
Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэн боловсруулсан. Энэ төслөө өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Төслийг өргөн барьсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл ямар онцлогтой вэ?
-Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулан өргөн барилаа.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөөр томоохон зарчмын асуудлыг зохицуулахаар тусгасан.Үүнд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгож байна. Одоогийн эрх зүйн зохицуулалтад стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байхаар төсөлд тусгаж өгсөн. Гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж ангилж байна. Хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулна. Харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байх юм. Гадаадын төрийн өмчит гэж ямар компанийг хэлэх вэ гэвэл тухайн улсынх нь төрийн оролцоо 50+1 гэсэн хувиас илүүтэй байхыг хэлнэ.
Татварын шинэ орчныг бүрдүүлж байгаа. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгасан. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгана.
Тухайн төслийг хийж байх үед татварын ямар орчин үйлчилж байна тэр хуулиар 10 хүртэл жил үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Үүнд Гаалийн, НӨАТ, Ашигт малтмал ашигласны албан татвар дээр дээрх заалт үйлчилнэ. Түүнчлэн олон улсын туршлагын дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчны талаар бүх талын мэдээлэл, сурталчилгааг явуулах агентлагийг байгуулахаар тусгалаа. Ингэснээр Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид илүү тогтвортой орчинд ажиллах нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм.
-Хөрөнгө оруулалтын сангийн тухайд...?
-Манай улсын хувьд мөнгөө өсгөх гэсэн хүмүүс Монгол банкинд, зээл авагчид бүгд банкнаас зээл авч байгаа. Тэгвэл зөвхөн банкнаас зээл авах бус Хөрөнгө оруулалтын санд мөнгөө байршуулж, бас зээл авч болно. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөлд манай улсын санхүүгийн зах зээл дээр туйлын үгүйлэгдэж байгаа хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааг зохицуулах асуудлыг тусгасан. Энэ хууль батлагдсанаар иргэд зөвхөн арилжааны банкинд хадгаламж байршуулахаас гадна төрөөс нарийвчлан зохицуулсан хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан хувьцаа, Засгийн газрын бонд зэрэг өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд мэргэжлийн компанийн удирдлагаар хөрөнгө оруулах боломж бүрдэх юм. Ингэснээр Монгол Улсын санхүүгийн зах зээл нэг биш хоёр хөлтэй болон бэхжих суурь тавигдана. Үндэсний компаниуд хөрөнгө оруулалтаа банкны зээлээс бусад төрлөөр татах өргөн боломж нээгдэж байна.
-Хөрөнгө оруулалтын санд төрийн оролцоо ямар байх вэ?
-Хөрөнгө оруулалтын санд төрөөс шууд мөнгө хийхгүй.Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдын хөрөнгөө байршуулах асуудал юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ