“Ээрэн хүрээ” түүхэн сэдэвт бүжгэн жүжгийг тоглоно

img

  Ойрад угсаатны ардын урлаг, өв соёлын баяр наадам “Их хөгсүү” энэ сарын 13-14-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбоотойгоор тус угсааны нэгэн аймаг болох Увс аймгийн “Ойрад” театрынхан “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгийг ирэх ням гарагаас эхлэн Соёлын төв өргөөнд хоёр удаа тоглох гэж байна. Түүхийн ухааны доктор На.Сүхбаатарын зохиол тус бүжгэн жүжиг нь 16-17 дугаар зууны үед салж бутарсан Ойрадын ард иргэдийг нэгэн тугийн дор нэгтгэж, эвдрэлийг эв эе болгон бататгах санааг агуулсан утгатай түүхэн сэдэвтэй зохиол юм.   Энэхүү дуулалт бүжгэн жүжигт ардын хөгжмийг түлхүү оруулж, Ойрад түмний ёс заншил ардын урлагийн онцлогийг шингээж өгснөөрөө онцлогтой болжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар “Натур даанс” продакшны Д.Энхбаяр, бүжиг дэглээчээр М.Мөнгөнцэцэг болон тайзны зураач н.Анхбаяр нарын хүмүүс ажилласан байна. “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгийг тайзнаа амилуулахаар “Натур даанс” продакшн, “Ойрад” театртай хамтран 153 сая төгрөгийн төсөл бичиж Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна. Энэ төсөл холбогдох байгууллагуудаар дамжин хэлэлцэгдэж, дэмжигдэж, Соёл урлагийг дэмжих сангаас 81 сая төгрөгийг төсөл бичсэн хоёр байгууллагад шилжүүлэн өгснөөр энэхүү жүжиг тайзнаа амилахад бэлэн болжээ. Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ