Хороо хөгжүүлэх мөнгөөр хогийн цэг байгуулна гэнэ үү
2013-09-08

Амьдрал сайхан, амьдрах бүүр сайхан гэдэг дээ. Хотын дарга гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулна, “Gangnam” шиг хороолол болгоно гээд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар гарч ирсэн. Гэр хорооллынхны амьдрал нэг үеэ бодвол эрс дээшилсэн нь үнээн. Айл бүр хашаандаа цэцэг навч тарьж, байшин барилга барьж, бүтээн байгуулалт тэнд л өрнөж байна. Гэхдээ энэ нь зөвхөн өөрсдийнх нь хүчээр шүү. Ер нь нийгмийн хамгийн хөдөлмөрч хүмүүс гэр хороололд амьдарч байна гэдэгтэй хэн ч маргалдахгүй биз. Гэр хорооллынхны ажил жилийн дөрвөн улиралд үргэлжилнэ. Цагаан сарын дараа хөрс гэсээд ирэх үеэс л хашааны газраа тэгшлэн байшингийн суурь тавих, хөлдүү дээр нь муу усны нүхээ цэвэрлүүлэх гээд их  ажил ундарна.  Зарим хэсэг нь энэ жилдээ байшин барилга барьж чадахгүй бол сууцаа засварлана. Харин ч банкууд амины хашаа байшин засварлахад зээл олгодог болчихсон таатай орчин бүрдсэн. Зуны гурван сард орон сууцныхан   зусландаа гарч оддог бол дулааны улиралд амжиж өвлийн бэлтгэлээ хийн, хашаа хороо засч сэлбэн, багахан ч гэсэн цэцгийн мандал, хүнсний ногоогоо тарьж, зэрлэгээ зулгаан, орчноо засч тохижуулах гээд ажил доороосоо ундарна.  Эдүгээ гэр хорооллоор явж байхад энд тэндгүй амины орон сууц загвар загвараараа сүндэрлэж, ЖДҮ хүрээгээ тэлж байгааг харж болно.

1

Тун удахгүй галлагааны улирал эхлэх нь. Орон сууцныханд есдүгээр сарын 15-наас, албан байгууллагууд 10 дугаар сарын 1-нээс халаалт өгч эхэлнэ.  Харин гэр хорооллынхон маань нүүрсээ түлж, хотын агаарыг угаартууллаа хэмээн “ад үзэгдэх” улирал. Төр, засгаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар жилийн жилд л мөнгө төсөвлөдөг. Сүүлийн жилд энэ мөнгөний хэмжээ тэрбумд хүрсэн санагдана. Гэвч тэр тэрбум төгрөг хаашаа урсаад гарчихдаг юм бүү мэд, агаарын бохирдол дорвитой буураагүй. Нүүрсний хэмнэлт гаргадаг зуухыг хороо бүрт “Цэвэр агаар” сангаас худалдаалж байгаа. Гэтэл энэ зуухыг нь авахаар очиход аль хэдийнэ захиалга дуусчихсан гэх юм. Хавар дөрөвдүгээр сард захиалга өгөхөөр очиход дуусгавар болсон, намар аваарай гээд манай нэг найзыг хорооны нийгмийн ажилтан нь буцааж.  Долоо, наймдугаар сард гэдэг ид налгар амралтын өдрүүд. Гэвч юмыг яаж мэдэх вэ гээд нийгмийн ажилтнаасаа нөгөө зуухаа сураглахад наймдугаар сарын 15-наас ажил эхэлнэ, есдүгээр сарын эхээр ирээрэй гэж.  Хичээл сургууль ч эхэлж, дахин хороо руу очиход “14 хоногийн өмнө захиалга дууссан, хоцорсон байна” гэсэн хариу авсан байх юм. Найз маань “Үе үе очиж сураглаад, хорооны нийгмийн ажилтандаа захиад байхад яасан хайнга хүмүүс вэ” хэмээн гомдоллож сууна. Хорооныхон ингэж л ажлаа явуулж байна, хотын дарга аа.

1

Мэдээж, хэн л нүүрстэй хутгалдаад байхыг хүсэх билээ. Хороодод мөнгө төсөвлөж байгаа. Иргэдийнхээ саналыг авч байна гээд хурал хийхэд нь очиж суужээ. Хороог хөгжүүлэх мөнгөөрөө хогийн цэг байгуулъя гэсэн санал гарсан байх юм. Хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй давхар хураадаг. Гэтэл сар бүр хогоо ачихгүй байна гэсэн шүүмжлэл гаргаж. Энэ нь ч үнэн л дээ. Гэхдээ хогийн цэг байгуулах гэж хороо хөгжүүлэх санг гарган, мөнгө тусгаж байгаа гэж үү. “Манай хороо хөгжүүлэх сангийнхаа мөнгөөр хогийн цэг байгуулсан” гэж хэлэхэд жуль сонсогдохгүй байна уу. Хогийн цэгийг хорооны Засаг даргаа төсвийнхөө мөнгөнөөс гаргаад байгуулчихад юун болохгүй гэж.  Эсвэл тэр “хогийн цэг”  гээд байгаа нь хэн нэгний бизнесийн шахаа юу. Хороо хөгжүүлэх сангийн мөнгө  гудамж талбайн гэрэлтүүлэг, эсвэл усан санд холбогдсон худагтай гудамжууддаа бохир, цэвэр усны шугам татаж зэрэг бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдвал зүгээрсэн. Айл өрхүүдээ цэвэр, бохир усны шугамд холбовол хөгжил дэвшил ирэх нь зүйн хэрэг. Учир нь иргэд бохир, цэвэр усны шугамыг хашаандаа татвал бохир усаа хашаандаа  асгахаа больж, муу усны нүхээ дүүргэдэг байсан үеийг хойш тавьж, халаалт дулааны асуудлаа ч өөрсдөө шийдэх гэсэн хэрэг.

1

Гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж байгаа ч энэ нь удаашралтай байгааг иргэд ярьж байна лээ. Тэгээд ч газар үнэд орсон энэ үед хашаандаа амины сууц барьж, амьжиргаагаа өөд татахыг илүүд үзэж байна. Тиймээс ч нүүрс бага хэрэглэдэг, цахилгаанаар халдаг шалны болон хананы халаалтыг сонирхон,  амьдралын боломжтой хэсэг нь  тавиулж байна.  Энэ хэрээр агаарын бохирдол ч багасах биз. Нараар халдаг халаалт гээд Сэргээгдэх эрчих хүчний газраас өнгөрсөн онд нийслэлийн зарим өрхөд тавьж өгсөн. Өвөлдөө нарны илч нь буурдаг, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд тохирохгүй эд байна лээ гэж нарны халаалтаар өвөлжсөн иргэд ярьж байна лээ. Тэгээд ч энэ нарны халаалтад учир дутагдал байна. Нартай үед илчийг нь хуримтлуулдаг ч, гэрэл цахилгаан тасарсан үед гэмтэл авдаг гэсэн. Үүнийг нь манай инженерүүд өнөөх монголчилдог ухаанаараа шийдчихвэл намар, хаврын сэрүүн өдрүүдэд нүүрс хэрэглэхгүйгээр нарны халаалтаар “амьдарчихна” гэх юм билээ. Энэ мэтээр гэр хорооллын иргэд дор бүрнээ нүүрснээсээ салах гэж, хотыг агаарын бохирдлыг багасгах гэж хичээж л байна. Харин хороог хөгжүүлэх сангийн мөнгө хэн нэгний бизнесийн шахаанд бус иргэдийн саналд тулгуурлагдан зарцуулагдаасай.

1

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Haruul zangi:
Zob sanaa heregtei bgd iin 22 horoonii zvvnnarangiin 88 tootiin borluulaltiin tseg harandaan tvlshee gadagsh ni zaraad hariyat irgeded ogdoggvi end hyanalt baihgvi boliulah heregtei baina
2013-09-09
hulguu.:
zuw yum bichisen baina. vneheer utaanaas salya gej bodoj baiwal tsahilgaanii vniig hunguluud ugwul ail bolgon nvvrs tvlj vns nuram utaa toosondoo daragdahgvi saihan bolno. yandangiin oroi deer malgai l gene tvlsh baga zartsuuldag zuuh l gene shal demii yumand mungu zartsuuldagaa bolimoor yum daa... vvl dargaa...jil bvr tsewer agaar sand tuswuldug mungiig tsahilgaan stants daa zartzuulj boldoggvi yum uu? deer n nemj helhed tsahilgaan stantsuud shunu vildwerlesen erchim hvchee shal demii gazarduulj ustgadag gesen eniig yadaj ail urhvvddee vnegvi bolgowol ailuud yadaj shunuduu nvvrs tvlj utaa ugaar bolohgvi ter hereeree niislel maani utaanaas salj bolmoor l sanagdah yum.
2013-09-08