“Ядууралгүй” Монгол буюу чинээлэг хэрэглээ
“Эдийн засаг өсч, юмны үнэ хоёр дахин буурсан” гэх үгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас сонссон бухимдлаа тайлж амжаагүй байтал дахин гайхшралд хүргэсэн мэдээлэл чих хатган сонсогдов. ҮСХ-ны дарга ноён Мэндсайхан “Манай улсын иргэдийн амжиргааны дийлэнх нь чинээлэг хэсэг. Энэ чинээлэг төвшний хэсэг ямар ч үед ядуурлын төвшинд шилжиж байгаагүй” хэмээн гацаадаг байгаа.
.
Баян, ядуугийн ялгаа тэнгэр газар шиг зөрөөтэй болсныг хэн ч, хаана ч хүлээн зөвшөөрнө. Соц нийгэмд хөдөлмөрчин ангийнхан нийгмийн голлох давхрагыг эзэлдэг байлаа. Харин ардчилалд шилжсэнээс хойш ядуурал ихэсч, өнгөрсөн хугацаанд ядуурлын төвшинг бууруулах гэж үе үеийн төр, засгийнхан ажилласаар ирсэн. Аль ч Засгийн газрынхан халаагаа өгөх үедээ ядуурлын төвшинд тодорхой хэмжээгээр бууруулснаа тайлагнадаг. Өмнөх парламентын үед улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр болох иргэн бүрт эх орны хувь хишгийг хүртээсэн нь ядуу иргэдийн амьжиргаанд нэмэр болсон гэж үздэг. Учир нь мөнгөний орлогогүй ядуу хэсгийнхэн эх орны хувь хишгээрээ гурил будаагаа худалдан авч, амьжиргаагаа залгуулдаг байсан. Төр, засгаас иргэн бүртээ хувь хишиг хүртээгээд ядуурлын төвшин бага зэрэг буурснаас бус чинээлэг хэсэгт шилжээгүй. Гэтэл ҮСХ-г олон жил удирдсан Мэндсайхан даргын мэдээлэл үнэхээр сонирхол татаж байлаа. Үе үеийн Засгийн газрынхны ядуурлаас иргэдээ аврах гээд зүтгээд зүтгээд дийлээгүй ажил, аль эрт биеллээ олсон байна вэ?
.
Монголын улсын хэмжээнд 700 мянга гаруй өрх байдгаас санамсаргүйгээр 11293 өрхийн хэрэглээг ҮСХ судалсан байх юм. Тэд сардаа хэрэглэдэг хоол хүнснээс нь эхлээд гутал хувцас зэрэг өрхийн хэрэглээний бүхий л зүйлийг хамруулжээ. Хэрэглээний үнийн сагсыг тодорхойлохдоо дундаж өрх ямар нэр төрлийн барааг ямар хэмжээгээр авдгийг гаргасан байна. Улаанбаатар хотод 329, хөдөө орон нутагт 213 нэр төрлийн бараа үйлчилгээгээр хэрэглээг суурилжээ. Энэ мэдээллийг жилд нэг удаа гаргадаг бус, сар бүр мэдээлэл авдаг байна. Ингээд энэ дүнгээр нь тооцохоор өнөөдрийн хувьд иргэдийн хэрэглээ тасалдаагүй явж ирсэн байна. 11293 айл өрхөө хамгийн бага орлоготойгоос чинээлэг зэргээр таван тэнцүү хэсэгт хуваагаад хэрэглээг нь тодорхойлон гаргадаг аж. Улсын хэмжээний айл өрхийн нийт хэрэглээг авч үзэхээр хамгийн бага орлоготой хэсэг долоон хувь, буюу улсын хэмжээнд 27,2 хувь нь ядуу төвшинд байгаа гэсэн үг аж. Энэ хэсгийнхэн өдөрт 2100 кл/клор хүнс хэрэглэгдэг хэсэг гэнэ. Үлдсэн хэсэг нь чинээлгүүд. Чинээлэг дотроо хамгийн өндөр орлоготой хэсэг нь 40 хувийг эзэлдэг байна. Ингээд чинээлэг хэрэглээтэй хэсгийнхэн ядуу руу ухардаггүй аж. Статистикийн энэ дүнг олон улсын жишгээр гаргадаг байна. Үүнийг сонсоод “сонин юм даа, манай улсын хүн амын ядуу хэсэг нь дийлэнх хувийг эзэлдэг, баячууд нь гарын таван хуруунд багтахаар” гэж л ярьцгаадаг байсан. Ядуурал буурахгүй байгаа, учир нь төрөл бүрийн нийгмийн халамж үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Сүүлдээ иргэн бүртээ хувь хишиг хүртээж, халамжийн улс боллоо гэж өөрсдийгөө “цоллож” байлаа. Гэтэл мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаагаар бид чинь аль эрт чинээлэг, хөгжилтэй улсын хэмжээнд хүрчихсэн юм биш үү. “Та нар АН-тай үгсээд улс төржөөд байна уу” гэсэн Я.Содбаатар гишүүний “хардалт”-ыг Мэндсайхан дарга “манай хүмүүс аль ч намын үед улс төржиж байгаагүй. Энэ байгууллагадаа 16-29 жил ажилласан, мэргэшсэн боловсон хүчнүүд” хэмээн нам дарж байна лээ. Тэгээд ч аль ч намын үед ажиллаж байсан статистикийн тоог өөрчилж болдоггүй гэж нэмж хэлсэн.
.
Хэрвээ дээрх судалгаа үнэн бол хоёр сая гаруйхан хүн ам баян, ядуугийн заагт хуваагдчихсан бололтой. Ер нь хэт баяжилт, хэт ядуурал дундаас дундаж давхрага нь “гээгдчихсэн” юм бус уу.
.
Гэхдээ энэ тоон үзүүлэлт бодит амьдрал хоёр л тэнгэр газар шиг ялгаатай байна. Зөвхөн энэ долоо хоногт эдийн засаг хүндэрч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн бухимдсан иргэд, үнийн өсөлтийг хазаарлах ямар гарцууд байж болох талаар санал дэвшүүлсэн байна лээ. Улирлын хамааралгүйгээр ногоо тарих олон тооны хүлэмж барих хэрэгтэй гэсэн иргэний саналд холбогдох яамныхан “Бид энэ чиглэлд бодлого гаргасан, удахгүй өвлийн иж бүрэн хүлэмжийн аж ахуй байгуулж эхэлнэ” хэмээн хариулсан дуулдана. Энэ нь хэзээ ч хэрэгжих ажил юм билээ, өнгөрсөн парламентад Малын бирж байгуулна гээд хөтөлбөр батлаад байсан, махны үнэ хямдарч, мэдрэгдсэн зүйл л одоогоор алга.
.
Бодит байдал, бодлого хоёр зөрөөд л байна даа, Мэндсайхан дарга аа.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ