“Эко”-гийн байшинг эдэлж чадаагүй Иргэн та “буруутан”
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Эко констракшн” компанийн барилгууд болон Богд Ар хороололд хийсэн шалгалтын дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. Шадар сайдын хэмжээнд хүртэл яригдаж, удаа дараагийн хяналт шалгалтад өртсөн Эко констракшн компанийн 48 барилгад өнгөрсөн тавдугаар сард шалгалт хийж, зөрчил арилгах албан шаардлага хүргүүлсэн аж. Энэ дагуу тус компани график гаргаж ажиллаж, засвар үйлчилгээ 60-80 хувьтай явж байгааг компанийн төлөөлөл мэдэгдэв. Тус компани Баянзүрх хотхон, Баянгол I, II, Маршил хотхон, Голден парк, Хаан суудал, Нарлаг, Тэмүүлэл зэрэг нийтдээ 50 орчим барилга байгууламж барьсан аж. 3-7 жил ашиглагдаж байгаа барилгууд байнга хэл ам дагуулж, мэргэжлийн хяналтын байгууллагыг гомдлоор дарж байдгийн гол учир нь оршин сууж байгаа иргэдэд байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл “Эко”-гийн барилгыг иргэд ашиглаж чадахгүй байгааг мэргэжлийн хяналтын байгууллага цухалзуулж, хариуцагч компани ам бардам хэлж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгын хэлснээр зөрчил доголдол нь иргэдийн үүрэгтэй шууд холбоотой бөгөөд ашиглалттай холбоотой зөрчил их байдгийг дуулгав. Харин “Эко констракшн” компанийн төлөөлөл шуудхан иргэдийг буруутгасан. Зүгээр байж байгаа хана таазнаас ус гоожиж, хагарч цуурахгүй гэх ухааны юм ярьж, чанаргүй материалаар барьсан бол 3-4 шатны шалгалт хийдэг мэргэжлийн хяналтын байгууллага бидний үйл ажиллагааг зогсоох ёстой хэмээн хэнэггүй царайлж зогсоно лээ.
.
Яриад ч нэмэргүй Богд Ар
Богд Ар хорооллын эхний барилга 2006 онд баригджээ. Нийт 24 барилгын 17-д нь мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт орсон аж. Уг шалгалтаар зөрчлүүдийн 52,94 хувь нь барилгын дээвэр, 47,06 хувь нь цэвэр усны шугам сүлжээ, 76,47 хувь нь агаар сэлгэлт, 35,29 хувь нь цахилгааны шугам сүлжээнд гарсан байна. Шалгалтын дүгнэлтээс харвал чанарын шаардлага хангахгүй материалаар технологийн алдаатай гүйцэтгэл хийсэн нь шугам сүлжээ, дээврийн гэмтэл гарахад нөлөөлжээ. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага СӨХ-д дүгнэлт, “Богда Холдинг” компанид шаардлага хүргүүлсэн байна. Одоогоор засвар үйлчилгээний ажил 65 хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ сарын 30-нд дуусгах учиртай аж.
.
Нүд хуурагчдын толгойг хэдий хүртэл илэх вэ?
Тэд энэ барилгад хяналт шалгалт хийсэн дүнгээ байнга танилцуулж байдаг учраас мэдээлэл чухал байсангүй. Харин байнга хэл ам дагуулж, гомдлоор тасардаггүй зөрчил гаргагчид өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулаад байгаа нь сонин байв. Дараагийн блокоо барьж дуусаагүй байхад эхнийхээс нь доголдол илэрдэг компаниудад албан шаардлага хүргүүлэхээс цааш хэтэрдэггүйн шалтгаан юу вэ. Тухайлбал, барилгын салбарын зөрчил доголдол бүхэнтэй нэр нь холбогддог “Эко констракшн”-нд албан шаардлага хүргүүлж, шалгалт нэрээр хэл амыг нь зохицуулах гэж гүйхээс залхмаар юм, мэргэжлийн хяналтынхан. Шуудхан тусгай зөвшөөрөлтэй нь ярьж, чанарыг эрхэмлэх биш илэрхий бодит болгосон цагтаа сэргээ гэж болмоор. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагад тусгай зөвшөөрөлтэй ярих эрх мэдэл байдаггүй, Барилгын хөгжлийн төвд асуудал тавихаас цааш хэтэрдэггүй гэнэ. Барилгын хөгжлийн төв дамжин өнгөрөх, асуудлыг Барилга хот байгуулалтын яам бүрэн шийдвэрлэнэ. Ийн шат дамжлага дунд мэргэжлийн хяналтын асуудал гадна дотны нөлөөллөөр завхран өнгөрдөг нь гарцаагүй. Тиймдээ ч барилгын зөрчил доголдол, нүд хуурагчдын асуудал улиг болтлоо яригдаж эцэстээ намждаг. Энэ асуудал шинэ барилгуудад баталгаа гаргадаг улсын комиссынхонтой шууд хамаатай. Ус, дулаан, цахилгаан, барилгын зураг төсөл, гүйцэтгэл бүхний ард гараа үсгээ зурдаг тэр эрхмүүд юу хийдгийг лавлавал мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Мягмар “цаана нь юу байгааг мэдэхгүй” гэсэн хэтэрхий хайнга хариултыг өгч байсна. Хянаж байгаа нь ч хайнга хандаж, хянуулагч нь ч хулхидсан барилгын салбарын балаг дуусахгүй нь ээ.
.
В.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ