О.Чулуунбат: Эрх мэдэлтнүүдийн бололцоо нь ихсээд, хувийнхны итгэлийг алдагдуулж байна

img

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан ширүүхэн өрнөв. Тус байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох” үүрэг бүхий УИХ-ын  даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон юм.

.

Уг  энэ  тайланг хаврын  чуулганы хугацаанд багтаан  сонсох байсан хэдий ч зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаатай давхцаж, зарим гишүүдийн зүгээс  хойшлуулах хүсэлт тавьсан нь  ийнхүү өнөөдрийг хүрсэн байна. Гэхдээ байнгын хорооны гишүүд энэ судалгааг  хэдийгээр зургадугаар сард хийгдсэн ч цаг үеэ алдаагүй, өнөөдрийн байдлыг бататгасан бодитой судалгаа хийгджээ гэж ам  сайтай байна лээ.

.

Судалгааны үр дүнд  Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тухайн үеийн байдал  үнэлгээ хийж, өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй тулгамдсан асуудлууд болон бодитой шалтгаанууд байгааг таван чиглэлээр гаргаж Засгийн газарт хүргүүлсэн юм байна. Тухайлбал, улс орны эдийн засгийн гадаад орчин, гадаад харилцаа чиглэлээр явуулсан судалгаагаар эдийн засаг бүхэлдээ уул уурхай, импортоос хэт хамааралтай, зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ төдийлөн өсөхгүй, экспортын хэмжээ буурах зэрэг эрсдлээс шалтгаалан эдийн засагт цэвэр дүнгээр орж ирэх валютын хэмжээ буурч, улмаар гадаад худалдааны алдагдал нэмэгдэж болзошгүй гэж дүгнэжээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олон улсын зээлжих зэрэглэл буурсан байна.

. Уул уурхайн томоохон ордуудыг түшиглэсэн төмөр замын сүлжээ одоог хүртэл баригдаж эхлээгүй байгаагаас гадна одоогийн сүлжээ ачаа нэвтрүүлэх хүчин чадал бага, төмөр замын суурь бүтэц эзэмшигчдийн зүгээс тээвэрлэлтэд тавьдаг хориг саад их, төмөр замын тээврийн тарифын бодлого, тогтолцоо төлөвшөөгүй, үндсэндээ төмөр замын тээвэрлэлтийн үйл явцыг нарийн зохицуулсан эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байна.

. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүтэц ихээхэн өрөөсгөл, нийт шууд хөрөнгө оруулалтын 85 орчим хувь нь уул уурхайн салбарт оногдож байгаа нь улсын эдийн засаг, экспорт нь цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамаарсан бүтэцтэй болсныг харуулж байгаа юм.  Манай Улсад хөрөнгө оруулалтыг дэмжсэн, урамшуулсан эсхүл хөнгөлөлт олгосон эрх зүйн цэгцтэй орчин бүрдээгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шаардлагатай салбар, үйлдвэрт болон хөдөө орон нутагт ялгавартай татах “урамшууллын” тогтолцоо байдаггүй аж. 2012 онд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал өмнөх жилүүдэд байгаагүй өндөр түвшинд хүрсэн нь мөчлөг дагасан төсвийн бодлого, ирээдүйн экспортын орлогоо барьцаалж авсан богино хугацаатай зээлээр санхүүжүүлсэн нийгмийн хавтгайрсан халамж буюу бэлэн мөнгө тараалт, гадаад секторын эрсдэлд өртөмтгий эмзэг байдал, эрдэс баялгийн салбараас хэт хараат байдал зэргээс шалтгаалсан  байна.  Нэгдсэн төсвийн орлогын хэт өндөр төсөөлөл, гадаад орчны таагүй орчноос шалтгаалж тасарсан тохиолдолд төсвийн алдагдал 6-8 хувь болох магадлалтай байна. Энэ нь өндрөөр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тасрах эрсдлийг дагуулж байгааг судалгаанд дурджээ.

.

Судалгааны дүнг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар танилцуулсны дараагаар гишүүд ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авлаа. .

УИХ-ын гишүүн  А.Тлейхан:

-Урсгал дансны алдагдал  яагаад өндөр байна вэ?  Чингис бондын мөнгө төсөвт дарамт учруулж байна уу?

.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат:

 -Урсгал дансны хувьд арилжааны банкууд болоод  гадаадын хөрөнгө оруулалттай  компаниудын харилцах дансны үлдэгдэл гадагшлах хандлагатай байгаа. Мөнгө орж ирэх нь багасч,  гарах нь ихэссэн тул валютын ханш өсөхөд нөлөөлж байна.  Төсвийн алдагдал оны эхнээс тасарч байгаа. Оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 6- 8 хувьд хүрч магадгүй.  Энэ нь  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчигдөхөд хүрнэ. Цаашлаад  гадныхны итгэл буурахад ч нөлөөлж мэднэ. Харин Чингис бонд төсөвт дарамт болохгүй, харин ч тус нэмэр болж байгаа гэлээ.

.

-Таны мэдээллээс эдийн засаг хүндэрсэн гэж ойлгож болох уу?

-Энэ судалгааны материалаас ч харагдаж байгаа байх. Эдийн засаг хүндэрсэн, цаашид ч хүндрэх төлөвтэй.  Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2.9 их наяд төгрөгийн санхүүжилтыг Засгийн газар, Монголбанк хамтарч хийсэн, төрийн оролцоо, зохицуулалт их байгаад анхаарч дорвитой арга хэмжээ авах шаардлага байгаа.

.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Төрийн оролцоо их байгааг юу гэж үзэж байна вэ? 

-Төрийн оролцоо их байна гэдэг Оюунхорол гишүүний саналтай нэг байна. Энэ судалгааг сайн хийсэн. Төрийн оролцоо ямар салбарууд дээр байна вэ. Төрийн өмчийг нэмж,  оролцоог  ихэсгээд, зохицуулалтыг чангалаад  байгаа нь эрх барьж байсан хоёр намын хамтын бүтээл  л дээ. Энэ нь өнөөдөр  хувийн хөрөнгө оруулагчдад зах зээлийн  итгэлийг алдуулаад байна. Төрийн дарга нар болоод эрх мэдэлтнүүдийн бизнесийн бололцоо нь ихэсээд байдаг. Олон улсын авлигийн индексээр манайх сүүлээсээ хоёрдугаарт орсон байна лээ. Нийт 160 гаруй орон хамрагдсан байсан. Иргэдийг бэлэн  мөнгөний хэрэгцээнд их дасгаж байна.Тансаглах асуудал дээрээ хоёр нам улс төрийн зөвшилцөлд орох хэрэгтэй. Банкны зээлийн хувьд муу зээлийн хэмжээ 2-3 хувиас хэтрэхгүй байсан. Энэ нь дэлхийн дундаж хэмжээнд байгаа. Ханшаа алдаад эхлэхээр арилжааны банкууд дээр муу зээл нь ихэсдэг. Ханшны зөрөөнөөс болоод арилжааны компаниудын муу зээл ихэснэ.

Ийнхүү байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхэнд асуулт тавьж, санал хэлсний дараагаар дээрх судалгааны тайлангаас үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж байв.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Turuus yanz buriin ium avahaa boliochee
2013-09-25
zuunii luivarchin:
tord uchruulsan olon sayiin oroo tolood daraa ni olon ym uari
2013-09-24
zochin:
Unen,chuluunbat-tai turiin bolomjiin talaar sanal neg baina.Turiin alban haagch nariin erh medel denduu,hubiin business-iig habchij baina tegeed uursduu business hiigeed baina.Tusub tanah hamgiin zub arga bol ene huluu aldsan ih tusubuus tsalin,tetgeleg abch amidardag gahainuudiig 50% tsuulmuur baina.tegeh ym bol hubiin business-uud undiiguud irne ajliin bair shineer bi bolno.
2013-09-24