Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас хүчирхийлэл буурахгүй байна
Жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдсээр байгааг хэрхэн зогсоох вэ? Хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд хүүхэд өртдөг. Архидалт, ядуурал, ажилгүйдэл, нийгмийн байдал нь энэ бүхний үндэс болдог аж. Хүчирхийллийг хэрхэн зогсоох вэ. Энэ талаар Хүчирхийллийн эсрэг төвийн хөтөлбөрийн менежер М.Мөнхсаруулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүчирхийлэл яагаад буурахгүй байна вэ?
-Хүчирхийлэл жилээс жилд нэмэгдэж байна. Хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх хууль тогтоомж олноор батлагдаж байгаа ч энэ нь зөвхөн цаасан дээр бууснаас бус амьдралд хэрэгжихгүй байна. Нөгөө талаас хуулийг сурталчилснаас хүчирхийлэлд өртөөд байгаа иргэд хаана, хэрхэн хандахаа мэдсэн учраас хандалтын тоо нэмэгдэж байгаа. Гэвч энэ бүхэн нь хангалттай хэмжээнд биш юм. Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн жендэрийн байдлыг авч үзэхэд эмэгтэйчүүд хүүхдүүд байгаа. Гэвч нөгөө өнцгөөс нь харахад эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртдөг ч тэд хуулийн байгууллагад хандах нь ховор байдаг. Учир нь эрэгтэйчүүдийг уламжлалт зан, төлөвшил нь чангаадаг. Эрэгтэй хүн хүчтэй, чадалтай байх ёстой гэсэн уламжлалт хандлага нь хуулийн байгууллагад хандахчихвал сул, дорой мэт харагдуулна гэж тэд үздэг. Хууль эрхзүйн орчны хувьд манай улс хүчирхийллийн эсрэг олон хууль баталсан. Гэтэл хэрэгжилт нь хангалтгүй учир хүчирхийлэл буурахгүй байна. Хуулиа хэрэгжүүлэх ур чадвар, нөөц боломж нь тухайн салбарууддаа байхгүй байна. Хүчирхийлэл гарсан тохиолдолд зөвхөн цагаадаад л хандаж байна. Тухайлбал, эрх хязгаарлах арга хэмжээ гэж Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуульд заасан байгаа. Шүүхээр эрхийг нь хязгаарласан тохиолдолд хэн хяналт тавих вэ, ямар хариуцлага тооцох вэ гэдэг зохицуулалт нь ерөөсөө тусгагдаагүй. Тиймээс хууль батлаад байгаагаас бус салбар хоорондын зохицуулалтыг тусгаж өгөөгүй. Иймээс зохицуулалт зааж өгөөгүй учир хохирогчдоо хамгаалах алхмыг бид хийж чадахгүй байна. Энэ бүхэн байхгүй учир хүчирхийлэл буурахгүй байна.
-Хүчирхийллийн эсрэг төвийнхэн хохирогчдод сэтгэлзүйн туслалцаа үзүүлэхээс гадна гэр бүлээ хүчирхийлээд байгаа этгээдэд ямар нэг байдлаар хандаж, гэр бүлээ дарамтлахгүй байх зөвлөгөө өгдөг үү?
-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд хүчирхийлэл үйлдэгч эрчүүдийн сөрөг зан үйлийг өөрчлөх, албадан сургалтад хамруулах заалт журмыг Засгийн газраас баталсан. Гэвч тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжилтэн нь бэлтгэгдээгүй. Залуу хосууд ч гэсэн хоёр биенийхээ харилцаанд үл ойлголцол үүслээ, зөвлөгөө өгөөч гэж ирдэг. Гэтэл манайд бэлтгэгдсэн мэргэжилтэн байхгүй байна. Хүчирхийлэл гарсан тохиолдолд зөвхөн хохирогчийг хамгаалаад зогсохгүй хүчирхийлэл үйлдэгч эрчүүдтэй ч давхар ажиллах шаардлагатай. Аль аль төвшинтэй нь ажиллаж байж илүү үр дүнтэй болно гэж олон улсын хэмжээнд үздэг.
-Сэтгэлзүйчдийг бэлтгэх тал дээр танай төв ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Сэтгэлзүйч гэдэг мэргэжил аливаа нийгэмд их хувь нэмэр оруулж байдаг. Монгол Улсын хувьд Европын орнуудтай харьцуулахад өргөн хүрээнд хөгжөөгүй. Сүүлийн үед энэ мэргэжил хөгжиж байгаа боловч тодорхой хүрээг л хамарч байна. Манайхны хувьд ямар нэг зүйлд сэтгэлээр унахаараа сэтгэлзүйн төвд хандахаас илүүтэй хамгийн ойрын найз нөхөд рүүгээ л ханддаг. Түүнээс бус хөндлөнгийн хүн дээр очоод асуудлаад дэлгээд байхгүй. Зан төлвийн хувьд нээлттэй биш. Дээр нь одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгэлзүйн төвүүд үнэ төлбөртэй. Европын орнуудын хувьд сэтгэлзүйчид хандаад сурчихдаг. Тэд мөнгөө төлөөд сэтгэлзүйн зөвлөгөө авдаг. Энэ нь тэдний соёл. Манай төвийн хувьд сэтгэлзүйн зөвлөгөөг үзүүлдэг. Сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлэх нь нэг удаагийнх байдаггүй. Ямар нэг урт, богино хугацаа шаарддаг. Гэр бүлийн, хүүхдэд зориулсан урлагийн сэтгэл засалч гэж байна. Сэтгэл засал нь өөд өөдөөсөө харж суугаад хоёр хүн ярих тухай ойлголт бус. Янз бүрийн арга байна. Үр нөлөө нь ч өндөр юм.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ