
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт хэлэлцэж байсан Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн уг төсөл нь УИХ-ын гишүүдийн дунд нэлээд маргаан үүсгээд байгаа билээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан эхлээд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, гаднын компанид худалдах хувьцааны асуудлыг тодруулав. Үүнд тогтоолын төсөл санаачлагч Я.Батсуурь хариулахдаа, нэрлэсэн үнээр нь дотоодын аж ахуйн нэгжид өгнө гэсэн төсөл явж байгаа, гадаадын компанийн хувьд ийм асуудал байхгүй гэв. Хууль зүйн байнгын хорооны дарга, төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Одбаяр ч мөн тийм утгатай хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, ард иргэдэд хувьцааны хувийг үнэ төлбөргүй өгнө гэж эхлээд ойлгосон байсан. Гэтэл дахиад үнэ төлбөргүй 10 хувийг өгөх болсон нь буруу юм байна гэж хэлэх гээд байна. Тодорхой нэрлэсэн үнээр ард иргэдэд ч тэр, аж ахуйн нэгжид ч тэр өгвөл ямар вэ. Тэгэхгүй бол одоо энэ өгч байгаа 21,0-ыг хар. Нөгөөтэйгүүр хувьцааг тодорхой хугацааны дараа зарах эрхийг нь хийж өгөхгүй бол нэг нөхөр архинд тавиад л туучих байх гэлээ.
З.Энхболд гишүүн хэлэхдээ, хийх ажил их байгаа. Гэтэл 39 дүгээр тогтоолыг явж явж ингэж ярилцаж байгаад харамсч байна. Хамтарсан Засгийн газар уг нь энэ том төсөл дээрээ сайтар ажиллах байсан юм гэв.
Ж.Батсуурь гишүүн, иргэдэд шууд 10 хувийг зүгээр нэмж өгснөөс аль болох ашигтай, үр дүнтэй хэлбэрээр өгөх нь зөв байх гэсэн юм. Тэгээд 39 дүгээр тогтоолыг агуулгынх нь хувьд нэлээд боловсронгуй болгож, бэхжүүлэх талаас нь анхаарах хэрэгтэй. Уг тогтоол хэрэгжиж эхлээгүй байхад нь ингэж өөрчлөлт оруулна гэдэг нь буруу юм гэлээ.
Тогтоолын төсөл санаачлагч Я.Батсуурь гишүүн, янз бүрийн тооны гишүүнчлэлтэй аж ахуйн нэгжүүдийг нэг шугам дээр тавьж байгаад хувьцаа өгнө гэдэг нь хэрэг дээрээ шударга бус болох гээд байгаа юм. Тэгэхээр нэрлэсэн үнээр нь тэдгээрт худалдах нь зөв гэж үзэж байгаа гэлээ.
А.Тлейхан гишүүн, ард иргэдэд 10 хувь нэмж өгнө гэдгийг дэмжих нь зүйтэй. Гэхдээ үндсэн аж ахуйн нэгжүүдээ бас хоосон орхиж болохгүй байхаа гэсэн юм.
Д.Одбаяр гишүүн хэлэхдээ, ер нь энэ асуудлыг бид ярья л гэж сэдэл өгч байгаа юм. Иймд Ажлын хэсэг ч байгуулж болох талтай. “Тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй” байж болох ч тэдгээр үндэсний компанийн хувьд тэдэнд хэрхэн нэмж хувьцаа өгөх вэ гэдгийг ч Их Хурлын гишүүд ярьж байгаад хуулийн хүрээнд шийдэхийг үгүйсгэхгүй гэж байлаа.
Харин энэ үеэр Д.Тэрбишдагва гишүүн, энэ бол жилийн дараа орж ирж байгаа асуудал. Уг нь анх орж ирэхэд нь гишүүд бүгд дэмжсэн байгаа, гэтэл одоо яагаад дэмжихгүй болчихвоо гэдгийг л ойлгохгүй байна. Ер нь тогтоолын төсөл санаачилж оруулахдаа тооцоогоо яаж хийв, аж ахуйн нэгжүүдээс 88 хувь нь ажил хийхгүй байна гэдгийг яаж тооцсон юм бэ, үнэн юм уу гэлээ.
Тэрээр мөн зүүн Цанхиас энэ хувийг өгөх гээд байгаа юм уу, эсвэл нөгөө стратегийн ордоосоо өгөх гээд байна уу. Аж ахуйн нэгж гэдэг бол эзний асуудал биш юм. Түүний цаана чадварлаг боловсон хүчин, ажилтнууд байгаа, тэрнээс хэдэн эзэд хувь, хувьцаа авах гээд байгаа юм байхгүй. Өнөөдрийн энэ ногдол ашиг чинь тэгээд ч авах болоогүй байгаа зүйл гэж байв.
Я.Батсуурь гишүүн хэлэхдээ, ард түмнийхээ эрх ашигт нийцүүлж хийсэн асуудал. Амьдрал өдөр бүр л шинэчлэгдэж байна. Би нэг их хэлснээсээ буцахгүй гээд суугаад байх бус, амьдралд, ард түмэндээ нийцүүлж асуудлыг боловсронгуй болгоё гэсэн юм. Зарим гишүүд хоёр өөр тогтоолыг хооронд нь санаатай санаагүй хольж хутгаад байх юм гэлээ.
Тэрээр, 2700 хүн хувьцааг аваад компанийнхаа бүх ажилчиддаа энэ та нарынх шүү гээд тэнцүү хуваана гэдэгт итгэлтэй бус байна гэсэн юм. Харин Д.Одбаяр гишүүн, аливаа хууль, тогтоолын буруу зөрүүтэйг УИХ-аас өөр газар залруулах боломжгүй л дээ. Тийм учраас л энэ хуулийн тогтоолын төслийг оруулж ирж байна. Тухайн аж ахуйн нэгж ер нь хэний нэр дээр бүртгэлтэй байна гэдэг дээр л тогтож ашиг орлого нь ч тухайн хүний нэр дээр л орж ирдэг байх гэх зэргээр ярьж тайлбарласан.
Ц.Даваасүрэн гишүүн ч Д.Тэрбишдагва гишүүнтэй адил бодолтой байгаагаа хэлсэн. Гэхдээ амьдралд нийцээгүй гэх тэр асуудлыг чинь Засгийн газар уг нь оруулж ирсэн бол болох байлаа. Тухайн үед нь гар өргөж дэмжиж байсан нөхөд буцаад ийм санал оруулаад ирэхээр нөгөө ард түмэн юу гэж бодох вэ. Засгийн газрын хийх юмыг урдуур нь орж хийгээд, энэ нь УИХ-ын нэр хүндийн асуудал болоод явж байна гэж ярилаа. Мөн тэрээр Д.Зоригт сайдаас “Таван толгой” чинь 100 хувь ард түмний өмч хэвээр үү, эсвэл 4 толгой болсон уу, зарчмын гэж яригдаад байдаг бүхэн асуудалтай гараад л байх шиг, шударга талаас нь ямар үйл ажиллагаа явуулаад байгааг хэлж өгнө үү гэж байлаа.
Ингээд
асуулт хариулт дуусч, дэмжсэн дэмжээгүй гурав, гурван гишүүд саналаа хэлж эхлэхэд, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Дайцүки Ухаа худаг, жижиг Таван толгой зэргийн талаар бид мөн яримаар байна. Тэдгээрээс иргэдэд өгөх хувь, хишгийн талаар ч бас ярих юм биш үү гэсэн юм.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж саналаа хэлэхдээ, иргэн хүн дээр чөлөөт арилжааны боломжийг нээж өгөх хэрэгтэйг онцолж байсан. Хүн өмчтэй болсон гээд түүнийг нь хурааж авах талаар заримдаа бид их ярих юмаа, энэ бол буруу гэж байлаа.
Б.Бат-Эрдэнэ гишүүн, тогтоолын төслийг дэмжихгүй гэдэг байр суурьтайгаа хэлж байв. Тэрээр Ухаа худаг , Дайцику, жижиг Таван толгой энэ тэр чинь мөн л ард түмний мэдлийнх баймаар. Гэтэл зөвхөн том Таван толгойгоо яриад, бусдаас нь ард түмэнд хувь өгөх тухай ярихгүй байна гэсэн юм. Засгийн газар ер нь энэ асуудлаа яагаад өөрснөө оруулж ирэхгүй, зарим гишүүдээр үг дайгаад байна вэ. Бид өнөөдөр 39 дүгээр тогтоолыг өөрчлөх тухай ярьж байна удалгүй нөгөө 57-р тогтоолоо оруулаад ирэх ч юм бил үү хэмээсэн.

Д.Тэрбишдагва гишүүн, энэ бол тооцоо судалгаагүй орж ирсэн популист маягийн төсөл байна. Аж ахуйн нэгжүүдийг доромжилсон маягтай. Зүүн Цанхийн 40 хувийг хятадуудад гэх зэргээр хуваарилсан байгаа. Тэгээд яг тооцоо судалгаатай хөдлөөд, ард түмэнд хэдийг өгөх вэ гэхээр ёстой бодит тооцоогүйгээр суугаад байна. Үндсэн асуудал нь хэрэгжиж эхлээгүй байхад юу оруулж ирээд, ард түмэнд хайртай царайлаад суугаад байна вэ. Монголын аж ахуйн нэгжүүдийг доромжилж болохгүй биз дээ гэлээ. Мөн тэрээр 20 хувийг ард иргэддээ, 10 хувийг нь компаниудад өгвөл тэд чинь үнэхээр боломжоо шавхаад ажиллах боломжтой. Хятадын Шиньхуад 40 хувь өгсөн бол монголчуудад яагаад өгч чадахгүй байдаг юм бэ. Энэ бол туйлын хариуцлагагүй явдал. Бид гишүүд, тэр яриад байгаа 999-ийн арганд ер ороогүй, уулзаагүй үгээ бодож яривал ямар вэ хэмээсэн.
Мөн Н.Ганбямба гишүүн, Таван толгойн асуудлыг жижиглэн, оочин цоочин яримааргүй байна. Их Хурал дээр бүтэн бүрэлдэхүүнээр нь ярих хэрэгтэй. Үүний цаана олон юм үлдэх гээд байна. Тэгэхээр УИХ-ын гишүүдэд бүтнээр нь цогц ярих боломж үлдээх хэрэгтэй гэлээ. Өнөөдөр ард иргэддээ хувь өгөх гэж байгааг дэмжиж байгаа ч аж ахуйн нэгжүүдэд өгөх тухай ч юм уу Таван толгойг цогцоор нь ярих асуудал цаана нь үлдэх гээд байна шүү. Хамтад нь хэлэлцвэл яасан юм бэ. Засгийн газар хэзээ өргөн барих вэ, хэзээ хэлэлцэх вэ хэмээн тэрээр нэмж хэлсэн юм.
Түүнчлэн З.Энхболд, С.Эрдэнэ нарын гишүүд ч саналаа хэлсэн. С.Эрдэнэ гишүүн хэлэхдээ, ажлаа хийдэггүй Засгийн газрыг хамгаалах гэж энэ нөхдүүд тогтоолын төслийг оруулж ирж байна. 39-р тогтоол батлагдаад жил 6 сар гаруй болж байхад Засгийн газар юу ч хийгээгүй мөртлөө УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга Засгийн газрыг хамгаалаад явж байгаа нь харамсалтай байна гэлээ. Ичгүүр сонжуургүйгээр ард түмэнд хайртай царайлж байна. Би өнөөдөр ард түмэнд 10 байтугай 100 хувь олгохыг дэмжиж байна. Гэтэл ард иргэдэд пүүс, компанийнхыг булааж аваад өгнө гэдэг нь харгис асуудал, заавал яагаад нэгээс нь дээрэмдэж аваад нөгөө рүү нь өгдөг вэ гэсэн үг хэлж байлаа.

Энэ үеэр уг асуудлаар цөөнх болоод буй С.Бямбацогт гишүүн хэлэхдээ, татварын газар ажлаа муу хийж байна. Нэрлэсэн үнээр хувьцаа гаргана гэснээс хойш татвар төлөгч аж ахуйн нэгж нэмэгдсэн тооцоо бий. Өнөөдөр 66500 хувийн компанид 800 мянган иргэн ажиллаж байна. Ард түмэндээ ч өгнө, аж ахуйн нэгждээ ч нэрлэсэн үнээр худалдаж болно гэж үзэж байна. Хувийн хэвшлийг дэмжих талаас нь анхаарах хэрэгтэй гэлээ.
Ингээд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор тус бүрт нь санал хураахад 69,6 болон 68,1 хувийн саналаар гишүүд хэлэлцье гэсэн бөгөөд 14 болон 15 гишүүн татгалзаж байсан юм.
Харин энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, асуудалд хандахдаа иргэддээ ч тэр, дотоодын аж ахуйн нэгждээ ч тэр аль аль талаас нь анхаарч шийдэхийг сануулж байв. Ингээд Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүллээ.
Дараагийн асуудал нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл
байв. Уг асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцээд дэмжсэн юм.
Худал мэдээлэл өгвөл хариуцлагыг хэрхэн хүлээлгэх вэ
Дараа нь Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Д.Дондог гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг уншсан бөгөөд үүний дараа асуулт, хариулт өрнөх үеэр Ж.Батсуурь гишүүн, ер нь ингээд ойр ойрхон өөрчлөөд, нэмэлт оруулж ирээд байх нь хэр зохимжтой вэ гэхэд Ж.Сүхбаатар гишүүн хариулахдаа, байнгын хороон дээрээ саналаа тавиад, тэндээ зөвшилцөн оруулж ирэх эсхүл дэгийн тухай зүйл дээрээ тодорхой тооны гишүүд санал нэгдэн оруулж ирэх, ийм босго тавихгүй бол цаашдаа бэрхшээл үүсээд байх боломжтой юм. Уг нь өмнө нь нэлээд тооны зөв зүйтэй шинэчлэлт нэмж хийсэн ч тэдгээр нь бас бэрхшээлтэй тулгарч байсан. Байнгын хороо үүн дээр цаашдаа уг асуудал дэмжигдвэл Ажлын хэсэг гаргаад, судлаад шийдээд явах боломжтой гэлээ. Тэрээр, Дэгийн тухай хууль эвдрээд байвал хуралдааны дэг бас хөдлөх магадлалтайг хэлж байсан.
Ц.Батбаяр гишүүн, дэг бол өөрөө онцгой үүрэгтэй. Жишээ нь бид Ерөнхий сайдаас асуулга асууж байдаг. Тэгээд хугацаа өгөхөөр тэр хугацаандаа чанар нь алдагддаг, үр дүнд хүрдэггүй. Асуулга бол УИХ-ын өөрийнх нь хяналтын нэг хэлбэр байсаар байтал үр дүнгүй болж, утгаа алдаж байгаа явдал бий. Зүгээр л нэг хэсэг нь асуугаад, нөгөө нь хариулсан болоод үлдэж байна гэлээ.
Ж.Сүхбаатар гишүүн, санал шүүмжлэл, асуулга тавьдаг бодлогын ийм өрсөлдөөн дунд бодлого зөв явах ёстой. Гэтэл хяналтын энэ хэлбэр дээр төсөл санаачилсан С.Бямбацогт гишүүн өөрөө нэлээд зүйлийг оруулж ирсэн байгаа. Ер нь Засгийн газрын тэргүүн ч бай бодлогоо авч гардаг, хамгаалдаг байх ёстой байтал хэн нэг албан тушаалтнууд УИХ дээр орж ирээд ярьдаг, сайд нь яамныхаа нөхөд рүү асуудлыг түлхдэг. Тэгэхээр нь “асуултад худал хариулвал” гэсэн зүйлийг оруулж ирсэн гэв.
Ингээд хууль санаачлагч С.Бямбацогт гишүүн ярихдаа, Үндсэн хуульд заахдаа УИХ-ыг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж заасан. Гэтэл бидний баталсан хууль амьдралд хэрэгжихгүй байна гэж их ярьж байна. Ард иргэдийн дунд төр засгийн нэр хүнд унаж байна.
Асуулгад хариулахдаа худлаа ярьж болохгүй, тэгвэл арга хэмжээ авдаг байх, мөн цаг үеийн асуудлыг дараалал харгалзахгүй УИХ-аар хэлэлцдэг байя гээд байгаа юм гэлээ.
Харин Ц.Батбаяр гишүүн, хариуцлагын тогтолцоог л яриад байна. Хэдэн улс орж ирээд гараад л явдаг. Үүнийг л асуугаад байна. УИХ-ын гишүүд асуулга тавьсны ач холбогдол их чухал. Гэтэл үр дүнгүй болоод байна гэлээ.
С.Бямбацогт гишүүн, хууль хэрэв батлагдвал УИХ-ын гишүүний асуулгад хариулахдаа тухайн албан тушаалтан худал мэдээлэл өгөх юм бол арга хэмжээ авах саналыг тухайн байгууллагын холбогдох удирдах албан тушаалтанд нь мэдэгдэнэ гэсэн зүйлийг оруулж өгч байгаа гэлээ.
Д.Ганхуяг гишүүн хэлэхдээ, гүйцэтгэх засаглал энд орж ирээд худлаа ярьдаг. Бодитой эсэхийг асуугаад байхад л үгүй ээ, тийм гээд ярьдаг. Гэтэл тэр нь үнэн хэрэгтээ худал гэдгийг нь ард нийтээрээ л мэдэж байгаа, илэрхий асуудал байдаг гэсэн юм.
Н.Ганбямба гишүүн, УИХ-ын хууль, дэгийн тухай хуулийг бага багаар ингээд сэглээд байхгүй, дорвитой өөрчлөх хэрэгтэй. Бас тэр хянан шалгах функц манай УИХ-д алдагдсан байгаа. Тэгэхээр худдаа хэлсэн сайд нарыг эргүүлэн татдаг, огцруулдаг өөрчлөлт л хийвэл хууль болж чадна шүү. Асуулга явж байхад барин тавин худлаа ярьвал сайд нар дээр арга хэмжээ дорвитой авах, тэгэхгүй бол энэ оруулж ирж байгаа заалт бас л үр дүнгүй болно гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өөрийн саналаа хэлэхдээ, Канадын парламент, Германы Бундестаг болон бусад орны туршлага дээр тулгуурлан ярив. Тэрээр Монгол Улс ямар засаглалтай улс вэ гэдэг дээрээ тулгуурлан судалгаа хийж, хуулах заримыг нь хуулж, боловсруулахыг нь мөн чанартай хийж, сайтар ярилцан тулхтай өөрчлөлт хийх хэрэгтэйг дурдаад, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа хэлсэн юм.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад 76,9 хувиар санал дэмжигдэж, Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжлээ.
Улс төрийн маргаанаас илүүтэй эрх зүйн талаас нь хандъя гэв
Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг гишүүд хэлэлцэх эсэхээ шийдэх юм.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүд энэхүү хуулийн төслийг санаачилж, өргөн бариад удаагүй байгаа юм.
Ж.Сүхбаатар гишүүний танилцуулснаар, “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл нь сүүлийн үед нэлээд яригдаж байгаа УИХ-ын нэр бүхий есөн гишүүний Ерөнхий сайдыг огцруулах талаар санал гаргахтай холбоотой зохицуулалт зарим талдаа хуулинд нарийвчлан тусгагдаагүй нь зарим талаар мөн л бэрхшээл үүсгэж байгаа аж. Иймд Үндсэн хуулийн хүрээнд уг асуудлыг нарийвчлан тодотгож, ойлголтыг нэг мөр болгох зорилгоор дээрх хуулийн төслийг санаачилсан юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух болоход Д.Лүндээжанцан гишүүн, хууль санаачлагчдын хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, бие бие рүүгээ хангалттай хатуу хөтүү үг өмнө нь чулуудаж, эргүүлж тойруулж ярьсан. Харин одоо хоолойд тулсан хэлэлцэх асуудал бидэнд байсаар байхад, мөн хуулинд тов тодорхой заагаад өгчихсөн зүйлүүд байсаар байхад Дэгийн тухай хуулинд заавал өөрчлөлт оруулаад өгнө гэвэл тэр л биз. Оруулаад, хэлэлцээд нэг тийш шийдээд явъя гэж байлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ үеэр, үдээс өмнөх хуралдааны цагийг сунгаж буйгаа дуулгав.
Ж.Сүхбаатар гишүүн ярихдаа, нэг мөр ойлгогдохгүй байна гэсэн тул ингэж хуулийн төсөл санаачилсан. Тэгээд уг асуудлыг улс төр талаас нь маргаан гэж харахаасаа илүүтэй эрх зүйн талаас нь маргаан гэж харъя гэсэн үг хэллээ.
Ж.Батсуурь гишүүн, зүгээр нэг асуудал үүсэхээр маш хурдан засварладаг баймааргүй байна. Бодитой өөрчлөлт хийх шаардлага гарч ирээд байдаг. Тэгэхээр бид ярьсаар байгаад өөрчлөлт хийх ч зөв, ярьсан гишүүдийн ч зөв, өргөн барьсан гишүүдийн зөв ч болоод байгаа. Эцэст нь үнэн алга болсон байна. Явж явж хууль нь өөрөө буруутай мэт гаргалгаа гарч ирээд байна. Бодит үнэн хаа байна гэсэн юм.
Ц.Даваасүрэн гишүүн, Үндсэн хуульд байгаа зөрчилтэй хэсэг нь засагдаж чадсан уу, үгүй юу гэдгийг тодруулсан. Тэрээр засвар хийж, хуулийн цоорхойг арилгахдаа нэг мөр л юм хийгээрэй гэж байсан. Мөн тэрээр жишээ нь, хариуцлагагүй Ерөнхий сайд гарч ирээд улс оронд хохиролтой мэдэгдэл хийвэл яах вэ гэж асуусан.
Ер нь хуулийн механизмын хувьд маргаан гарч, энийгээ яахав л гээд байгаа юм. Таны яриад байгаа шиг улс төрийн шинжтэй ноцтой асуудал гарвал энэ нь тэр хүрээндээ хууль хяналтын байгууллагын хэмжээнд шийдэгдэх байх хэмээн Ж.Сүхбаатар гишүүн хариу хэлсэн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, саналаа өргөн барьсан 9 гишүүний асуудалтай холбогдуулан асуултаа тавьсан юм. Үүнд Ж.Сүхбаатар гишүүн хариулахдаа, та бүхний асуудлын буруу зөвийг бид энд хэлэхгүй. Гэхдээ тавиад буй асуудлын чинь зөв бурууг ялгахад хуулийн механизмыг зохицуулж өгөх нь өөрөө чухал гэж байлаа. Тэрнээс бус 9 гишүүн над таалагдаагүй гээд хууль санаачлаад оруулаад ирсэн юм биш. Харин ч бид хүндэтгэлтэй хандаж байгаа гэлээ.
Харин С.Эрдэнэ гишүүн, бидний 9 гишүүний асуудал нээлттэй хэвээр байгаа гэж ойлгож байгаа, ямар ч шийдвэр гараагүй, хэлэлцээгүй байгаа биз дээ гэсэн.
Ж.Батсуурь гишүүн, саяын энэ 9 гишүүний асуудалтай холбогдуулан асуудлыг яаран сандран хэлэлцэж байгаа нь гоомой юм биш үү. Нухацтай яривал яасан юм. Тэгээд явж явж асуудлын гол эзэнгүй үлдэж, нөгөө миний дээр хэлсэн хууль өөрөө буруутай болоод үлдэж байгаа юм. Тэгээд ч дэлхий нийтийн практик жишгийг ард түмэндээ ойлгуулж байж бид хуулиа хийхгүй бол хууль батлаад үр дүн маруухан байгаад байна шүү гэдгийг хэлсэн. УИХ өөрөө эрх мэдэл рүү өдрөөс өдөрт тэмүүлж дараа нь шүүмжлэлд өртдөг байж болохгүй гэсэн юм.
Ц.Даваасүрэн гишүүн, бидний өргөн барьсан асуудлыг хууль хэлэлцэх жагсаалтад оруулаагүй. Энэ дээр бид ухамсартай, анхааралтай хандах ёстой. Үүнийг нэг тийш болгох хэрэгтэй гэсэн юм. Тэрээр буцаах тухай шийд ч гараагүй байгаа тэгэхээр нээлттэй байгаа гэсэн үг. Бид л хууль сахихгүй юм бол тэгээд хэн хууль сахих юм бэ. Ёс суртахуунтай байх, хүндэтгэлтэй, нэг мөр асуудалд хандах хэрэгтэй гэж байлаа.
Энэчлэн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нарын хэд хэдэн гишүүн үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, бид заримдаа хаанахын парламентад суугаад байгаагаа ойлгохоо болих нь ээ. Байнгын хороо ч тэр хуулиа зөрчөөд гэх зэргээр ярьж, жишээ нь хөрөнгө оруулагч тал манай Засгийн газартай хамтраад мэдэгдэл хийсэн нь хэзээ ч арилахгүй хор уршигтай зүйл хийсэн хэмээн Оюутолгойн гэрээний талаар бухимдлаа илэрхийлээд авсан ч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуралдаан завсарлаж буйг анхааруулан, Төсвийн байнгын хороог хуралдуулах боломжоор хангаж байгааг мэдэгдсэнээр пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ