Айлуудын хашаанд байгаа Хүннүгийн үеийн олдворуудыг малтаж гаргана
Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр буюу Зүүн салааны шинэ эцэст байрлах Одонтын 24, 25-р гудамжнаас Хүннүгийн үеийн булш өнгөрсөн гуравдугаар сард олдсон. Харин энэ сарын эхээр ССАЖЯ-наас санхүүжилт шийдвэрлэж өгснөөр тус булшийг малтах, авран хамгаалах ажил эхлэсэн. Өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн болон бусад албаны хүмүүс уг авран хамгаалах малтлагын ажлын явц байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
.
Тус газар нийтдээ 29 булш байгаа бөгөөд одоогийн байдлаар гурван булшинд малталт хийгээд байгаа ба ихэнх булш нь айлын хашаанд байгаа учир малталт хийхэд бага зэрэг хүндрэл учирч байгаа аж. Тиймээс энэ жилийн хувьд малтлагын ажлыг зөвхөн ил гудамжинд байгаа буюу машин зам дээр байгаа эвдэрч сүйдэх, устаж үгүй болох магадлал өндөртэй булшнуудыг малтах юм. Харин ирэх жилээс айлуудын хашаан дотор, байшингийн суурин дор байгаа булшнуудыг малтахаар болжээ.
.
Энэ үеэр ССАЖ-ын сайд ирэх жилийн малтлагын санхүүжилтэд айлуудын хашаанд малтлага хийхэд шаардагдах нөхөн төлбөр, зардлыг нэмж тусгаж өгнө гэсэн. Эдгээр булшийн авран хамгаалах үйл ажиллагааг ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн баг болон МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн архелоги, антропологийн тэнхимийн төгсөгчид болон магистрантууд гүйцэтгэж байгаа юм.
.
Тэд Хүннүгийн үеийн булшийг язгууртаны болон жирийн иргэдийн гэж ангилдаг бөгөөд Зүүнсалаа орчмоос олдсон эдгээр булшууд жирийн иргэдийн булш гэж байсан. Одоогийн байдлаар булшнаас модон аяга, хүрэл толь, зүүлт, соёо зэрэг тухайн үеийн эд өлгийн зүйлс багагүй олдсоныг дурдан танилцууллаа. Мөн эдгээр булшнуудын хадгалалт харьцангуй сайн бөгөөд малтлагаар гаргасан зүйлсийг тусгай лабораторын шинжилгээнд хамруулсаны дараа музейд байрлуулах юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ