
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Н.Энхболд, гишүүн А.Тлейхан нар мэдээлэл хийлээ.
-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Урт нэртэй хуулийн төсөл тухайд манай бүлгийн байр суурь тодорхой байгаа. Бид хамгийн түрүүнд бодлогын нэгдмэл чанар хангагдсан байх ёстой гэж үзэж байна. Ашигт малтмалын бодлого УИХ-аар батлагдаж гарсан. Энэ хуулийн төслүүд байгаль орчинтой холбоотой. Мөнгөнөөсөө илүү байгаль орчин, амьдрах орчинд ээлтэй байх зарчмыг илүү барьсан байх ёстой. Энэ байр суурь дээр манай бүлэг хатуу зогсож байгаа. Ялангуяа Урт нэртэй хуулийн тухайд хууль хэрэгжиж байгаа газар дээр биечлэн очиж, танилцаж, нэгдсэн ойлголтод хүрэхгүй бол болохгүй.
Энэ хууль батлагдсаны дараагаар хэрэгжилт нь удаан явж байгаа. Ажлын хэсэгт зөвхөн УИХ-ын гишүүд ч бус сонирхогч бүх талын төлөөлөл оролцож байгаад шинэчилсэнтэй, хэрэгжих нөхцөл байдалтай холбоотой асуудлаар ярилцаж байж цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. УИХ-ын дарга энэ оны дөрөвдүгээр сард захирамж гарган, ажлын хэсэг байгуулаад эдийн засгийн гадаад, дотоод хөгжлийн байдал, цаашдын чиг хандлага, авч хэрэгжүүлэх ажлын талаар судалгаа хийсэн. Энэ судалгаа их бодитой дүгнэлт гаргасан юм билээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг гарсан даруйд нь УИХ-аар хэлэлцсэн бол бодлогын тодорхой асуудлаар шинэ зүйл хийгдэх байсан болов уу. Нөгөө талаар УИХ-ын зүгээс Монгол банкинд шалгалт оруулах гарцаагүй нөхцөл байдал үүсээд байна. НӨАТ-тай холбоотой, Засгийн газар, Монгол банк хоёрын хооронд тохиролцсоны дагуу хийж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явц, Чингис бондын төлөлт гээд хэд хэдэн зүйлийг тодруулах шаардлага байна. Тиймээс зөвхөн манай бүлгийн зүгээс бус УИХ дахь эвслийн бүлэг, бие даагчийн хамтарсан хүсэлт тавина гэдгийг намын бүлгийн дарга Н.Энхболд мэдээлэв.
Хөрөнгө оруулалтын тухай хууль өрсөлдөх чадвартай байх ёстой. Нэг талаас татварын орчинг сайжруулж, нөгөө талаас хөрөнг оруулагчдыг дэмжих, урамшуулах, шинэ бүлэг нэмэх ёстой юм. Хөрөнгө оруулагчдыг том жижиг гэж ялгахгүй адилхан нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг МАН-ын бүлгийн гишүүд илэрийлж байна. Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна гэж хуулинд заасан байгаа. Харин энэ шинэ байгууллагыг байгуулах шаардлагагүй, төсвөө хэмнэе гэж тэд үзэж байгаа юм байна. Учир нь шинэ байгууллага, данхайсан бүтэцтэйгээр байгуулагдахаар төсвийн хөрөнгөөс ихээхэн зардал гарна гэж үзэж байгаа аж. Хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах үүднээс Ашигт малтмалын хуулинд байгаа хугацааг хадгалах нь зүйтэй хэмээн сөрөг хүчнийхэн хэлж байна. Хөрөнгө оруулалт хөдөө орон нутаг руу чиглэсэн байвал урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг байх санал бүлгийн гишүүдийн зүгээс гарчээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-15 тэрбум гэж татварын хэмжээг зааглах хэрэггүй гэж байна. Яагаад?
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн компаниудад үйл ажиллагаа явуулахад нь тогтвортой орчныг бүрдүүлж өгнө гэсэн үзэл санаа явж байгаа. Урьд нь гарч байсан хөрөнгө оруулалттай холбоотой хуулиар компаниудыг эдийн засагтай холбож байсан зөв зүйтэй үзэл санаануудыг хэвээр хадгалж үлдэх хэрэгтэй гэж бүлэг дээр үзсэн. Тэр заалт нь үе шатлалтай. Хөрөнгө оруулалт гурван шатлалтай, үүндээ зохих тогтворжуулалтын хугацааг салбар салбарын онцлогт нь тааруулж тусгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
-Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж зарим хүмүүс үзэж байна. Танай намын залуусын зүгээс ч энэ шаардлагыг тавьж байсан. Бүлгийн тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газар, сайд нартай хариуцлага тооцох нь зүйтэй гэж байгаа. Намын бүлгийн дүгнэлтэд ч энэ талаар тодорхой дурдсан. Урьд нь бид асуулга тавьж байсан. Одоо бид олонхид хандаж намын бүлгийн дүгнэлт, байр сууриа илэрхийлнэ. Эдийн засаг, хөрөнгө оруулалтыг ийм байдалд хүргэсэн хүмүүстэй олонхи хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн шаардлагыг тавьчихаад харж байна. Олонхийн зүгээс шаардлагыг хүлээж авахгүй бол бид өөрсдөө дахин энэ шаардлагаа тавина. Бидэнд хугацаа өг, хийх зүйлийг нь харъя гэж хэлдэг. Гэхдээ хангалттай хугацаа өнгөрлөө. Эдийн засагт хүндрэл бэрхшээл учраад байгаа нь зөвхөн хууль тогтоомж, эрхзүйн орчинтой хамаарахаас гадна өнөөгийн төр эрх барьж байгаа олонхийн ажлын арга барил, ааш араншин, үйл ажиллагаандаа мөрдөж байгаа зарчмуудаас шалтгаалсан гэсэн дүгнэлт хийж байгаа. Олонхид байр сууриа тавчихаад харж байна. Энэ нөхцөл байдлыг үргэлжлүүлэхгүй байх талаар дараа дараагийн алхмуудаа хийх болно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ