Эрч нэмэгдэх болтугай

.
Айлчлал цаг хугацааны хувьд Токио хот 2020 оны зуны олимпийг явуулах эрхийг авсны дараахан болсон юм. Олимп зохион байгуулах эрхийг авсанд манай Ерөнхий сайд албан болон албан бус уулзсан бүхий л хүмүүст баяр хүргэж байлаа. Олимпийн эрхийг авсныхаа дөнгөж дараахан Япон улсын ерөнхий сайд Абэ “Дахин сэргэн боссон Япон улсыг дэлхий нийтэд харуулах нь бидэнд энэ боломжийг олгосон бүхий л хүмүүст талархлаа илэрхийлэх хамгийн зөв арга” гэж хэлсэн юм. Ш.Абэ өнгөрсөн 3 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа хоёр орны эдийг засгийг хөгжүүлэх “Эрч” санаачилгыг дэвшүүлсэн юм. Олимп буюу спортоор дамжуулан Японы эрч нэмэгдэх төлөвтэй нь анзаарагдаж байлаа.
.
Япон-Монгол хоёр улс найрсаг хамтын ажиллагаатай бөгөөд үүнийг улс төр, дипломат харилцаанд ”стратегийн түншлэл” гэдэг. Хялбарчилж хэлбэл бүхий л салбар, талбарт хоёр тал харилцан бие биенээ хүндэтгэсэн, нөхсөн харилцааг бий болгоно гэсэн үг. Айлчлалын үеэр ”Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа. Үүгээр 2017 он хүртэл хийх ажлуудаа тохирилцсон юм.
.
Бид өнгөрсөн жил дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ер нь манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойших 40 жилийн түүхийг 20 ба 20 жилээр хувааж үзэж болох юм. Эхний хорин жилд улс төрийн тогтолцоо өөр хэдий ч соёлын харилцааг голлон эхлүүлж, харилцааны хэвийн уур амьсгалыг бүрдүүлж чадсан бол 1990 оноос хойш Монгол улс ардчилал, зах зээлийн замыг сонгон олон талт бие даасан гадаад бодлогыг явуулж эхэлсэнтэй зэрэгцээд эдийн засгийн хамтын ажиллагаа голлох болжээ. Шинэ зам дээр гарч ирсэн Монгол Улсад тулгарсан сорилт бэрхшээлүүдийг даван туулахад Японы Засгийн газар, ард түмэн буцалтгүй тусламж, зээл, техникийн хамтын ажиллагаануудаар дэмжиж ирсэн билээ. Олон жишээний захаас дурдахад л ДЦС, нийтийн тээвэр, нүүрсний уурхайнууд гэх мэт уртхан жагсаалт гарна.
.
Хагас жилийн дотор Засгийн газрын тэргүүнүүд харилцан айлчилж буй нь харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц болно. Хоёр улс хүний эрх, чөлөөт зах зээлийн эдийн засаг, энх тайванч үзэл зэрэг нийтлэг үнэт зүйлстэй. Эрх баригч Либерал Ардчилсан Намын төв байранд Монгол улсын Ерөнхий сайдыг урьж лекц уншуулахад олон хүн цуглав. Ойролцоох метроны буудлаас эхлэн лекц сонсохоор ирж буй хүмүүсийн урт дараалал үүссэн байсан нь манай орны талаарх сонирхол буураагүй байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн.
.
Энэ удаагийн айлчлалаар олон хүн мөнгө олж ирэхээр явлаа гэсэн ташаа ойлголттой байх шиг санагдлаа. Энэ айлчлалын үеэр Монгол улсын Хөгжлийн банк, ЯпоныJBIC буюу ОУХАБанк хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашид энэ онд багтаан Японы зах зээл дээрээс “самүрай бонд” гаргахаар зорьж буй бөгөөд үүнд JBIC баталгаа гаргах аж. /“самүрай бонд” гэдэг нь Японы зах дээрээс босгодог иений бондын ерөнхий нэр/ Хэмжээ одоогоор тодорхой бус бөгөөд ойролцоогоор 100 тэрбум иен болох болов уу гэсэн хүлээлт буйг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.
.
Японы томоохон компаниудын удирдлагууд Ерөнхий сайдад бараалхсан бөгөөд тэдний нэгэн төлөөлөл бидэнд “Япон улсаас Монгол Улсад хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүс олон бий. Япон Монгол хоёр улсын худалдаа,хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдан, хөрөнгө оруулалтын орчин улам сайжраасай гэж хүсч байгаа.Энэ хуулиар гадаадын компаниуд,дотоодын компаниуд ялгаагүй тэгш боломжуудтай болоосой гэж Монголын Засгийн газраас хүсч байна” хэмээн ярьсан юм. Нийтлэг нэг асуулт байдаг нь Таван Толгойн нүүрсний ордын ашиглалтад Японы компаниудын оролцоо,боломжийн тухай. “Таван Толгойн дэд бүтцийн төслүүдэд оролцох нь нээлттэй” гэсэн манай талын хариулт ойлгомж муутай байв уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Өөрөөр хэлбэл ТТ-н /нүүрсний олборлолтын/ тендер явагдаад дуусчихсан юм уу гэж бие биенээсээ гайхан асуух аж.
Цаашдын харилцааны арав, хорин жилд бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагаа илүү хөгжинө хэмээн аль аль тал найдаж байна.
.
2004 оноос хойш харилцан ярилцаж буй “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулахаар яриа хэлэлцээ хийгдэж байгаа бөгөөд 2014 онд багтаахаар зорьж байна. “И Пи Эй” буюу эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар харилцан бараа бүтээгдэхүүндээ татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна иргэд хооронд зорчих явдлыг хялбарчлах, хөрөнгө оруулалт, оюуны өмчийг хамгаалах зэрэг өргөн ач холбогдолтой юм.
.
Япон мэт “иж бүрэн түншлэл”, ”стратегийн түншлэл” бүхий томоохон гүрнүүдийг бид гуравдагч хөршөө гэдэг. Монголын гадаад харилцаа Орос, Хятад зэрэг мөнхийн хөршүүдээ оролцуулаад адаглаад адил тэнцүү талтай “гурвалжин” болж тэнцвэржээд, алс хэтдээ гурав дахь хөршүүдийн маань тал илүү том, илүү ойрхон баймаар санагдана. Эрч нэмэгдэх болтугай.
.
У.Молом
Эх сурвалж: time.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ