Б.Түвшинтөгс: Зөрчлөө арилгаж чадаагүй барилгуудыг ус, дулаанаар хангахгүй
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ХМОНХХ-ийн дарга Б.Түвшинтөгсөөс барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах тухай гаргасан нийслэлийн Засаг даргын захирамж болон зөрчилтэй барилгуудын ус, дулаан хангамж, техникийн нөхцөлийн талаар тодрууллаа.
6
-Барилгуудад илэрсэн зөрчлийг хэрхэн арилгуулах гэж байна вэ?
-Нийслэлийн Засаг дарга энэ сарын 10-ны өдөр барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах тухай А/853 тоот захирамж гаргасан. Хэрэв аравдугаар сарын 01-ний дотор зөрчлөө арилгахгүй бол ус, дулаан, цахилгаанаар хангахгүй. УСУГ, Улаанбаатар цахилгаан болон дулаан түгээх сүлжээ компаниудын удирдлагуудад ийм үүрэг өгсөн байгаа. Хэрэв энэ хугацаанд зөрчлөө арилгаж чадахгүй бол иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор олон нийтэд зарлана. Мөн банк санхүүгийн байгууллагат хандан мэдээлэл өгнө. Зөрчилтэй барилга барьцаалан зээлд хамрагдаж болзошгүй учир.
6
-Ус, дулаанаа хулгайгаар авах тохиолдол байдаг. Үүнд хангалттай хяналт тавьж чадах уу?
-Тийм. Ус, дулааны ямар нэгэн албан тушаалын хүнтэй хувираа тохироод авсан тохиолдол байдаг. Энэ удаад тийм тохиолдол гарахгүй байх. Дүрэм зөрчсөн тухайн албан тушаалтад хариуцлага тооцох зарчим бий болсон байгаа.
6
-Зөрчилтэй нийт хэдэн барилга байгаа вэ, нэрлэвэл?
-Ерөнхий төлөвлөгөөний болон барилгын эскиз зураг нь батлагдаагүй зэрэг зөрчилтэй нийт 74 барилга шалгалтаар тогтоогдчихсон байна. Одоохондоо хугацаа өгчихөөд байгаа болохоор жагсаалтыг нэрлэх боломжгүй. Харин товлосон хугацаа дуусахад зөрчлөө арилгаж чадаагүй барилгуудыг олон нийтэд зарлана.
6
-Ямар шалтгааны улмаас барилгууд зөвшөөрлөө бүрэн гүйцэт аваагүй байж, барилгын ажлаа эхлүүлээд байна вэ. Хуулийн хүрээнд ямар хугацаанд авах ёстой байдаг юм бол?
-Барилга барина гэдэг бол маш хариуцлагатай ажил. Тиймээс барилга барих гэж байгаа иргэн, аж ахуй нэгж хуулийн хүрээнд бүх бичиг баримтаа бүрдүүлээд зөвшөөрлөө авах ёстой. Гэтэл ингээгүйгээс болж нэгдүгээрт иргэд хохирч байна. Нөгөө талаар бид асуудлын голыг барилгын компаниуд руу чиглүүлэхээсээ өмнө зөвшөөрөл өгдөг газруудад дүгнэлт хийж үзсэн. Үүний үндсэн дээр шаардлагатай шинэчлэл хийсэн. Тухайлбал, өмнө нь нийслэлээс барилгын зөвшөөрөл авахын тулд 230-240 хоногийн явдал болдог байсан. Үүнийг шинэчлээд 30 хоногийн дотор олгодог болголоо. Энэ нь барилгын зөвшөөрөл хүсэгчийн хөөцөлдөх ажлыг хялбарчилж өгч байгаа юм. Мөн нийслэл дээр 16 давхраас дээш барилгын зөвшөөрөл олгох эрхгүй байдаг.
6
-Дээрх зөрчилтэй барилгын тоонд газрын зөвшөөрөлтэй боловч барилгын зөвшөөрөл аваагүй барилгууд орж байгаа юу?
-Орж байгаа. Ер нь шалгалтаар ямар нэгэн зөрчил илэрсэн бүх барилга багтсан. Өмнө нь газрын зөвшөөрлөө авч барилгаа барьчихаад, дараа нь барилгын зөвшөөрлөө авдаг байсан энэ мэт зүйлийг байхгүй болгохоор ажиллаж байгаа.
6
-Тэнгисийн хажуу талын барилга зөвшөөрөлгүй гэгдэх боловч баригдаж байна. Энэ талаар?
-Тус барилга хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс хүний амь хохирсон. Тэр харамсалтай явдалын дараа барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байсан. Гэтэл саяхан иргэдээс барилгын ажил явагдаж байна гэсэн гомдол ирсний дагуу тодруулж үзсэн. Тухайн барилга анх нийслэлээс зөвшөөрөл аваад баригдаж байсан юм байна лээ. Харин одоо бол барилга үргэлжлүүлэх зөвшөөрөлийг барилгын яамнаас аваад үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 16-аас дээш давхар барилга барих зөвшөөрлийг Барилгын яамнаас өгдөг. Тэд 22 давхар барилга барихаар төлөвлөөд яамнаас зөвшөөрөл авсан байсан. Үүний тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад БХБЯамнаас зөвшөөрөл олгосон учир бид хяналт тавих боломжгүй гэсэн хариу өгсөн.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ