Төрөөс баримталж буй бодлогод бизнес эрхлэгчид сэтгэл дундуур байна
Төрийн ордонд өнөөдөр компанийн захирлууд чуулж байна. Хоёр жилд нэг удаа зохиогддог “Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган-2013” энэ удаа “Эдийн засгийн хүндрэл, түүнийг даван туулах арга замууд” сэдвийн дор үл хөдлөх хөрөнгө барилгын салбар, тээвэр ложистик жижиглэн болон гадаад худалдаа, үйлдвэрлэл бичил жижиг дунд бизнесийг дэмжих, банк санхүүгийн салбар гэсэн дөрвөн хэсэгтэйгээр зохион байгуулагдаж буй юм. Дээрх дөрвөн хэсэг тус бүр дээр оролцогчид өөрсдийн эрхэлдэг бизнестэй холбоотойгоор гарч буй хүндрэл бэрхшээлүүдээ ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж байв. Хуралдааны төгсгөлд дээрх дөрвөн чиглэлээс бизнэс эрхлэгчдийн хэлсэн 10 хүртэлх санааг аваад өмнө нь боловсруулсан 60 орчим заалт бүхий номтойгоо нэгтгэж үр дүнгийн баримт бичиг гаргах аж. Үүнийгээ УИХ-аар эдийн засгийн гадаад дотоод байдлын асуудал хэлэлцэгдэж байгаа энэ үед оруулж, хэлэлцүүлнэ хэмээн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ярьж байв.
.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг чуулганы үеэр хэлсэн үгэндээ татвар төлөгчдийн зовж олсон мөнгийг төсвөөс зарцуулахдаа хэтэрхий хайнга, үрэлгэн хандаж байгааг шүүмжилж байв. Мөн энэ оны төсөвт их хэмжээний хөрөнгө оруулалт оруулна гэж төсөөлөөд тэр хэмжээгээрээ зардлаа тааруулжээ. Иймээс ирэх сард УИХ-ын ээлжит чуулганаар төсөвт тодотгол хийж, урсгал зардлыг танах талаараа мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр “Төр бүх зүйлд оролцохгүй. Гэхдээ ч мах, гурил, дизел түлш, барилгын материал гэсэн тодорхой хэдэн зүйл дээр оролцохоос өөр аргагүй. Жилийн өмнө нефть импортлогчидтой уулзаж тохиролцсоны үр дүнд өнгөрсөн хугацаанд гарсан валютын ханшийн өсөлт шатахууны үнийг өсгөөгүй” хэмээв. Харин ЗГХЭГ-ийн дарга Ч.Сайханбилэг “Сүүлийн таван жилд гадны хөрөнгө оруулалтыг бууруулах талаар хийж байсан бодлогын дүнд өнөөдөр гадны хөрөнгө оруулалт хамгийн их хүнд байдалд орсон. Уг нь гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг 94 улсыг манайх тэргүүлдэг. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчдад хандах хандлагаараа 84 дүгээр байрт орсон” хэмээв. Мөн гадаад худалдаа, эрчим хүчний салбарын хөгжил муу байгааг тэрбээр хэллээ. Импорт, экспортыг сайжруулах үднээс Засгийн газраас гааль дээр бүрдүүлэх 12 бичиг баримтыг 6 болгоод цөөлжээ. Гэтэл энэ дотроо гаалийнхан өмнө нь шаардаж байсан 10 гаруй бичиг баримт авах заалтаа оруулчихсан нь өмнөхөөсөө ялгаагүй шахам болсон аж. Гэтэл энэ талаар компаниуд гомдол огт гаргахгүй, дасан зохицчихсон байгааг хэлж, болж бүтэхгүй байгаа зүйлсээ хэлж ярьж байхыг компанийн захирлуудад хандаж хэллээ.
.
Чуулганд оролцогчдын зүгээс тавьж байсан нийтлэг асуудал нь Нэмүү өртгийн албан татварыг бууруулах, том жижиг гэлтгүй бизнес эрхлэгчдэд санхүүгийн өршөөл үзүүлэхийг хүсч байсан юм. 2008 онд гаргасан санхүүгийн өршөөлд зөвхөн цөөн хэдэн томоохон компаниудыг хамруулсны улмаас, бизнес эрхлэгчдийн гурван хувь л үүнд багтжээ. Иймээс татварын өршөөлийг үзүүлбэл компаниуд санхүүгийн хүндрэлээс гарах болно хэмээн тэд хэлж байв. Мөн Засгийн газраас хэдийгээр бизнесийн орчныг сайжруулах талаар олон бодлого хэрэгжүүлж байгаа ч үүний үр өгөөж нь бага байгаад бизнес эрхлэгчид сэтгэл дундуур байгаагаа чуулганы үеэр хэлсэн.
.
Төрөөс бодлогоо өөрчлөхгүйгээр орон сууцны үнэ буухгүй гэв
.
Үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарын хэлэлцүүлгийн үеэр оролцогчид барилгын салбарын хүнд суртал, тусгай зөвшөөрлийн талаар шүүмжилж байв. Иймээс үүнийг яаралтай төрийн бус байгууллагуудад шилжүүлж, хамтран ажиллах санал гаргахыг шаардаж байсан юм. Мөн орон сууцны үнийг барих нь яамны хийх ажил биш. Яам барилгын чанарын тал дээр бодлого барих хэрэгтэй гэлээ. Тодруулбал, бизнес эрхлэгчдийн хурдыг төрийн байгууллага гүйцэхгүй байгаа аж. Хувийн компаниуд шинэ дэвшилттэй техник технологиудыг нэвтрүүлье гэхээр төрөөс батласан норм дүрэм стандарттай нийцдэггүй байна. Иймээс үүнийгээ өөрчилж байж, орон сууцны үнийг бууруулах талаар ярих хэрэгтэйг бизнесийн хэлэв. Харин одоогийнхоороо байвал хэзээ ч иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах талаар бодох ч хэрэггүй гэнэ. “Барилга.мн” мэдээллийн төвийн захирал Г.Батсүх “Өнөөдөр зөвшөөрөлгүй олон барилгуудыг зогсоох талаар ярьж байна. Гэтэл энэ орон сууцнууд чинь бүгд орон сууцны нийлүүлэлтийг л нэмэгдүүлж байгаа. Иймээс тэднийг хааж боохын оронд зөвшөөрлийг олгож, үйл ажиллагааг нь хотын захиргаа дэмжих хэрэгтэй” хэмээн хэлж байв. Мөн барилгын зуурмаг, арматурын чанарыг нэг газарт шинжлүүлдэг. Гэтэл үйлдвэрлэгч нь өгч шинжлүүлэхээр нэг өөр хариу гараад, худалдаж авсан захиалагч нь өгөхөөр бас нэг өөр хариу гардгаас цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг хэлж байсан юм.
.
Тээвэр ложистикийн чиглэлээр нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна
.
Харин тээвэр ложистик, жижиглэн болон гадаад худалдааны хэлэлцүүлгийн үеэр тээвэр ложистикийн чиглэлээр төрөөс тодорхой бодлого байхгүй байгаа нь тухайн салбарын хөгжилд муугаар нөлөөлж буйг энэ чиглэлийн олон бизнес эрхлэгчид хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл манай улсын тээвэр ложистикийн хөгжил маш сул байгаа нь төрөөс өнөөг хүртэл нэгдсэн бодлого гаргаагүйтэй холбоотой аж.
.
Мөн 1997 онд Дэлхийн Худалдааны байгууллагад элссэн атлаа өнөөг хүртэл экспорт, импортыг сайжруулах чиглэлээр дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй байгааг хэлж байв. “Бридж” группын ерөнхийлөгч Л.Даваажаргал “Дотооддоо валютаар худалдаа хийхийг хориглосон хэрнээ банкуудыг ам.доллароор зээл гаргахыг хориглохгүй байна. Энэ нь валютын ханш хөөрөгдөх шалтгаан болж байна. Манай компани валютын ханшнаас үүдэж маш их алдагдал хүлээсэн. Манайх Засгийн газраас зарласан томоохон тендерт оролцож ялдаг. Ингээд уул уурхайн компаниудад 700 орчим сая ам.доллараар үнэлэгдэх тоног төхөөрөмж нийлүүлж байна. Гэтэл улсын байгууллагууд нь хугацаандаа төлбөрөө төлдөггүй. Ингээд хагас жилийн дараа төлбөрөө хийхээр нөгөө мөнгийг нь бид валют болгоход ханшийн зөрүүнээс болж маш их хэмжээний алдагдал хүлээж байна” хэмээв. Мөн улс орны өмнө тулгараад байгаа энэ хүндрэл бизнес эрхлэгчдэд маш хүндээр тусч байгааг дээрх чуулганы үеэр бизнес эрхлэгчид хэлж байсан юм.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ