
“Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч, “Гранд” хамтлагийн продюсер Д.Баттөр бусдыг дагаж хурдан моринд урваагүй нэгэн. Үүнийгээ “Барилгын ид сезон болсон зун, намрын дэлгэр цагаар морь мал уяж явах цаг зав надад лав байхгүй. Зарим барилгын компанийн захирлууд барилгын цагаар морь уяад, хөлсөө гоожуулаад явдгийг огт ойлгодоггүй” хэмээн тайлбарладаг байна.
Сүүлийн үед бол “Хүний хэлээр ярьдаггүй адгуус хэдэн зуун сая хүрээд байхад хүний сэтгэлийг хэдэн зуунаар хөдөлгөх урлагт энэ байтугай мөнгө зарсан ч багадна” хэмээн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатыг ивээн тэтгэж байгаагаа тайлбарлан даналзах болсон. Б.Чинбаттай хамтарсан “Төгөлдөр хуурын аялгуу” цомгоо АНУ-ын Чикаго хотын найрал хөгжимтэй хамтран бичжээ. Энэ цомогтоо лавтай хэдэн 100 мянган доллар зарсан гэж учир мэдэх урлагийнхан шүүрс алдаж байгаа.
Продюсер Д.Баттөрийн урлагийн өгөөмөр гар татаагүй бололтой. Дуучин Болдын “Монгол поп” тоглолтыг мөн найман орон тоотой мөнгөөр ивээн тэтгэжээ. Учир мэдэх нэгнээс сонсвол, дуучин Болд хэд хэдэн уран бүтээл дээр хамтран ажиллахаар продюсер Д.Баттөртэй гэрээ байгуулжээ. Удахгүй Болд “Жигүүр гранд”-ын нүүр царай болоод болж гарч ирэхийг үгүйсгэх аргагүй гэнэ.
Урлагийнхан сүүлийн үед Д.Баттөрийг “Урлагийг дэмжиж байгаа цорын ганц хүн” гэж үнэлж, тоогдоогүй нэгэн нь тоогдох гэж урд хойгуур нь гүйж байгаа бол “Жигүүр гранд”-ийн Ерөнхийлөгч “Адгуусанд мөнгө зарснаас урлагийг дэмжсэн нь дээр байлгүй яахав” хэмээн хээв нэг хэлж сууна гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ