Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы хуралдаан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэг хэлэлцэж байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг гишүүдийн асуултад хариулж байна.
.

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын ТЭЗҮ-ийг яаж гаргах бол. Орон тоо нэмэгдэх үү?
-Чанартай дэд бүтцийг бүтээн байгуулах шаардлагатай байна. Тиймээс энэ хуулийн төслийг оруулж ирсэн юм. Нөөцийн хувьд саналаа аймаг нийслэлийн удирдлагууд Уул, уурхайн яаманд ирүүлнэ. Геологийн хайгуулыг хийж ТЭЗҮ-ийг гаргаж ирнэ. Уулын ажлын төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга нар батлаад явна. Орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эрхийг орон нутагт шилжүүлнэ. Аймаг,нийслэлийн эрх мэдэлд байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын ТЭЗҮ-ийг геологийн хайгуулаар судалж гаргана. Орон тоо нэмэгдэх шаардлагагүй.
.

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн төслийг төлөвлөлтийн бодлоготой яаж уялдуулах вэ? Орон нутагт орон тоо нэмэгдэхгүй гэлээ. Гэтэл хайгуулын эрхийг хэнд өгөх юм бэ? Ашигт малтмал хайх нэрийн дор бусад ургамал хайгаад байх вий дээ. Бүтээн байгуулалт явж байгаа бүс нутгаар нь бүсчилж болоогүй юм уу. Энэ хуулийн төсөл ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцэх тулгамдсан асуудал мөн үү?
-Түгээмэл тархацтай эрдэс баялаг бол барилгын чухал эд хэрэгсэл. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа. Тусгай зөвшөөрөл авах эрхийг нь орон нутагт өгч байгаа. Тиймээс хяналт тавина. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд нь ашигт малтмал хайх боломжгүй байгаа.
.

-Яагаад орон нутагт шилжүүлж байна вэ? Элс, хайрга, тоосгоны шавар олборлох зориулалттай гэж байгаа ч алт хайгаад байвал яах вэ?
-Түгээмэл тархацтай баялгийг олон улс оронд тухайн нутаг дэвсгэрийнхэнд нь эрхийг нь олгодог журамтай юм билээ. Хэлэлцүүлгийн явцад өөр санал гаргавал авч үзье.
Ийнхүү гишүүдийн асуулт хариулт өндөрлөхөд УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Түгээмэл тархацтай баялгийг орон нутагт шилжүүлэх нь зөв. Гэхдээ эрдэс баялгийн салбарт болохгүй. Өнөөдөр Улаанбаатар хотыг хангаж байгаа хайрганы орд аймгуудад байна. Аймаг сумд дээр асуудал үүсдэг. Эрдэс баялаг, ашигт малтмалын хуулийг хэлэлцэхдээ мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй. Тэнд бүтээн байгуулалт явуулах гэж байгаа энэ үед хүндрэлтэй тулна. Байгаль хамгаалах талаарх асуудал энэ хуулинд суларч орсон байна. Одоо байгаа ашигт малмалын хүрээнд хэлэлцээд явах нь зүйтэй байх." гэсэн санал хэлсэн байсан юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийг хэлэлцэх эсэхэд санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. Тиймээс энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ