговь аймгийн авто замтай холбогдсон зургаан сумын иргэдийн амьжиргаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг албаныхан мэдэгдэж байсан.
6
Түүнчлэн уг замаар хүнд даацын машин их зорчдогоос эвдрэл гэмтэл гарах магадлал өндөр тул арчлалт хамгаалалтын ажлыг сайтар хийх нь чухал гэдгийг онцолж байлаа. Энэхүү зам баригдсанаар Чойроос Сайншанд хүрэх аялалын цагийг 2 дахин багасах бөгөөд уг замын арчлалтын үйл ажиллагаанд улсаас төсөв гаргаж байгаа аж.
6
Дашрамд дуулгахад ирэх сард Сайншандаас Замын-Үүд хүртэлх 120 км авто замын ажил бүрэн дуусч ашиглалтад орно. Ингэснээр Монгол Улс Оросын хилээс Хятадын хил хүртэл босоо тэнхлэгийн дагуу автозамтай болж, олон улсын транзит тээвэр зорчих боломжтой болох юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ