Эдийн засаг хямраагүй гэв
Эдийн засгийн бодит өсөлт АНУ-ын хувьд 2.5 хувь, Европын бүсийн хувьд 0.4 хувь, ОХУ-д 1.4 хувь, Хятад улсад 7.6 хувийн тус тус өсөлттэй байгаа урьдчилсан дүнгээ зарлалаа. Харин манай орны эдийн засаг эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 11.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо/ҮСХ/-оос мэдээлсэн юм.
6
Эдийн засаг өсөхөд бодит салбарууд нөлөөлжээ
Эдийн засгийн дээрх өсөлтөд бодит эдийн засгийн салбарууд болох хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилгын салбар болон үйлчилгээний зарим салбаруудын өсөлт ихээр нөлөөлжээ. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарын хувьд дээрх өсөлтийн 3 нэгж буюу 26.0 хувийг хангажээ. Учир нь, манай улсын мал сүргийн тоо энэ онд өмнөх оныхоос 5 сая орчим толгойгоор нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ. Тодруулбал энэ онд бойжуулсан төлийн тоо нэг сая орчмоор илүү байгаа бол том малын хорогдлын хэмжээ өмнөх оны түвшинд байгаа нь мал аж ахуйн салбарын өсөлтөд нөлөөлсөн байна. Түүнчлэн газар тариалангийн салбарт өмнөх онуудын адил арвин ургац авах боломжтой тооцоо гарчээ.
Аж үйлдвэрийн салбарын тухайд уул уурхайн салбарын нүүрснээс бусад алт, зэсийн баяжмал, цайрын баяжмал, газрын тосны олборлолт өссөн дүнтэй байна. Барилгын салбарын хувьд энэ оны эхнээс зам, барилга, орон сууцны чиглэлээр олон тооны хөтөлбөрүүд хэрэгжсэний үр дүнд барилга угсралтын ажил эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн аж.
6
ДНБ 3.8 хувийн өсөлттэй гарав
Эдийн засгийн төлөв байдлыг харуулдаг чухал үзүүлэлт нь улирлын нөлөөллийг арилгасан ДНБ-ний өөрчлөлт юм. Тухайн улс орон эдийн засгийн хямралтай байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог учраас илүү ач холбогдолтойд тооцогддог. Өөрөөр хэлбэл ДНБ 2 улирлын гүйцэтгэл дараалан сөрөг дүнтэй гарвал эдийн засгийн хямралд орлоо гэж үздэг улс орнуудын нийтлэг практик байдаг байна. Жишээ нь БНХАУ урьдчилсан тооцоогоор улирлын гүйцэтгэл нь 2.0, 1.6, дунджаар 1.7 хувьтай байгаа бол ОХУ-ын хувьд энэ үзүүлэлт 0.5 болон -0.2, дунджаар 0.3 хувьтай гарчээ. Манай улсын хувьд ДНБ 3.3, 1.9, дунджаар 3.8 хувийн өсөлттэй гарсан байна. Үүнээс дүгнэж үзвэл, манай улсын эдийн засагт хямрал үүссэн гэж үзэх үндэслэл байхгүй болохыг ҮСХ-оос гаргасан мэдээлэл харуулжээ.
6
Инфляци нэмэгдэхэд оюутны сургалтын төлбөр нөлөөлжээ
Энэ оны 8 дугаар сард бараа, үйлчилгээний үнэ ханш өмнөх сарынхаас 1.7 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 6.7 хувь, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.4 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ. Инфляци өссөн шалтгаан нь 8 дугаар сарын хувьд өмнөх саруудтай харьцуулахад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой аж. Гэхдээ үүнд сургалтын төлбөр дунджаар 27.0 хувиар нэмэгдсэн нь хамгийн ихээр нөлөөлжээ. Түүнчлэн зөвхөн Улаанбаатар хотод гэхэд иж бүрдэл гэр, орон сууцны түрээсийн төлбөр, оюутны байрны төлбөр, нэг кв цахилгааны тариф, нэг шуудай түлшний мод, нүүрсний үнэ, цайны газрын хоолны үнэ зэрэг бараа, үйлчилгээний үнэ 3.0 аас 17.0 хувиар өссөн нь ийнхүү инфляцийг нэмэгдүүлсэн байна.
Гэхдээ ҮСХ-оос гаргасан мэдээллээр энэ оны 8 дугаар сарын байдлаар инфляцийн түвшин өмнөх оны түвшинтэй харьцуулахад саарсан аж. Өмнөх оны 8 дугаар сард жилийн эцсийнхтэй харьцсан инфляцийн түвшин 11.1 хувь, 2011 онтой харьцуулсан инфляцийн түвшин 14.9 хувь байжээ. Харин энэ жилийн 8 дугаар сард дээрх үзүүлэлт 4.4-5.5 пунктээр доогуур багаа аж.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ