Д.Ганхуяг: Олборлосон бүх алтыг Монголбанкинд тушаана

img

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр УИХ-ын даргад “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Дээрх хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуягаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Түгээмэл тархацтай ашигт малтмалыг яагаад орон нутагт шилжүүлж байна вэ?

-Түгээмэл тархацтай  ашигт малтмалын хувьд бүх эрх мэдэл орон нутагт шилжиж байгаа юм. Учир нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг улсаас ч, орон нутаг нь ч ашигладаггүй. Тиймээс  орон нутагт хайгуулын болон ашигт малтмалын лицензийг олгох эрх шилжиж байна.

-Олборлосон алтыг яагаад Монголбанкинд тушаахаар заасан бэ?

-“Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” хэрэгжиж эхэлснээр алтны худалдаа далд хэлбэрт орсон.  Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багасч, албан ёсны статистик мэдээллээр 2005 онд 24 тонн алт олборлож байсан нь жил дараалан буурч, 2012 онд зургаан тн болж дөрөв дахин буурсан. Мөн алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж,  Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн. “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд 77 тн алт олборлосон бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан байна.

Алтны дэлхийн зах зээлийн үнэ 2000 оноос хойш тасралтгүй өсч, 2000 онд нэг унц алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2012 онд 1800 ам доллар болж зургаа дахин өссөн.   Хууль батлагдан гарахтай холбогдуулан алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай байхаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг хамтад нь боловсруулсан.  Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, олборлосон алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулснаар нэгдсэн хяналтыг тогтоож, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжиж алтны худалдаанд зуучлагчдын хууль бус далд наймааг зогсоож, алтны олборлолт болон валютын нөөц нэмэгдэх юм. Ингэснээр Монгол Улсын хуримтлалын хэмжээ өсч, эдийн засгийн чадавхи, баталгаа сайжирна.

Хуулийн төсөлд алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх талаарх УИХ, Засгийн газар, Монголбанк, Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, алт олборлогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгсөн байгаа.  Алт олборлогчид олборлосон алтаа Монголбанкинд тушаана. Хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр торгох, бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцно.

-Урт нэртэй хуульд ямар өөрчлөлт оруулж байна вэ?

-“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” мөн түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2009 онд баталсан.

Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар уг хуулиар хориглосон талбайд хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг таван сарын хугацаанд багтаан цуцлах байсан боловч хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширснаас энэ заалт хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн. Засгийн газраас баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын хувьд цуцлах шийдвэр гарсан боловч нөхөх олговор олгох санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, экологийн хохирлыг дүйцүүлэн тооцох хуулийн зохицуулалтгүй зэрэг олон шалтгаанаас хуулийн хэрэгжилт биелээгүй байна.

Үүний дараа УИХ-ын сонгуулийн үеэр Засгийн газрын тогтоолоор  гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан. Эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 1336 тусгай зөвшөөрөл тоологдсон. Одоогоор хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 тусгай зөвшөөрлийг 827 аж ахуйн нэгж эзэмшиж байна. 909 хайгуулын, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдсон. Энэ нь одоо хүчинтэй байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувьтай тус тус тэнцэж байна. Гэвч энэ тогтоосон хилийн заагийн цэг солбицол алдаа мадаг ихтэй, зарим гол энэ хилийн заагт ороогүй, зарим цэг солбицол улсын хилийн гадна гарсан байсан. Алдааны дийлэнх хэсэг нь сумдын Засаг даргаас ирүүлсэн саналаар тогтоосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагт хамаарч байгаа. Учир нь орон нутгаас хилийн зааг тогтоохдоо шинжлэх ухааны үндэслэлгүйгээр, зэргэлдээх аймаг сумдтай уялдаа холбоогүйгээр тогтоосон байна.  Иймд дээрх хилийн заагт хамрагдаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс нөхөх олговрын санал ирүүлэх ажлыг одоогоор зохион байгуулаагүй байгаа хэдий ч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тодорхойлолтыг үндэслэн Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны геологи хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөг батлаагүй, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа.

Монгол улсын төсөвт уул уурхайн салбараас оруулах орлого буурсан нь урт нэртэй хуультай тодорхой хэмжээнд холбоотой байна. Тухайлбал уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурсны 6.6 орчим хувь нь энэ хуультай холбоотой гэсэн судалгаа гарсан. Мөн хуулиар хориглосон талбайд хамаарах алтны шороон ордуудын үйл ажиллагааг зогсоосноор алтны салбараас улсын төсөвт оруулдаг орлого 20 хувиар буурсан. Үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий алтны шороон ордын нөөцийн үлдэгдэл 27.4 тонн, үндсэн ордын нөөц 96.4 тонн, нийт 123.8 тонн байгаагаас хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулах магадлал бий болоод байна. Энэ бүх нөхцөл байдлыг дүгнэж үзээд хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь хууль батлагдан гарч, дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн ордыг ашиглаад нөхөн сэргээх баталгааг гаргах ба тодорхой шалгуурт тэнцэж байвал орон нутагтай хамтран гурвалсан гэрээ байгуулан, мэргэжлийн олон нийтийн хяналтын дор ажиллаж улмаар байгаль орчныг унаган төрхөнд нь оруулж хүлээлгэж өгөх юм.

-Валютын ханшийн өөрчлөлттэй холбогдуулан шатахууны үнэ нэмэгдэх үү?

-Манайх шатахуун импортолдог орон.  Санхүүгийн журмаар Монголбанктай Уул уурхайн яам гэрээ байгуулсан. Хоёр сарын хугацаанд ханшид өөрчлөлт орсон ч валютын ханшийн өөрчлөлтийг харилцан ашигтай зохицуулсан. Тийм учраас шатахуун үнэ энэ хугацаанд нэмэгдэхгүй.

 Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Gankhuyag Saidaa, Tand ingehed yamar etgeed zuvludug yum be? Gaihaad uchriig ni olohgui yum. Iim teneg yum yaj sanaachlaj chadaj bainaa.
2013-09-11
Gadfly:
Bayr batboldiin ved 2004 on oos hoish bagassan bvh alt anosniii vneheeer vnegvi teeverlegdeed alga bolson shvvdee
2013-09-11
qwertyi:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-10
medrel muut:
unendee barahgui um bnshdee chi. 1 um bolhoor l userch orj ireed samrah umaa. oron nutagt uuniig ugch bolohguishdee. chinii balag hezee duusnaaa. uur um sanaachlaad mungu tsohij boldoggui umuu
2013-09-10
Pee+:
Hezee shathuun uildverleh vee?
2013-09-10