Их, дээд сургуулиудын эмч нартай уулзлаа

img

  Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар энэ жилээс эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгохоор шийдвэрлэсэн. Энэ аяны хүрээнд оюутнуудад харъяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн хуваарийг Эрүүл мэндийн яамнаас батлан гаргасан.  Тэгвэл өнөөдөр уг аяныг зохион байгуулагч ажлын хэсгийн гишүүд их, дээд сургуулиудын эмч, нийгмийн ажилтнуудтай уулзаж, санал солилцлоо. Энэхүү уулзалтад нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж буй 19 их, дээд сургуулийн 20 гаруй эмч, нийгмийн ажилтнууд оролцсон юм.   Их, дээд сургуулиудын эмч, нийгмийн ажилтнууд Эрүүл мэндийн сайдын санаачлагаар жил бүрийн 9 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласанд талархлаа илэрхийлж, цаг үеэ олсон, чухал арга хэмжээ болж байгааг онцолж байлаа. Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын дунд тохиолддог нийтлэг бэрхшээл нь эрүүл мэндийн даатгалын шилжүүлэг, өрх, дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх гэхээр харьяаллын асуудлаас болж тусламж, үйлчилгээ авч чадахгүй үлддэг, өвдлөө гэхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх зэрэг олон асуудал байдаг байна. Хэдийгээр их, дээд сургуульд ороход аймаг бүрт эрүүл мэндийн үзлэг хийдэг ч ихэнхдээ нэр төдий, танил талаараа яриулаад автоматаар эмч нарын гарын үсгийг авдаг ажээ. Тиймээс оюутнууд өөрсддөө ямар суурь өвчин байгаа мэдэхгүй явдгийг сургуулиудын эмч нар хэлж байна.   Монгол Улсын Их Сургуулийн эмч н.Алтанцэцэг хэлэхдээ, “Манай сургууль 20 мянга орчим оюутантай. Хоёр их эмч, нэг сувилагч, нэг үйлчлэгчийн орон тоотойгоор ажилладаг. Бүх санхүүжилтээ сургуулийн захиргаанаас авдаг. Ачаалал үнэхээр их байдаг. Намар бүр шинэ ирсэн оюутнууддаа үзлэг хийгээд зөвлөгөө өгч шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмчид үзүүл гээд явуулдаг. Үнэндээ эргээд тэр хүүхэд маань үзүүлээд, эмчилгээ хийлгэсэн эсэх дээр хяналт тавьж чаддаггүй. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гээд очихоор загнадаг, хүлээж авдаггүй, чирэгдэл ихтэй байдаг гэдгийг заримдаа оюутнууд хэлдэг л дээ. Сургуулийн нөхцөлд эм, тариа хийх боломж байдаггүй. Тэгээд өрхийн эмнэлэг рүү явуулахаар хийж өгдөггүй. Одоо энэ бүх байдал арилна гэдэгт найдаж байна. Оюутнуудад үйлчлэх эмнэлгүүдийн хуваарийг яамнаас албан ёсоор гаргасан байна. Эрүүл мэндийн яамнаас Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтраад сургуулийн эмч нарын стандартыг гаргах шаардлагатай байна. Нэг эмчид хичнээн оюутан үзүүлэх ёстой, халдвар хамгааллын дэглэм нь ямар байх, орчны шаардлага, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны стандарт үнэхээр дутагдаж байна” гэлээ.   Харин “Ач” анагаах ухааны дээд сургуулийн эмч Б.Маамуу, “Ер нь сургуулиудын эмч нарын бэрхшээл нэг байна. Энэ арга хэмжээг тогтмолжуулах хэрэгтэй. Оюутнууд эрүүл мэнддээ анхаардаггүй. Өдөрт идэж байгаа хоол нь ч чанаргүй байдаг. Тэгэхээр сургууль бүрийн хоолны газруудад шалгалт хийж, сургалт сурталчилгаа явуулж, сайжруулахгүй бол болохгүй болжээ. Оюутнууд өглөө өлөн гардаг, өдөр сургууль дээрээ чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй бэлэн гоймон, ямар махтай нь бүү мэд хуушуур, пирошки иддэг. Ингээд арав хүрэхгүй жилийн дараа бүгд ходоодны өвчтэй болно” гэсэн бол Сан дээд сургуулийн багш Б.Болормаа хэлэхдээ, “Манайхан эрүүл мэндийн даатгалын талаар сайн мэддэггүй. Өвдсний дараа биш өвдхөөсөө өмнө л үзүүлэх ёстой. Оюутнуудын дунд эрүүл мэндэд нь туйлын хортой нэг аюул байна. Тэр нь мансууруулах бодис, өвс татдаг зуршил газар авч байна. Хичээл дээр эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй нүд нь улайж, гөлийсөн хүүхдүүд их байдаг боллоо. Архи уусан юмуу гэхээр уугаагүй байдаг. Энэ бол маш хортой зүйл. Тиймээс аяны хүрээнд ч гэлтгүйгээр оюутан залууст мансууруулах бодисны хор хөнөөлийг таниулах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх хэрэгтэй” хэмээн өөрийн саналаа хэлж байсан юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ