“Улаанбаатар” кино наадмын бүх үйл ажиллагаа нээлттэй болно

.
Энэхүү үйл ажиллагаа нь кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэх, монгол киног дэлхийд сурталчлах, хамтарсан бүтээл туурвихад дэмжлэг авах зорилготой аж. Наадмын хүрээнд дэлхийн А зэрэглэлийн буюу өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нэр хүндтэй бүтээлүүдийг монголын үзэгчиддээ үнэ төлбөргүй хүргэх юм байна.
.
Наадмын үеэр Итали, Энэтхэг, Тайвань, Франц зэрэг есөн орны Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино наадмуудад оролцож, шагнал хүртсэн 12 уран бүтээлийг танилцуулах юм. Үүнээс гадна долоон киноны уран бүтээлчид ирж манай улсын үзэгчдэд сургалт, семинар зохион байгуулна. Мөн наадмын хөтөлбөрт 2013 оны Каннын олон улсын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоног, найруулагчдын хоёр долоо хоног, “Un Certain Regard’’, “Алтан камер” хэсэгт тус тус шагнал хүртсэн Италийн “Сальво’’, АНУ-ын “Цэнхэр уналт’’, Мексикийн “Алтан хорго’’, Сингапурын “Ило Ило’’ зэрэг бүтээл багтсан байгаа аж.
.
Тус наадмын үеэр болох бүх үйл ажиллагаа нээлттэй, кинонууд монгол хадмал орчуулгатай байгаа бөгөөд ирэх сарын 05-09-ний өдрүүдэд 16:00-20:00 цагийн хооронд “Тэнгис” кино театрт очиж үнэ төлбөргүй үзэх боломжтой. Үүнээс гадна манай улсын найруулагч н.Бямбаагийн “Алсын удирдлага”, “Шарга даага” гэсэн хоёр бүтээл Пусаны кино наадмын үндсэн програмд орсон нь том амжилт юм гэж албаны хүн ярилаа.
.
“Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцох эхний зочид төлөөлөгчид ирэх сарын 03-нд манай улсад хүрэлцэн ирэх юм.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ