
Сүүлийн үед эрчээ аваад буй валютын ханшийн хэлбэлзэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаатай холбоотойгоор Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхийг шаардлаа. УИХ-ын ээлжит бус чуулганд хандаж хүргүүлсэн мэдэгдлийнхээ хариуг энэ сарын 15-ны дотор, Засгийн газарт тавьсан шаардлагын хариуг 20-нд авах аж. Түүнчлэн маргааш Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбайд 12-14 цагийн хооронд тайван цуглааныг зохион байгуулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэн ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг, Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар нар олон нийтэд мэдээлсэн юм.
МҮЭХ-оос эдийн засаг хүндрэлтэй байгаа ч цалин тэтгэвэрийг 40 орчим хувиар нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг өнөөдрийн үнийн өсөлтийн хүндрэлээс хамгаалах ёстой гэж үзжээ. Иймээс тус холбоо Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн ширээнд сууж, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг ойрын хугацаанд шийдэхийг хүслээ. Мөн Засгийн газарт хүргүүлсэн шаардлагадаа үнийн зохиомол өсөлтийг хязгаарлах үүднээс Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, Оюутолгой төслийн өнөөгийн маргаантай асуудлыг нэн даруй шийдэх гэх мэтчилэн тулгамдаж буй олон асуудлыг багтаажээ.
Харин УИХ-ыг нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж, хөдөлмөрчдийн амьжиргаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газарт үүрэг өгч ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. Тухайлбал валютын ханшийг тогтвортой болгоход УИХ Монголбанктай хамтран дорвитой бодлого хэрэгжүүлэх, яам агентлагийн бүтэц зохион байгуулалтын оновчтой болгож, сайд дарга нарын орон тоог цөөрүүлэхийг дээрх мэдэгдэлдээ тусгажээ. Түүнчлэн уул уурхайн төсөл хэрэгжүүлэхдээ нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийлгэж байхыг УИХ-д хүргүүлсэн мэдэгдэлдээ тусгасан байв. Ингэснээр энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг баталгаажуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах гэх мэт нийгмийн хамгааллын асуудлыг нь орхигдуулахгүй байх боломж бүрдэх аж.
Х.Амгаланбаатар: Цалин нэмэгдвэл юмны үнэ өснө гэсэн айдастайгаар ядуу амьдарч болохгүй
Хэвлэлийн бага хурлын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэх боломж манайд хэр байгаа юм бол?
-Ерөнхий сайд хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг 30 минутын уулзалтын үеэрээ улс орны эдийн засаг хямралын байдалд ороогүй, удахгүй эдийн засагт нааштай, өөдрөг үзүүлэлтүүд гарна гэж хэлсэн. Өнөөгийн нөхцөлд үнэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсчихөөд байгаа тул бид цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ярилцахыг МҮЭХ-оос Засгийн газар, ажил олгогч нарыг хэлэлцээрийн ширээнд урьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар цалинг 40-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх бодит шаардлага байгаа. Хэлэлцээрийн шатанд 40 хувь нэмэгдэж ч болно, буурч ч болно.
-Төсөв жилийн эцсээр 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарах төлөвтэй байгаа. Тэгэхээр хэдий цалин нэмэх шаардлага байгаа ч төсөвт ийм боломж байх уу. Энэ талаар судласан уу?
-Бүрэн боломжтой. Оны эцсээр улс орны нийгэм, эдийн засгийн өсөлт 11.4 хувьтай гарна гэж тодорхойлсон байна билээ. Тэгэхээр 11.4 хувийн эдийн засгийн өсөлт нь цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхэд хангалттай үзүүлэлт.
-Цалин нэмэхээр манайд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг гаж тогтолцоо бий. Тэгвэл өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байгаа энэ үед цалинг нэмэхээр болвол энэ нь ахиад өсөх юм биш биз?
-Цалин өсөөгүй байхад л сая зарим бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 10-30 орчим хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх нь бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнийн өсөлттэй холбоогүй гэдэг нь эндээс харагдаж байна.
Эдийн засгийн онолоор цалин хөлс, бодит худалдан авах чадвар нэмэгдвэл бараа үйлчилгээний үнэ тэр хэмжээгээр буурдаг. Харин сүүлийн 20 гаруй жил манай улсын эдийн засаг үүний эсрэг явж ирсэнийг зоригтойгоор халах ёстой. Өнөөдөр цалин, тэтгэвэр нэмэгдэнгүүт дагаад инфляци өснө гэсэн айдсаас болж бид ядуу амьдарч болохгүй. Төр нь ч үүнээс болж иргэдийнхээ цалин тэтгэмжийг уяж болохгүй. Үүнийг би МҮЭХ-ны ерөнхийлөгчийнхөө хувьд хариуцлагатайгаар хэлэх ёстой гэж бодож байна.
-Энэ тогтолцоог яаж зогсоох вэ?
-Үүнийг төрийн холбогдох байгууллагууд зогсоох ёстой. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагууд энэ тал дээр хүчтэй ажиллах ёстой. Хэрвээ зохиомлоор нэмэгдэж байгаа бол үүнд хариуцлага тооцох ёстой. Энэ талаар бид “Үнэ бүрдэлтийн тухай” хуулийг намрын чуулганаар хурдан батлахыг УИХ-д хүргүүлсэн мэдэгдэлд тусгасан байгаа. “Үнэ бүрдэлтийн тухай” хуулийг бий болговол зах зээлд ямар зарчмыг харгалзан үнэ тогтоох вэ гэдгийг зохицуулах болно. Олон улс орон хэрвээ зах зээлд хууль бусаар үнэ тогтвол “Үнэ бүрдэлтийн тухай” хуулиараа хариуцлага тооцдог.
-"Оюутолгой" ХХК-ийн халагдсан ажилчдын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Оюутолгойн асуудлаар өчигдөр тус компанийн удирдлагын албан тоот ирсэн. Тус компанитай албан ёсны хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг 63 хүний асуудлыг хэрхэн шийдэх талаараа Оюутолгой болон тус компанийн ҮЭ-ийн хорооны хэлэлцээр эхэлсэн. Халагдсан хүмүүсийн заримыг өөр салбар нэгжүүдэд ажиллуулж байгаа бол үлдсэн хэсгийнх нь асуудлыг хэлэлцээрийн хүрээнд шийднэ гэсэн хариу өгсөн. Харин туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдын асуудлыг Засгийн газар, Ерөнхий сайдын түвшинд шийднэ гэдэг тодорхой хариултыг өгсөн.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ