“Эцсийн зогсоол зөвхөн чи” нээлтээ хийнэ
Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Р.Куни, Ж.Чэпмэн нарын зохиол “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг УДЭТ-ийн тайзнаа амилах гэж байна.
Энэхүү жүжгийг найруулагч Н.Наранбаатар найруулсан бөгөөд 2007 оноос хойш драмын театрын тайзнаа тавигдаж байгаа анхны инээдмийн жүжиг гэдгээрээ онцлогтой. Тус жүжиг нь есөн дүртэй бөгөөд гол дүрийг МУГЖ Ж.Оюундарь,МУСТА Л.Дэмидбаатар нар бүтээжээ. Мөн АЖ С.Сарантуяа, СТА Ц.Төмөрхуяг болон Б.Тамир, Г.Отгонцэцэг нарын жүжигчид тоглосон байна.
“Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийн найруулагч Н.Наранбаатар “Бидний нүдэнд харагдаж байдаг ч огт анзаардаггүй үйл явдлыг хүмүүст мессеж болгон хүргэхийг зорьсон. Гэр бүлээр төлөөлүүлж нийгмийн амьдралыг харуулсан. Үүнийг үзсэн хүмүүс өнөөгийн нийгмийн амьдралыг олж харна. Үзэгчдийн сэтгэлгээнд нэг цохилт, ухаарал хайрлах байх” гэлээ.
Мөн энэхүү жүжгийн клип нь дан бүжгээс бүтсэн бөгөөд 1930-аад оны үеийн Англи, Америк хүмүүсийн хэв шинжийг харуулжээ. Энэхүү клипийг хийхдээ ямар ч монтаж ашиглаагүй аж.
Тус жүжиг маргааш нээлтээ хийх бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл УДЭТ-ийн тайзнаа үдэш бүр 20:30 цагаас тоглогдоно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ