
БНАСАУ-ын Пхеньян хотноо энэ сарын 12-17-нд Хүндийг өргөлтийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болжээ. Азийн 13 орны 200 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнээс багийн дүнгээр БНАСАУ-ын тамирчид 80 алт, 49 мөнгө, 20 хүрэл медалиар тэргүүлж, БНХАУ, БНСУ-ын тамирчид удаалсан байна. Уг тэмцээнд манай тамирчин Батболдын Энхтамир эмэгтэйчүүдийн -75 кг жингийн огцом өргөлтийн төрөлд хүрэл, түлхэлттэй өргөлтийн төрөлд мөнгөн медаль авч, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн эзэн болжээ.
Энэхүү тэмцээн нь 1999 оноос хойш 14 жилийн дараа тус улсад зохион байгуулагдсан анхны томоохон олон улсын арга хэмжээ болсон бөгөөд тэмцээнд Өмнөд Солонгосын тамирчин 1 дүгээр байр эзэлсэн тохиолдолд төрийн дуулал эгшиглүүлж, төрийн далбааг мандуулахыг анх удаагаа зөвшөөрснөөрөө онцлогтой байсан аж. Ийнхүү Пхеньян хотын Чон Жү Ён биеийн тамирын ордонд Өмнөд Солонгосын төрийн далбаа 18 удаа мандаж, төрийн дуулал эгшиглэсэн нь түүхэнд ховор тохиодол болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ