Үнэд хүрээгүй эргэн төлөлт
Сайд Ц.Оюунгэрэл агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө гэдгийг харуулах гэсэн ч бүтэлгүйтэж, Засгийн бодлогоо дэмждэггүй сайд нэр зүүсэн билээ. Ийн зэмлүүлсний учир нь тэрбээр МИАТ-ийн экс удирдлагуудыг өмөөрч, байнгын хорооны хуралдаан дээр чамгүй бухимдсан ч өрөө төлөх гэсэн үйлдэл нь үнэд хүрээгүй. Нутаг нэгт МИАТ-ийн захирал асан Р.Бат-Эрдэний дэмжлэгтэйгээр дүү Ц.Батыгаа МИАТ-д оруулсан нь түүнийг ийм үйлдэл хийхэд хүргэснийг учир мэдэх хүмүүс гадарласан. Бас хүү Идэрээ нь ч МИАТ-д ажилладаг. Одоогоор Германд мэргэжил дээшлүүлж байгаа гэсэн. Манайдаа л өндөр цалинтай, баталгаатай ажилд хүү дүү хоёрыг нь шургуулж өгсөнд талархлаа илэрхийлэх гэсэн сайд шүүх засаглалыг хүртэл буруутгаж, ял шийтгэл нь шударга бус хэмээн мэдэгдсэн.
.
Харин Ц.Оюунгэрэл сайд Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүнийхээ хувьд тойргийн иргэдийн хүсэлтийг харгалзан МИАТ-ийн захирал асан Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ хоёрыг өмгөөлөн байр сууриа илэрхийлэх шаардлага гарсан хэмээн тайлбарлав. Харин эрхэм сайдтан төрийн зүтгэлтэн болсноосоо хойш Хан-Уул дүүргийн жирийн хэн нэгний эрх ашгийг хамгаалж дуугарсан болов уу, ер нь.
.
Засгийн газрын гишүүний байр суурь, намын нэр хүндээ үл хайхран хувийн эрх ашигтаа хөтлөгдөж байгаа хүн иргэд гэж бөөрөнхийлөн, олныг урдаа барих нь бэргээд байх зүйл биш. Ц.Оюунгэрэл ах дүүсийг нь ажилд оруулсан ачтнаа өмөөрөхдөө “Р.Бат-Эрдэнээс хураахаар шийдвэрлэсэн орон сууц нь 1999 онд худалдаж авсан, 2004 онд байгуулсан компанийн 25 хувийн эзэмшлийг төр авахаар болсон. Гэтэл МИАТ-ийн хэрэг 2007 оноос эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хураах гэсэн хөрөнгүүд нь хэрэг эхлэхээс өмнө авсан зүйлс. Энэ нь хууль бусаар баяжаагүйн нотолгоо” хэмээн мэдэгдсэн.
.
Хамгийн чухал нь Ц.Оюунгэрэл өөрийнхөө амаар намаа доош нь хийсэн. Шударга шүүхийн тухай АН-ынхан тэр дундаа өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярьдаг. Гэтэл АН-ын сайдын амнаас шүүх шударга бус ажиллаж, ял шийтгэл нь байгаа оноогүй гэх мэдэгдэл гарсан нь олон асуултыг араасаа дагуулсан. Үнэхээр АН-ынхан хий хоосон шударга ёсыг яригчид үү, эсвэл сайдын хувийн амбиц намаа үл тоомсорлох хэмжээний байв уу гэхчлэн олон таамгийг дэвшүүлсэн ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн яриа энэ бүхэнд цэг хатгасан. Тэрбээр энэ тухай “Улсын Их хурлын гишүүний хувьд, манай тойрогт амьдардаг хүнийхээ асуудалд анхаарал хандуулж байна гэсэн байна билээ. Тодорхой гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэж байгаа асуудалд УИХ-ын гишүүн оролцох бүрэн эрх байхгүй. Мөнгөтэй хүнд хаанаас ч өмгөөлөгч олддог гэдэг нэг үг байдаг юм. Засгийн газрын гишүүн хүн хүртэл мөнгөтэй хүнийг өмгөөлөөд дуугараад байгаа юм биш биз гэсэн болгоомжлол надад төрсөн” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байв.
.
Авлигачдыг намнах зорилготой эрх баригчдын эрх мэдэлтний хувийн ашиг сонирхол намаасаа бүр монголын ард түмнийхээс хэтэрснийг хялбархан тайлбарлаж болно. Эрхэм сайдтан “...Хүний эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо хүргэдгийн хувьд ч тэр хэргийг шалгах явцдаа тогтоосон хөдөлбөргүй нотлох баримтуудаа тухайн хүнээ өмгөөлөхөд ашиглаач гэж шүүхийнхэнд уриалмаар байна. Өмгөөлж болох хангалттай нотлох баримтуудыг үл харгалзан хүндрүүлэх талын нэг хоёр баримтыг ноцтой болгосноор бид гавьяа байгуулсан, тус болсон хүмүүсээ шоронд хорьж байгаа юм биш биз дээ” гэж ярьсан удаатай. Дайны эрсдлийн сан нэрээр түмний мөнгийг халаасалснаас жирийн иргэн бидэнд тус болсон гээд хэлчих зүйл хайгаад ч олдохгүй. Харин Ц.Оюунгэрэл сайдын хувьд тус нэмэр, гавьяа гэж ярих нь аргагүй л дээ. Аль эрх ашиг, сонирхлоо хаанаа тавихаа мэдэхгүй хүн төрд сууж, бүхэл бүтэн яам толгойлж байгаа нь харамсалтай.
.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ