Г.Мэнд-Ооёо: Хүн төрөлхтөний анхдагч ээж бол дэлхий

img

Монголын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг дэлхийд сурталчлахад ихээхэн үүрэг гүйцэтгэж  яваа Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёотой уулзаж ярилцлаа. Эрхэм уншигч та мэргэн оюундаа тунгаан болгооно уу. 

ө

-Та 2012 онд утга зохиолын хамгийн том төрөлд “Алтан Өд” шагналыг “Гэгээнтэн” хэмээх түүхэн баримтат романаараа хүртсэн. Одоо энэ номыг хүмүүс их уншиж байна. Роман бүтсэн түүхээсээ яриагаа эхэлье? Яагаад романаа Хүслийн уулан дээрээс эхлүүлсэн юм бэ? Энэ нь бас утга учиртай байх даа?

-Хүслийн уул буюу Хан Баянзүрх хайрханы оройн овоонд Ноён хутагт Данзанравжаагийн шарилыг 1937 оны егүүтгэлийн жил тахилч нь аваачин нуугаад 50 гаруй жил хадгалсан байдаг. Гэгээнтнийхээ шарилыг хүний хөлд гишгүүлэхгүй гэж. Тэгээд ч шашин бурханаа устгасан тэр цаг үед уулын оройн овоог сонгосон нь тахилчийн хамгийн зөв шийдвэр байжээ. Мэдээж тийм эрхэм нандин эрдэнээ 50 жил өдөр болгон дурандаж, үе үе эргэж тойрно. Тахилч Түдэв өвгөний байранд өөрийгөө тавьж Хүслийн уулан дээрээс алсыг халиаж, бясалгаж суухдаа би романыхаа гол зохиомжийг олсон юм.

а

-Д.Данзанравжаа Монголд төдийгүй дэлхийд алдартай хүн. Ийм агуу хүний ертөнцөд нэвтэрнэ гэдэг тэр тусмаа түүхэн роман бичнэ гэдэг амаргүй шүү дээ? Ноён хутагтыг нууц тарнигүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Тэгэхээр та түүхээс гадна шашны талаар чамгүй мэдлэгтэй байх нь ээ?

-Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах хөтөлбөрийг би анх боловсруулж, төслийг  зургаан жилийн турш удирдсан. Монголын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, зах зээлд шилжих хомсдолын он жилүүдэд тэр том бүтээн байгуулалтыг удирдах, хөрөнгө босгох ажил амаргүй байлаа. Уран бүтээлээ хийх бүхий л цагаа би их шүтээнийг бүтээн босгох ажилд зориулсан даа. Гэхдээ би түүндээ огт харамсдаггүй, харин ч би бурханы шашны мөн чанар луу мухар сүсгээр бус эхлээд шинжлэх ухааны танин мэдэхүйн түвшинд, дараа нь дотоод ертөнцийнхөө мэдрэмжээр нэвтэрсэн гэж боддог. Энэ маань арав гаруй жилийн дараа “Гэгээнтэн” романыг бичих бэлтгэл байж дээ гэж одоо бодогдож байна. Данзанравжаа хутагтын нууц тарнийн хүчийг эзэмшсэн увдис чадлыг ер нь юу юм бэ гэж ойлгохын тулд бясалгал хийх зөвшөөл эрх авч нууц тарнийн судар ном руу нэвтрэх оролдого ч хийсэн. Гэхдээ би нийтлэг хүмүүст “нууц тарни” гэж юу болохыг хутагтын эрдмээр дамжуулан энгийн ойлгомжтой үгүүлж чадсан гэж бодож байна.

бө

-Одоогоос 32 жилийн өмнө таны “Дэлхий ээж” хэмээх сайхан дуу бүтжээ. Сайн  бүтээл урт настай байдгийг нотолж өнөө үед ч бидний аялах дуртай дуу хэвээрээ байгаа. Та дэлхий ээжтэйгээ хэрхэн харьцдаг вэ?

-Уул ус, байгаль дэлхийг би эзэнтэй сүлдтэй хүний адил баярлаж гомдож байдаг амь сүнстэй гэж их багаасаа ойлгох болсон юм. Тийм ч учраас хүн төрөлхтөний анхдагч ээж бол Дэлхий гэж бичсэн. Миний энэ дуу ийм л агуулгатай. Сайхан хөгжим сайн дуучны буянаар 30 гаруй жил дуулагдсан ч утга агуулга нь ер хуучираагүй цоо шинээрээ байгааг мэдрэхэд сайхан санагддаг. Одоо эргээд харахад миний бараг бүх зохиолд байгаль дэлхийгээ хүнчилэн хайрлах үзэл санаа нэвт шингэсэн байдаг юм байна даа гэж бодогддог. Бодвол угаас байгаль дэлхийтэйгээ зохицон, ээлтэй ивээлтэй амьдарсан нүүдэлчин өвгө дээдсээс оюун сэтгэл бие цогцост минь шингэн өвлүүлж өгсөн үнэт зүйл, бас газар шороогоо гэх монгол хүний эрхэм нандин чанар байхаа даа.

ө

-Таныг монголын утга зохиолыг дэлхийд зуучлагч гэдэгтэй маргах хүн ховор. Монголын яруу найргийг дэлхийн түвшинтэй харьцуулахад аль хавьд нь явна?

-Монголын яруу найргийг дэлхийн төвшинд хаана нь байна вэ? гэсэн маягийн асуулт их гардаг юм. Зарим нь тэр түвшинд хүрэхэд 100 жил хэрэгтэй гэдэг, зарим нь дэлхийн зиндаанд гэдэг. Хоёр туйл хариулт гараад байгаа юм. Миний хувьд хоёр дахийг нь баримталдаг. Би саяхан бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж “Гурван зуун шүлэгт” хэмээх антологи хийлээ. Тэр антологийг үзсэн бол миний хариултыг олох байх.

-

-“Гурван зуун шүлэгт” хэмээх 300 гаруй хуудастай том антологи гарсан байна л даа. Тэгэхээр та Монголын яруу найргаа дэлхийн дэвжээнд эн тэнцүү тавих өөрийн бодол санаагаа үүгээрээ гарган тавьсан гэж үзэж болох уу? 

-Яруу найраг бүтээгээгүй ард түмэн байхгүйтэй адил, монголчууд яав ч бусад үндэстнээс яруу найргийн сэтгэлгээ, ур, уянга, гүн ухаанаараа дутахгүй гэж би үздэг. Тиймээс ч уншигчдаа харьцуулан үзэх боломж олгох үүднээс Хүнннүгийн үеийн дуунаас эхлээд Нууц товчооны шүлэг, Чойжи-Одсэрийн найргаас эхлээд Д.Нямсүрэнг хүртэлх арав гаруй зохиогчийг хүн төрөлхтөний яруу найргийн суутнуудтай эн зэрэгцүүлэн анх удаагаа гаргаж тавилаа.

бө

-Өрнийн орнуудын яруу найргийн антологиудад монголын яруу найрагчдаас ордоггүй байсан гэсэн үг үү?

-Өрнийн алдартай антологиудад монгол яруу найраг ордоггүй байсан нь манай утга зохиол өрнө дахинд танигдаагүй, орчуулагдаагүй, судлагдаагүй явдалтай холбоотой. Түүнээс биш, манай яруу найраг тэдний зиндаанд хүрэхгүйдээ биш.

-Яаж батлах юм?

-Харьцуулаад үзэх л хэрэгтэй. Грекийн яруу найрагч Хомер, Сапфогийн үед бидний өвөг нүүдэлчдийн зохиосон дуу шүлэг олдсоор л байна. Италийн Ф.Петраркагаас 50 жилийн өмнө, Английн анхны их шүлэгч Ж.Чосероос, бас Францын яруу найрагч Ф.Вийоноос 100 орчим жилийн өмнө манай Чойжи-Одсэр олон алдартай шүлэг дууллуудаа туурвиж, орчуулга хийж байжээ. Америкад анхны яруу найргийн ном 1627 онд хэвлэгдэхээс гурван жилийн өмнө Цогт тайжийн шүлгийг чулуун номонд сийлсэн байх жишээтэй. Манай Данзанравжаа, Оросын суут А.С.Пушкин, сонгодог яруу найрагч Тютчев, Америкийн Эмерсон, Эдгар По нартай үе чацуутан төдийгүй, сэтгэлгээгээр ч, яруу найргаараа ч, соён гэгээрүүлэх үйлсээрээ ч дутуугүй. Ийм л учраас би дэлхийн яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд өөрийн үндэстний яруу найргийг нилээд томоор гарган тавих мөрөөдлөө биелүүлж буй нь энэ юм. Зөв бурууг хойч үе шүүх буй заа.

а

-Та яагаад антологио яагаад “Гурван зуун шүлэгт” гэж нэрлэсэн бэ?

-Монголчуудын цоморлиг бүтээж цогцлоох уламжлалд иймэрхүү нэр байдаг л даа. Миний антологид “Бүх цаг үеэс сонгосон яруу найргийн дээж” гэсэн тодотгол байгаа. Миний хувьд анхны оролдлого тул энэ удаа 300 хүргэлээ. Дараа нь 500 шүлэгт, 1000 шүлэгт хэмээн нэмэгдэх магадлалыг бас бодолцсон юм.

а

-Өнгөрсөн хугацаанд уран бүтээлийн өндөр олзтой байсан. Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллах вэ?

-Хоёр оны зааг дээр уншигчдадаа дахиад нэг роман барих санаатай ажиллаж байна.

а

-Нууц биш бол шинэ романыхаа сэдэв агуулгыг хэлж болох уу?

-Төрөөгүй хүүхдэд нэр өгдөггүй биз дээ.

ө

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бүтээлч хүн юмаа:
Гэгээнтэн романыг нь уншсан. Үнэхээр говь нутгийн минь сайхныг нүдэнд харагдтал бичсэн байна лээ. Равжаа хутагтын минь амьдрал бүтээлийг их сайхан бичжээ. Таньд баярлалаа. Энэ шүлгийн номыг нь олж уншинаа, хаяа шүлэг уншиж эрч хүч авдаг шүү.
2013-09-24
dddd:
өө тим үү. би мэддэгүй байжээ)
2013-09-24