Эдийн засаг ХЯМАРСАН уу ҮГҮЙ юу

.
Газар тариалан ч хувьд ч өсөлтийн үзүүлэлттэй гарч байна. Энэ жил 430 гаруй мянган тонн үр тариа авах гэнэ. Дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэсэн үг. Гол нь жаахан зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хангадаг том салбар яах аргагүй газар тариалан, мал аж ахуй шүү дээ. Эднийгээ л жаахан дэмжмээр байгаа юм.
.
Уул уурхай бол нөхөн сэргээгддэггүй баялаг. Харин газар тариалан, мал аж ахуй бол нөхөн сэргээгддэг мөнхийн эдийн засгийн хөдөлгүүр. Жаахан хөрөнгө хуваарилахад л хөл дээрээ босоод ашгаа өгч байгааг харахад нэг их алдаатай бодлого биш болов уу гэж харагдаад байгаа юм. Уул уурхай унаад байгаа нь нүүрс, зэсийн баяжмалын экспорттой холбоотой ч эсрэгээрээ алт, зэс, цайрын баяжмал, газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеэсээ хавьгүй нэмэгдсэн үзүүлэлт харагдаж байна.
.
Бид орлого олж нэг хэсэгтээ мөнгөндөө цатгалдсан. Халсан эдийн засаг хөрөхөөр мэдээж асуудал үүснэ. Гэхдээ ажилгүйчүүдийн тоо 13 хувиар буурсан нь тун чухал ололт шүү. Дээр нь өрхийн орлого нэмэгдсэн эерэг хандлагыг статистикийг уншихад харагдана. Хямрал гээд асуудлыг хурцатгах биш шийдэхэд нөлөөгөө үзүүлдэг байх учиртай. Эдийн засаг үнэхээр нүүрлээд байгаа юм уу гэдэг асуудал ч өөрөө араасаа ҮНЭХЭЭР үү гэсэн асуултыг дагалдуулна. Ажлын байрны тоо эрс буурч хүмүүс өдөрт хэдэн мянгаараа гудамжинд гарцгаасан уу.
.
ҮГҮЙ. Харин ч эсрэгээр ажилгүйдэл 13 хувиар буурчихаад байна. Хямралаар гадаад валютын ханш хэдхэн хувиар өсөхийг арай ч хэлдэггүй юм билээ. Хүмүүс ажил хийе ч гээд аль ч фронтод ажлын байргүй болж бүр дарга даамлууд сандлаасаа өөр өмчгүй болохыг л хэлдэг гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Хүмүүс ажлын байртай байгаа нөхцөлд валютын ханш хэсэг хэлбэлзэх нь хүчтэй нөлөө үзүүлдэггүй түр зуурын л үзэгдэл.
.
Өнөөдөр буцаад л буурч байна. Хэсэг дэвхцээд эдийн засгийн үзүүлэлтүүд хэвэндээ ороод ирэхээр дагаад л буурч байгаа юм шүү дээ. Үнэндээ 2009 онд ам.доллар хэд хүрч байсныг одоо санах хүн байгаа болов уу? Бензин шатахууныг талоноор өгөхдөө тулж л байсан. Тэр жил харин ёстой бодит утгаараа 70 000 хүн ажилгүй болж байсныг Үндэсний стаистикийн хорооны тэр үеийн мэдээнээс бэлээхэн харж болно.
.
Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын Hэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841 мянга 192 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар нэмэгдэж өрхийн өрхийн зарлага нийт орлогын 91 хувийг эзэлж байна. Өрхийн орлогын 50 орчим хувийг бүрдүүлдэг өрхийн гишүүдийн цалин хөлсний дундаж энэ оны хоёрдугаар улиралд 14 хувиар, харин хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 60 гаруй хувиар нэмэгдсэн байх юм.
.
Эдийн засаг хямарчихаагүй дүр төрх харагдаж байна. Мэдээж хөрөлтийн шинж тэмдэг байгаа л даа. Тэр болгон халалт үзээгүй эдийн засаг гэнэт их наядаар тоологдох мөнгөнд уутаа багтаамгүй халах нь тодорхой. Ингээд эдийн засаг дасан зохицоно. Банк санхүүгийн орчин ч үүнийгээ дагаад илүү өргөн далайцтай болно. Зуны турш өрнөсөн үйл явцын тайлал өнөөдөр ингээд тайлагдаж байна. Эдийн засгийн халалт басхүү хөрөлт гэж юу байдгийг харлаа. Муу амлаад яахав одоо эргээд л сэргэнэ. Сүсэг бишрэл амны бэлгээр ярьж байгаа юм биш бодит эдийн засгийн бодит дүгнэлт энэ л байна.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ