Зарим хэрэгт өвс мэт бөхиймүй
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид хоёр өдрийн турш сайн муугаа хэлэлцлээ. Нэг л зүйл маш тодорхой болсон нь эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд эхлэхээр монголчууд дагалдуулаад хууль эрхзүйн орчноо сайжруулаагүйгээс хөрөнгө оруулагч Монголыг моодноос гаргаж эхэлсэн гэдэг дүгнэлт. Уулзалтад оролцогчид энэ үгийг нэгэн дуугаар илэрхийлээд зогсохгүй танхимын гуравны нэгийг дөнгөн данган дүүргэж гадуур сэлгүүцэгч хөрөнгө оруулагчид Хүүхдийн ордны булан бүрт шахуу амин яриа дэлгэн, инээлдэн зогсоо дүр зургаас харж болохоор байлаа.
.
Нүүрсний салбарынхан л гэхэд маш тодорхой санал тавьж байна. Урд хөрш дэх нүүрсний үнэ навсайтал унаад байхад манайхан өндөр үнээр өгнө гээд гэдийгээд байдаг нь буруу. Австрали л гэхэд зах зээл дээр нүүрсний үнэ ханш унахад зөрүүлээд яаралтай экспортлох нүүрснийхээ үнийг буулгаж байж цаг зуурын хүндрэлийг 2005-2006 онд эвтэйхэн давж байсныг жишээлэн өгүүлж байв. Санаа авууштай л бодлого. Гол нь Засгийн газар ийм нөхцөл байдалд маш уян хатан бодлого баримтлахгүй бол эцэстээ эдийн засгаа хүндрүүлэхээс өөр аргагүй байдалд хүрдгийн тод жишээ өнөөгийн Монголын эдийн засгийн байдал харуулж байна гэж экспертүүд дүгнэж байна. Нөгөө талаар УИХ уул уурхайн салбарт баримтлах бодлогоо тодорхой болгож зарим нэг гэрээ хэлцэл байгуулах эрхийг Засгийн газарт өгөх нь зөв байсан гэж дүгнэж байна. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн систем рүү шилжих гэж 20 жил зүтгэсэн. Үр дүн нь эргээд төвлөрсөн төлөвлөгөөт рүүгээ орсноор өндөрлөх аюул байна. Төр хэтэрхий их хувийн хэвшил рүү тонгойж бүхнийг чаддаг мэт дөрвөн мөчөө сарвалзуулах болсны харгай манайд тунгалаг эдийн засаг төлөвших үйл явцыг боомилоод байгаа юм.
.
Нэг хууль гаргаад тэрнийх нь дагуу хувийн хэвшил өндийж хөрөнгө оруулалт жигдрээд ирэхээр дараагийн журам, гэрээ хэлэлцээрээрээ боомилоод хаяхад яаж ч эдийн засаг сэргэж өндийнх билээ дээ. Өнөөдөр ДНБ-ийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувь, экспортын 90 орчим хувийг дангаар бүрдүүлж байна. Хөрөнгө оруулалтын тухайд, 2013 оны эхний хоёр улиралд нэг тэрбум 463.8 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд оржээ. Энэ нь өнгөрсөн оны хагас жилийнхээс даруй нэг тэрбум 40 сая ам.доллараар бага буюу 41.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Валютын ханш бол бүүр галзуурсан бараг гэрлийн хурдаар өгсч байна. Ирэх сард нэг ам.доллар 1800 хол давна гэж эдийн засагчид таамаглаж байгаа.
.
Чуулга уулзалтад албаныхан хуурай илтгэл тавьж, уригдагсдыг чамгүй залхаалаа. Эрүүл саруул маргаан энд өрнөсөнгүй. Та нар хууль эрхзүйн орчноо л янзалчих, битгий байн байн савлуулаад бай л даа гэж зарим нэг нь учирлах. Нэг завин дээр суугаа хэрнээ хоёр яам хоорондоо хэрэлдээд нэг нь хөрөнгө оруулалт оруулахгүй гэж луу унжаад нөгөө нь тийм ч хөрөнгө оруулалт тасалдлаа гээд унжигнах Засгийн газрын сүүлийн үеийн хуралдаанууд дээр улиг болтлоо харагдах болсон нь энэ засаг ер нь дотроо хэр эвтэй байдаг юм бол гэсэн хардлагыг ч олон нийтэд төрүүлээд байгаа. Хөрөнгө оруулагчид ашигтай зүйлд хөрөнгөө оруулж оруулснаасаа ашиг олох зарчим баримтлах нь зөв. Хэн ч буруу гэхгүй байх. Хаа байсан тив алгасаад л нисч ирж байгаа тэдэнд Монгол хөгжинө үү, байна уу нэг их падлийтай асуудал биш. Эцсийн бүлэгт ашиг олох л гол зорилго. Тэгээд ирүүт нь манайхан хууль дүрэм, журам заавраар далайлгаж байгаад олох гэж байгаа орлогоос нь илүүг нэхээд суучихаар манайхаас цэрвэхгүй яах вэ дээ.
.Уул уурхайн компаниуд алдагдал ороод байгаа юм биш. Дагалдаад барилга бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгч өч төчнөөн компани дагаад хэцүүдэж байна. Хөрөнгө оруулалт 40 хувиар буурлаа гэж тооцоход дээрх компаниудын үйл ажиллагаа 80 хүртэлх хувиар хумигдсан гэсэн тооцоог ч чуулга уулзалтын үеэр оролцогсод мэдэгдэж байна лээ. Энэ бол том цохилт. Гадны хөрөнгө оруулагчдын ашиг орлогоос овоохныг эх орондоо шингээж авч хоцордог энэ компаниудын орлого тасалдсан нь эдийн засагт түүнээс ч дутахгүй цохилт болно. Гадныханд найр тавь гэсэн үг биш ээ. Түүхий эдийн үнэ ханш зах зээл дээр тогтворгүй байгаа өнөөгийн нөхцөлд хэсэгтээ төсвийн орлогоо тасалдуулчихгүй байх хууль эрхзүйн орчин бий болгох шаардлагатай байгаа юм. МАН, АН-ынхан тус бүрнээ тактик боловсруулж нэгдсэн шийдэлд хүрэхээр чармайж байгаа талаарх мэдээлэл бий. Уг нь хамтраад аятайхан шийдэлд хүрчихвэл ашигтай юу. Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогоо ээлжит бус чуулганаар эргэн харж, хөрөнгө оруулалтын зөөлөн хуультай болмоор байгаа юм даа. Эртний сургаальд өгүүлсэнчлэн зарим хэрэгт өвс мэт бөхийх хэрэгтэй гэдэг үгийг өнөө цагт санахад илүүдэхгүй буй за.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ