С.Авирмэд: “Оюутолгой”-н шантаажнаас гарах арга зам байж магадгүй
Монгол Улсын хууль эрхзүйн орчин тогтворгүй, зохицуулалт тааруу нь хөрөнгө оруулалт багасах шалтгаануудын нэг болсныг судлаачид хэлдэг. Товчхондоо манай улсад хөрөнгө оруулалт оруулж ирэх тогтвортой, сайн зохицуулалттай хууль эрхзүйн орчин шаардлагатай гэсэн үг. Тиймээс УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байна. Дөч гаруй хувиар буурсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтвортой болгох цаашлаад нэмэгдүүлэхэд энэ хууль хэрхэн нөлөөлөхийг цаг хугацаа бас хуулийн хэрэгжилт харуулна. Харин уг хуулийн төслийн талаар МУИС-ийн багш С.Авирмэд /Ph.D/ ямар бодолтой байгааг сонирхлоо.
.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаравчлан хэлэлцэхээр сандарч бүр ээлжит бус чуулган зарлаж байгааг ойлгохгүй байна. Эдийн засгийн байдал хүнд гэдэгтээ би санал нэг байгаа. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээр нотлогдож байна. Тухайлбал, ам.доллартай харьцах төгрөгийн ханш 20-25 хувиар уначихлаа. Улсын төсөв хэдэн зуун тэрбумаар тасарлаа, энэ их ноцтой асуудал. Бас гадаад худалдааны алдагдал их өндөр болсон. Энэ бүхэн Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд ороход нөлөөлсөн. Харин энэ хүнд байдлаас гарах арга замуудын нэгийг Хөрөнгө оруулалтын тухай хууль гэдэгтээ санал нийлэхгүй байна. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт буурч, зогссоноор Монголын эдийн засаг хүндэрсэн гэж бодохгүй байна. Хүндрэлд орсон шалтгааныг өөрөөр харж байгаа. С.Баяр, С.Батболдын Засгийн газраас эхлэлтэй мөнгөний амлалт. Дээр нь Хятадын төрийн өмчит компанид том ордыг хямд үнээр ломбарданд тавьж зээл авсан гэх мэт шалтгаанаар эдийн засаг хүндэрсэн.
.
-Энэ хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдыг гадаад дотоод гэж ялгаварлахгүй, тэгш эрхээр зохицуулсан гэж тайлбарлаж байгаа. Харин та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Монголчуудад гэхээсээ илүү гадаадынханд зориулсан хууль биш байгаа даа гэж би хардаж байгаа. Жишээлбэл “Оюутолгой”-н шантаажнаас гарах нэг арга зам гэж. Хямралаас гарах арга зам нэрийн дор гадаадын хөрөнгө оруулалт тэр дундаа Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалтын хуулийг батлах гэж байж магадгүй. Хөрөнгө оруулалтын хуулийг баталснаар өргөс авсан мэт Монгол Улсын эдийн засаг сайжирч, бид сайхан амьдарна гэдэгт би итгэлгүй байна. Үүнд нэлээд ул суурьтай хандах хэрэгтэй. Ингэж яарснаас болж бид их хэмжээний алдагдалд орж магадгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг татварын орчныг тогтворжуулах, хууль эрхзүйн орчинг тогтвортой байлгах зорилготой гэж яриад байгаа. Гэтэл энэ нь нуухыг нь аваад нүдийг нь сохолж магадгүй. Манай алтыг ухах зөвшөөрөл авсан гадаадын компаниудын үйл ажиллагааг дэмжиж, тэдэнд найр тавьсан хууль болчих вий гэж санаа зовж байна.
.
-Тэгэхээр та гадаадынханд тэр дундаа “Оюутолгой”-д зориулагдсан хууль батлах нь гэж харж байна уу?
-Рио Тинто зарласан шдээ. Танайх бидний хөрөнгө оруулалтыг дэмжихгүй бол энэ ордыг чинь зарна гэж. Чалкод нүүрс өгсөн шиг “Оюутолгой”-гоо алдчих вий гэж болгоомжилж байна. Хуулийн зорилгод “Хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах” гэж байгаа. Хөрөнгө оруулагч гэдэг нь хувийн эсвэл гадаадын компани гэсэн үг. Монгол Улсын эдийн засгийг өсгөх тухай нэг ч өгүүлбэр байхгүй. Чалко, Рио Тинтод зориулсан хууль гэж манай зарим хүмүүс хэлж байгаа. Тийм байж магадгүй.
.
-Таны ярианаас Хөрөнгө оруулалтын тухай хууль цаг үеэ олоогүй гэсэн утга харагдаад байна?
-Тиймээ, цаг үеэ олоогүй. Ийм асуудлыг шуурхай, яарч авч хэлэлцдэггүй юм. Маш ул суурьтайгаар улс төр, эдийн засгийн том эрдэмтэд, тусгайлан судалгаа хийдэг байгууллагуудын судалгааны үндсэн дээр хийх ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн танилцуулгаас харахад 2012 оны гуравдугаар улирлаас эхлээд хөрөнгө оруулалтын хэмжээ 40 хувиар буурсан гэж байгаа юм. Энэ юуг юутай харьцуулж гаргасан тооцоо вэ? Хөрөнгө оруулалт гэдэг нь тогтмол байх ёстой юу. 2011, 2012 онтой харьцуулаад 50, 60 хувиар буурсан гэсэн дүгнэлж хийж болохгүй. Энэ төсөлд “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын эхний үе шат нь хөрөнгө оруулалтын өсөлттэй хэмжээ буцаад байрандаа ирэхэд нөлөөлнө гэсэн байгаа юм. Ийм дүгнэлт байж болохгүй.
.
-Яарч байгаагийн нэг шалтгааныг ард нь томоохон лобби бий гэж тайлбарлах хэсэг бүлэг ч байгаа?
-Монголын хамгийн баян компаниудын лобби байж магадгүй шүү. Би үүнийг үнэний хувьтай гэж бодож байгаа. Гэхдээ надад нотолгоо байхгүй л дээ.
.
-Тэгвэл манайд хөрөнгө оруулалт чиглэсэн бие даасан хууль хэрэгтэй юу?
-Татвар, хууль эрхзүйн орчин нь тогтвортой байдаг оронд бол хэрэггүй. Монгол Улс гадаадын хэн нэгний хөрөнгийг дээрэмдсэн гэж сонсоогүй. Бас Монгол Улс хууль эрхзүйн орчноо байн байн өөрчилснийг би санахгүй байна. Харин гадныхны шахалтад ордог. Үүний жишээ нь Хөрөнгө оруулалтын тухай хууль.
.
В.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ