М.Уранцэцэг: Хэтийн зорилго гэвэл 2016 оны олимпоос медаль хүртэх
Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин М.Уранцэцэг 48 кг-ийн жинд түрүүлж, Монгол улсын түүхэнд жүдогийн дэлхий аваргаас хоёр дахь алтан медалийг авчирсан билээ. Дашрамд хэлэхэд тэрээр жүдо, самбо, кураш гэх бөхийн гурван төрлийн дэлхийн аварга юм.
Тус тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдаа өнөөдөр Соёл спорт аялал жуучлалын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч уулзан, баяр хүргэсэн. Энэ үеэр түүнд, М.Уранцэцэг гэдэг хувь хүний тухай асуулт тавьж,цөөн хором хөөрөлдлөө.
.
-Аль нутагт төрж өссөн бэ. Багадаа ямар хүүхэд байв?
-Би Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж, өссөн. Одоо ч нутгаараа овоглож явдаг. Хоёр ах, нэг дүүтэй айлын дунд хүүхэд. Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Юм л бол хоёр ахтайгаа барилдаж ноцолдоод л гүйж явдаг. Энэ зан маань бөхийн спортоор хичээллэхэд нөлөөлсөн байх.
.
-Уранцэцэг ямар ааш араншинтай хүн бэ?
-Их тайван, нийтэч хүн гэж тодорхойлно доо. Бас шартай.
.
-Эмэгтэй хүн энэ спортоор хичээллэхийн хэцүү зүйл нь юу вэ?
-Ер нь хэцүү гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд сурчихсан болохоор хэцүү зүйл байхгүй. Шантарч байсан үе байсан ч зорьсондоо хүрэхийн тулд тууштай байсан. Өөрийхөө сонголтыг алдаа байж гэж хэзээ ч бодож үзээгүй.
.
-Тэгвэл сайн тал, сайхан мөч нь юу байдаг вэ?
- Тэмцээнд амжилттай оролцоод төрийн дууллаа эгшиглүүлэх мөч хамгийн сайхан байдаг.
.
-Тамирчид их завгүй байдаг. Таны хувьд нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Чөлөөт цаг гарахаар юу хийдэг вэ?
-Өглөө найман цагаас бэлтгэл эхлээд орой 16 цагт дуусдаг. Бэлтгэлээ Спортын төв ордонд, мөн тусгай клубт гээд өдөрт хоёр удаа хийдэг. Бэлтгэлээ тарж, гэртээ хариад л унтаад өгнө дөө /инээв/. Ер нь чөлөөт цаг бага гардаг. Гэсэн ч чөлөөт цаг гарвал ном унших дуртай бас өрсөлдөгч тамирчдынхаа нэрийг гаргаад л бичлэгийг нь үзэж судалгаа хийдэг.
.
-Ном унших дуртай гэлээ. Сүүлд ямар ном уншив?
-Би уран зохиолын ном унших дуртай. Одоо “Ану хатан” түүхэн романыг уншиж байгаа.
.
- Ер нь гоо сайханаа хэр анхаардаг вэ?
-Өө анхааралгүй яахав. Бэлтгэлийн чөлөө заваараа амжуулаад гоо сайхны салонд ордог. “Channel” брэндийн үнэртэй ус түрхдэг. Бас үнэртэй ус цуглуулах дуртай, бяцхан цуглуулгатай.
.
-Хүсэл мөрөөдлийнхөө болоод цаашдын зорилгынхоо тухай?
-Олимп, дэлхийн аварга болохыг хүсдэг. Сая нэгээхэн хэсгийг нь биелүүллээ. Амжилт ахих тусам л хүсэл мөрөөдөл баяжих юм даа. Өнгөрөгч хавар Хууль сахиулахын их сургуулийг төгссөн. Дахин сурч мэргэжлээ дээшлүүлэх, бүр чадваржих төлөвлөгөөтэй байна. Мөн гаргасан амжилтаа бататгаж, дараагийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцох зорилго тавьж байгаа. Хэтийн зорилго гэвэл 2016 оны олимпийн наадмаас медаль хүртэх байна даа.
.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ