
Болгар улсын Нессабер хотноо өнгөрөгч наймдугаар сарын 22-31-ний өдрүүдэд болсон “2013 оны язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах наадам”-д Монгол улсаа төлөөлөн оролцсон “Домог” чуулгынхан Гран при шагналыг нь хүртсэн билээ.
Тус тэмцээнд дэлхий 24 орны 98 чуулга, хамтлаг оролцсон бөгөөд манай “Домог” хамтлагийн таван гишүүн мөн Улаанбаатар чуулгын дөрвөн бүжигчин, хоёр уртын дуучин, нэг уран нугараачийн бүрэлдэхүүнтэй чуулгын төрөлд өрсөлдсөн байна. Энэхүү багийг МУГЖ Д.Сосорбарам бүрдүүлсэн бөгөөд тэрээр энэхүү чуулгын найруулагч, уран сайхны удирдаачаар ажиллаж, дээрх амжилтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Үүнээс гадна тэд “Дэлхийн үнэмлэхүй аварга” цолыг хүртсэн бол “Домог” хамтлаг дангаараа дан хөгжмийн төрөлд өрсөлдөн тэргүүлж алтан цом, медалиар шагнуулсан байна. Манай улсын баг нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд “Жалам хар”, “Түмэн агтны төвөргөөн”, “Уяхан замбуу тивийн наран” зэрэг шилдэг бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн бөгөөд зарим үзүүлбэрийг газар дээр нь шууд найруулан тоглож байжээ.
Ийнхүү монголын морин хуур, хөөмий, уран нугаралт, уртын дуу дэлхийн язгуур урлагийн наадмын хамгийн шилдэг нь болжээ. Тус бүрэлдэхүүнд явсан уран бүтээлчид “Монголын гайхамшгийг дэлхийд харуулах зорилгоо биелүүлж чадлаа” хэмээн ярьж байлаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ