Үндэсний номын санд шинэ номууд хандивлалаа
Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 23 жилийн ойн хүрээнд Солонгосын Эс жи ай /Сога Гакай/ сангаас Үндэсний номын санд ном хандивлах ёслолын ажиллагаа тус номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд өнөөдөр боллоо.
Тус үйл ажиллагаагаар Үндэсний номын санд нэн тэргүүнд шаардлагатай, уншигчдын дунд эрэлт ихтэй байгаа гурван сая төгрөгийн 134 ширхэг номыг бэлэглэсэн юм.
Эдгээр ном нь түүх, хэл шинжлэл, соёл урлаг, анагаах ухаан, шинжлэх ухаан технологи гээд салбар бүрийн хамгийн сүүлд хэвлэгдсэн бүтээлүүд байгаа аж. Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав “Бэлэг бэлгийн дээд ном гэдэг. Өнөөдөр манай номын сангийн сан хөмрөг шинэ бүтээлүүдээр хүрээгээ тэлж, бидний хувьд маш өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. Хэдийгээр номын тоо цөөхөн сонсогдож байгаа ч, түүнийг олон хүн уншиж хэрэглэнэ гэдгээрээ онцлогтой юм” гэж ярилаа.
Энэ үеэр Эс жи ай сангийн хүндэт тэргүүн Ёо Санраг тэргүүтэй зочид Үндэсний номын сангийн үнэт, ховор номын танхимтай танилцлаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ