Ажилласан жилийн босгыг давах нь залууст хүндрэлтэй байна
“Хөдөлмөрийн яармаг-2013” өнөөдөр нээлтээ хийлээ. Хоёр өдөр зохион байгуулагдах тус хөдөлмөрийн яармагийн нээлтэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон ХБНГУ-аас манайд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд зэрэг хүмүүс оролцсон юм. Х.Ганбаатар нээлтийн үеэр ажил хайж буй залуусыг ажил олгогчдод өөрийгөө зөв илэрхийлэхийг зөвлөлөө. Тэрээр мөн төрөөс жилд 2000 орчим ажлын байр бий болгодог бол хувийн хэвшлийнхэн 70-80 орчим мянган ажлын байр бий болгож буйг онцлосон юм. Үүний 50 орчим хувь нь хөдөлмөрийн биржээр дамждаг байна.
.
“Засгийн газраас “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлээд байгаа. Гэтэл чадвартай мэргэжилтнүүдийн тоо 30 мянган хүрэхгүй байгаа судлагаа гарчээ. Иймээс “Хөдөлмөрийн яармаг-2013” байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлохын зэрэгцээ гадаад, дотоодын их, дээд сургууль төгсч ажил хайж буй залуусыг ажлын байранд зуучлахад чухал ач холбогдолтой байлаа. Тодруулбал сургуулиа төгсөөд удаагүй байгаа залуус сонирхсон ажлын байрныхаа тухай мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн учраас ажилд орох хүсэлтэй маш олон залуус тус яармагт ирсэн харагдаж байв. Иймээс цаашдаа ч “Хөдөлмөрийн яармаг-2013” арга хэмжээгээр хязгаарлахгүйгээр ажил олгогч болон ажил хайж байгаа хүмүүсийг хооронд нь холбосон ажлын байрны үзэсгэлэнг тогтмол зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа нь эндээс харагдаж байсан юм.
.
“Хөдөлмөрийн яармаг-2013”-т “АПУ”, “Жигүүр гранд”, “Шунхлай”, “Мобиком”, “Наран трейд”, “Цаст”, “Очир-Ундраа”, “Монгол даатгал”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Ирмүүн мэдиа” гэх мэт 30 гаруй байгууллага 500 гаруй ажлын байрыг залууст санал болгож байлаа. Тэдний зүгээс ажил сонирхохоор ирсэн залууст тавьж буй нийтлэг шаардлага нь гадаад хэлний мэдлэг, ажлын туршлага болон ажилд хандах хандлага байв. Түүнчлэн хөдөлмөрийн яармагийн үеэр ажил сонирхохоор ирж буй залуус шууд, менежер, даргын ажил сонирхож байгаад ажил олгогчид сэтгэл дундуур байгаагаа хэлж байсан юм. “Ромада Улаанбаатар сити центр”-ийн хүний нөөцийн менежер Д.Эрдэнэчимэг “Зочид буудлын салбарт ажиллах ямар ч туршлагагүй хүмүүсийг бид эхлээд борлуулалт, захиалгын чиглэлээр ажилд авдаг. Ингээд дадлагажуулж, сургаж байгаад дээш нь дэвшүүлдэг. Гэтэл манайхаас ажил сонирхохоор ирсэн залуусыг харахад шууд л менежер болох гээд байх юм” хэмээн ярьж байв. Мөн “Жигүүр гранд групп” ХХК-ийн ахлах хүний нөөцийн мэргэжилтэн Д.Өнөрцог “Манайх нийтдээ 1100 гаруй ажилтантай. Иймээс бид 33 ажлын байран дээр 100-200 ажилчдыг нөөц бүрдүүлэх үүднээс энэ үзэсгэлэн яармагт оролцож байна. Манайхаас ажлын байр сонирхохоор ирж байгаа залуусыг харахад биеийн амар харсан, оффист суудаг ажлын байр ихээр асууж байна. Иймээс барилгын маркетингийн чиглэлээр ажлын байр санал болгоход хийхгүй гэх хүн олон байна” хэмээн ярьж байв. Түүнчлэн “Долоон болдог”ХХК-аас залуус ихэвчлэн хүргэлт угсралтын чиглэлээр ажил сурч ирэх нь олон байгаа бол үйлдвэрийн нарийн мэргэжлийн чиглэлээр хүмүүс төдийлөн хандахгүй байгааг хэлж байв.
.

Харин ажил хайж буй залуусын тухайд ажил олгогчид ажлын туршлага, ажилласан жил харж байгаа нь тэднийг сонирхсон чиглэлээрээ ажиллахад томоохон хүндрэл учруулж буйг тус яармагийг үеэр ажил хайж ирсэн залуус хэлж байв. Бид “Хөдөлмөрийн яармаг-2013”-ийн үеэр ажил сонирхохоор ирсэн зарим залуусаас санаа бодлыг нь сонслоо.
-Ийм ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулж буй маш зүйтэй. Би эдийн засгийн чиглэлээр ажлын байр сонирхож байна. Гэтэл ажил олгогчдын зүгээс ажлын туршлага, хэлний мэдлэг, эзэмшсэн мэргэжлээс гадна хүний янз бүрийн ур чадвар гээд тавигдах шаардлага их байна.
.

-Би Бээжинд аялал жуулчлалын менежментийн чиглэлээр сургууль төгссөн. Англи, хятад хэлтэй. Бээжинд сурахаасаа өмнө Шведэд ажиллаж байсан. Гэтэл одоогоор энд яг миний эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байрны санал алга байна. Харин гадаад харилцааны болон борлуулалтын менежер ч гэдэг юм уу хятад, англи хэлээ ашиглаад ажиллах ажлын байр бол цөөнгүй байна.
.
-Ажил олгогчдын зүгээс ямар шаардлага тавьж байна?
-Тавьж байгаа шаардлагууд нь багаар ажиллах чадвар ч гэдэг юм уу ер нь европтой нилээд төстэй юм. Нэг үе Монголд ажилд оръё гэхээр нас заадаг байсан. Харин одоо гол нь чадвар мэдлэгийг харгалзаж үздэг болсон нь их сайшаалтай байна. Би одоо 42 настай ч гэсэн эзэмшсэн мэтгэжил боловсролынхоо дагуу хоёр, гурван газар анкетаа бөглөөд өгчихлөө. Ажил олдоно гэж бодож байна.
.

-Би гадаад болон дотооддоо их сургууль төгссөн. Маркетингийн чиглэлээр ажил сонирхож байна. Ерөнхийдөө миний сонирхсон ажлын байр их байна. Гэтэл харж байхад ажил олгогчдын зүгээс тавигдаж буй шаардлга их өндөр байгаа тул дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүмүүс ажилд ороход жаахан хүндрэлтэй байна. Тухайлбал ажилласан жил туршлагатай хүмүүс авна ч гэдэг юм уу. Нэг үгээр хэлбэл компаниуд хүмүүсээ авч сургана гэхээсээ илүү туршлагатай хүмүүсийг авна гэж байна. Энэ нь манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд бэрхшээлтэй.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ