
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан дууслаа. Хуралдаан хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн ахлагч Н.Батцэрэг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Манай бүлэг өнөөдрийнхөө хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн талаар хэлэлцлээ. Хуулийн үзэл баримтлал, түүнд заасан зохицуулалтын талаар гишүүд санал бодлоо хэллээ. "Шударга ёс" эвслийн бүлэг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт Д.Батцогт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт Г.Уянга гишүүнийг тус тус томилон ажиллуулж байна. Гишүүдийн зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг үзэл баримтлалынх нь зүгээс дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалтын орчноо илүү таатай, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг болсон. Хөрөнгө оруулалтыг бүс нутгаар нь ялгавартай хандах нь зүйтэй юм байна.
.
Ялангуяа Улаанбаатар, хөдөө орон нутаг гэж хоёр хуваах нь зүйтэй. Орон нутагт хөрөнгө оруулалт хийж байгаа дотоодын компанийг дэмжих цаг болсон гэдэг дээр гишүүд санал гаргаж байсан. Хөрөнгө оруулалтын хэмжээг салбараас нь хамаараад тогтоох зүйтэй болов уу. Гаднын хөрөнгө оруулалтыг оруулахад манай татварын болоод хууль эрх зүйн орчин нь тогтвортой байх шаардлагатай. Уул уурхай, эрдэс баялаг, төмөр зам, авто зам, эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулагчдыг татаж, хөрөнгө оруулалтын хэмжээ, татварыг салбар салбараар нь ангилж өгөх хэрэгтэй юм. Засгийн газраас татварын орчин тогтвортой байх хугацааг хөнгөн үйлдвэрийн салбарт 5 хүртэл, хүнд үйлдвэрт 10 жил гэж хуулийн төсөлд тусгасан байсан. Манай гишүүд энэ хугацааг хөнгөн, хүнд гэж шинжлэх ухааны үүднээс нь хуваахад дутагдалтай. хууль эрхзүйн үүднээсээ ялгаатай зүйл, ерөнхийд нь 8-12 жил гэдэг ч юм уу хугацааг тавьж өгөх нь зүйтэй гэж гаргаж байна. Ажлын хэсэг дээр бүлгийн гишүүдийн байр суурийг Д.Батцогт, Г.Уянга гишүүн нар илэрхийлнэ" гэсэн юм.
.
"Шударга ёс" бүлгийн ахлагч мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
.
-15 тэрбум төгрөг гэж ангилж татварыг тогтооно гэж байгаа. Хөрөнгө оруулалтыг том жижиг гэж ялгавартай хандан тогтоох нь үр дүнтэй юу?
-Татварын төрөл зүйл дотор хамгийн их хэмжээгээр төсвийн орлогыг бүрдүүлдэг, татварт хамрагддаг нь аж ахуйн орлогын албан татвар, гааль, НӨАТ, уул уурхай дээр роялти байгаа. Энэ татварууд дээр нэмэлт зүйл оруулж ирвэл бид татгалзахгүй. 15 тэрбум төгрөгийн тухайд уул уурхай, эрчим хүч бусад дэд бүтцийн салбарт дэндүү бага мөнгө.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хангалттай мөнгөнд тооцогдоно. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгаварлахгүйгээр 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдэд тогтворжуулалтын гэрчилгээ оруулах юм бол дотоодынх нь цөөн байгаа. Тэдэнд илүү таатай орчин бүрдэнэ. Харин орон нутагт нэг тэрбум төгрөгийн ч юм уу хөрөнгө оруулалт хийх шаардлагатай аж ахуйн нэгжүүд татварын таатай орчин бүрдэхгүй байх асуудал үүсч байна. Тийм учраас энэ татварыг Улаанбаатар, хөдөө орон нутаг гэж ангилах нь зүйтэй гэсэн санал гаргаж байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ