Банк бусынхан хөлөө жийлцэж эхэлсэн үү
Борооны дараах мөөг гэх зүйрлэл банк бус санхүүгийн байгууллагуудын өнөөгийн байдлыг илтгэж байгааг салбарынхан нуусангүй. Тиймээс ч цаашид нэмэгдээд байх уу гэсэн асуултыг Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны удирдлага тавьсан биз. “Банк бус санхүүгийн салбарын тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт ярилцлагын үеэр хөндөгдсөн эл асуудал салбарын төдийгүй харилцагч иргэд цаашлаад Монгол Улсын эрх ашигт нөлөөлөх учраас ийн онцоллоо.
.
Санхүүгийн зохицуулах хороонд ч “бидний зээлийн хүрээ хумигдаж, туршлагагүй банк бус нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна” гэх мэтээр асуудал тавьдгийг Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг дуулгана лээ. Товчхондоо банк бусууд хөнжилдөө хөлөө жийлцээд эхэлжээ. Үүнийг Монголын санхүүгийн зах зээлд банк бусуудын тоо хэтэрхий нэмэгдсэнтэй холбон тайлбарлах нь зүйн хэрэг. Зөвхөн энэ он гарсаар 30 орчим бичил санхүүгийн байгууллага байгуулагдсан статистик тоо байна. Өдгөө Монгол Улсад 245 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Манай улсын санхүүгийн зах зээлд энэ бага тоо биш. Төрийн зүгээс тухайлбал бичил санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хяналт тавьдаг СЗХ тоонд хязгаар тавих боломжгүйгээ дуулгасан. Зах зээлийн нийгэм учраас тэр. Тэгвэл зохицуулалтыг хэрхэн хийх вэ? Бичил санхүүгийн байгууллагуудад тавих шаардлагыг чангатгах цаг болсныг салбарынхан өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Үүнийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж болно. Хамгийн эхэнд банк бусуудын үйлчилгээний чанар муу. Дараа нь банк бусуудын хэмжээ жижиг. Гуравдугаарт хэт олон байгууллагад Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж чадахгүй. Эцэстээ энэ бүх шалтгаан нь банк бусуудыг хадгаламж зээлийн хоршоодын өнгөрсөн түүхийг давтахад хүргэж болзошгүй. Анх банк бус санхүүгийн байгууллага байгуулахын тулд 200 сая төгрөгтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байсан. Харин өнөөдөр 400 сая төгрөг болж өссөн. Хэдийгээр наад захын хүн 400 сая төгрөг гаргаж, санхүүгийн байгууллага байгуулах боломжгүй ч, боломжтой хэсэгт энэ өндөр босго биш гэдгийг нэг жилд байгуулагдаж буй банк бусын тооноос харж болно. Дүрмийн сангийн хөрөнгийг нэмэх эсэхийг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэх бөгөөд одоогоор тус байгууллагад энэ талаар төлөвлөсөн зүйл алга. Харин ч ганц нэгхэн зөрчлийг эс тооцвол банк бусуудын үйл ажиллагаа сайн байгаа хэмээн дүгнэж байна. Бүр бичил санхүүгийн байгууллага олон байх нь санхүүгийн үйл ажиллагаа хүртээмжтэй болж, зээлийн хүү буурч, зээл авах боломж илүү өргөн цар хүрээг хамарна гэж Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг тайлбарлаж байв. Харамсалтай нь төрийн хүний хэлж байгаа үйл ажиллагаа явагдахгүй байгаа нь бодит үнэн. Наад захын жишээ нь зээлийн хүү. Хэрэглээний зээл гэхэд 3.2-3.7 хувийн хүүтэй. Банк бус санхүүгийн байгууллагуудын актив хөрөнгө нь 307 тэрбум болж, байнга өсөн нэмэгдэж байгаа аж. Тиймээс төрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн чадалтай, чадамжтай. Харин төр тэднийг тоодоггүй гэж гомдоллож сууна. Магадгүй төр олон салаа замын хаагуур нь явахаа мэдэхгүй байгаа ч юм билүү. Ямартай ч Монголын бичил санхүүгийн байгууллагуудад нэгдсэн бодлого, зохицуулалт шаардлагатай байна. Зөвхөн энэ салбарынхан бус 390 гаруй мянган хүний хөрөнгө мөнгө, итгэл найдвар байгааг Санхүүгийн зохицуулах хороонд дуулгах нь илүүц биш байх.
.
В.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ