
“Номын цагаан өргөө” ТББ буюу бидний сайн мэдэх Арслантай гүүрийн хуучин номын худалдаачид өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Тэдний үйл ажиллагаа явуулж буй барилгыг буулгахаар 10 гаруй хоногийн өмнөөс Нийслэлийн өмчийн газраас шаардаж эхэлсэн байна. Тэр хэсэгт 0,7 км зам барих бөгөөд тэдний үйл ажиллагаа явуулж буй хэсэг газрыг автомашины зогсоолын зориулалтаар ашиглана гэсэн тухай түрээслэгчид ярьж байлаа.
Энэхүү номын худалдааны хэсэг нь Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт хамрагддаг бөгөөд нийт 40 гаруй хүн худалдаа эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байна. Тэдний 70-80 хувь нь эмэгтэйчүүд ба өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэнэ. “Номын цагаан өргөө” ТББ-ын тэргүүн Н.Дугармаа “Урьд нь өвөл зунгүй гадаа зогсоод номоо зарахад маш хүндрэлтэй байдаг байсан. Харин одоо үйл ажиллагаа явуулж буй энэ барилгыг барьж ороод дөнгөж таван жил болж байна. Гэтэл нэг зүйл бүтээх байгуулах гэж олон хүний ажлын байрыг үгүй хийж байгааг эсэргүүцэж байна. Гэхдээ бидэнд энэ хавьдаа /Багшийн дээдийн ойролцоо/ үйл ажиллагаа явуулах боломжтой газар гаргаж өгвөл одоо байгаа газраа чөлөөлөхөд бэлэн байна. Харин газар гаргаж өгч байгаа нэртэй хотын зах руу нүүлгэх гэвэл бид зөвшөөрөхгүй” гэлээ.
Оюутан сурагчид ном, сурах бичгээ авдаг, ид орлого ихтэй цагаар үйл ажиллагааг нь зогсоож буйд номын худалдаачид дургүйцэж байгаагаа илэрхийлж байсан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ