Баялаг эрүүл мэндээс илүү үнэтэй юу

img

Эдийн засаг хурдацтай хөгжиж байна л гэнэ. Үр нөлөөг нь ард түмэн чамгүй хүртэж байгаа талаар төр засгийн удирдлагууд ам өрсөн ярьцгааж байна. Болно оо бид мөнгөтэй байж болно. Гол нь эрхэм баян юу гэдэг билээ эрүүл мэнд гэдэг дээ. Нэг кг алт, зэс тэгээд өөр юу байдаг юм ашигт малтмалыг гаргаж авах хийгээд боловсруулж улмаар эцсийн бүтээгдэхүүн хийхэд хэдий хэмжээний химийн хорт бодис, ус шаардагддагийг мэргэжлийнхэн сайн мэднэ. Харин хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг өнөөг хүртэл эрүүл мэндийн салбарынхан огт тооцож байсангүй. Хонгорынхон, Улаанбадрахынхнаас өгсүүлээд ашигт малтмал олборлож байгаа газар бүхэнд ийм асуудал сөхөгддөг ч шийдвэрлэж байсан нь нэгээхэн бээр ч үгүй. Уул уурхайн салбар багагүй хугацаанд Монголын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр байх нь. Том боломж том эрсдлийг дагуулдаг хойно, хөгжлийн энэ боломжтой хамт хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгэм, байгаль орчны хүчин зүйлүүдээр нөхцөлдсөн эрүүл мэндийн эрсдэл тулгарах бодит магадлал бий. Тиймээс учирч болох эрсдлүүдийг урьдчилан харах, зайлсхийх, нөлөөллийг бууруулах үйл явц уул уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт түрүүлэн буюу зэрэгцэн явагдаж байх ёстой юм. Уул уурхайн салбар өндөр хөгжсөн орнуудад эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг заавал хийдэг. Уул уурхайн компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа эрсдэлгүй, тогтвортой байлгах үүднээс, мөн зарим нь компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарласны үндсэн дээр санаачилгаараа ЭМНҮ-ээг хийх нэгэн байхад ихэнх нь үүнийг нэмэлт дарамт, шаардлагагүй зүйл гэж хүлээж авдаг.

.

Баялаг чухал л даа. Гэхдээ хүн амынхаа эрүүл мэндээр дэнчин тавьж байж эдийн засгийг өгсгөх шаардлагатай юу гэдэг асуулт л чухал. Японы Минаматогийн гашуун дурсамжийг хэн ч мартах ёсгүй. Хүн дүрсгүй ураг, хэдэн зуугаараа үл мэдэгдэх шалтгаанаар хордож үхэцгээсэн хүмүүс. Ялангуяа манайх шиг байгалийн баялаг ихтэй улс оронд давтагдахгүй гэхийн баталгаа алга. Баталгааг хэн гаргах ёстой вэ. Ордуудыг хэрхэн яаж ашиглах гэрээндээ байгаль орчиндоо хэр нөлөөлөх вэ гэсэн өнгөцхөн гэрээ үзэглэхээс биш хүн амьтанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг нь тооцож салбарын яам нь зөвшөөрлөө өгч байсан тохиолдол даанч алга.

.

Хамгийн их эрсдэл дагуулж болзошгүй бөгөөд хамгийн үр ашигтай Оюутолгойн гэрээн дээр ч гэсэн Эрдэс баялгийн яам, Байгаль орчны яамны сайд нар гарын үсэг үзэглэсэн болохоос биш Эрүүл мэндийн яам нь ямар нэгэн болзол тавиагүй, үүрэг хүлээлгээгүй шүү дээ. Өнөөдөр бид энэ гэрээг дахин эргэн харж байна. Үүнд заавал Эрүүл мэндийн яам оролцох учиртай. Олон улсын хийгээд өөрсдийн норм нормативийг тусгах ёстой. Энэ шаардлага стандартыг хангахгүй бол уучлаарай та манайд ашигт малтмал олборлох, ашиглах эрхгүй гээд л гэдийчих ёстой. Хүнийхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж гэмээн улс гэр цэцэглэх ёстой шүү дээ.

.

Мэргэжлийн хүний хэлж буйгаар уул уурхайн төсөл эхлэхээс өмнө тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэнд ямар түвшинд байв гэдгийг тогтоох. Ингэснээр тухайн төсөлтэй холбоогүй ямар нэгэн суурь өвчлөл, эмгэг өмнө нь байсан эсэхийг тогтоож, үгүй тохиолдолд хүн амын эрүүл мэндийн суурь үзүүлэлт, мэдээллийн баазаа бий болгож авна. Явцын дунд эдгээр үзүүлэлтийг тоон болон чанарын аргуудаар давтан үнэлэх замаар хяналтыг тавьж тархвар зүйн аргаар эрүүл мэндийн эрсдэл, эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлс болон өвчлөлийн хоорондын уялдаа хамаарал, түүний нөлөөлж буй хэмжээг тогтоох боломжтойгоороо ЭМНҮ шинэлэг бөгөөд давуу болох юм. Нэг иргэний биш нийтийн эрүүл мэнд гэхээр манайх хуучны лоозон уриа шиг хүлээж авдаг. Үгүй юм аа. Нэг нь нийтийг бүрдүүлдэг ч нийт нь нэгийг бий болгодог болохоор нийтийн эрх ашгийн үүднээс Эрүүл мэндийн яам нь асуудалд хандаад нийтийн эрх ашгийг хөндөж болзошгүй аливаа эрсдлийг уул уурхайн төсөл хэрэгжихээс өмнө зогсоодог механизмтай болмоор байгаа юм.

.

Хэдхэн жилийн өмнө 3000 хүрэхтэй үгүйтэй байсан Ханбогд сумын хүн ам өнөөдөр даруй 10 дахин нэмэгдсэн болохоор өсөн нэмэгдсэн энэхүү хэрэгцээнд нь нийцсэн эрүүл мэндийн суурь үйлчилгээ мөн л 10 дахин нэмэгдэж байх ёстой. Дээр нь дуу чимээ, хөрс, агаар, усны чанар, тоосжилт гэх мэт эрсдэлт хүчин зүйлүүд хүмүүсийн эрүүл мэндэд огт нөлөөлөхгүй байгаа гэвэл эндүүрэл. Нам гүмхэн амьдарч байсан хүмүүсийн амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж байна. Энэ бол цуглуулсан татвараа ашиглан төрийн зүгээс анхаарал тавих асуудлын жишээ шүү. Эцсийн бүлэгт нийгмийн олон хэсгийн эрх ашгийг хөндөн байж бид баялаг бүлээж байгаа. Тэр зөрчин буй стандартуудын эрсдлийг багасгах нь төрийн үүрэг байлтай билээ.                  

.

Н.Бадамжав

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

keke:
Xeden yyrxainyyd chin xaagdaxaar ulburj yxeerei ta nar...
2013-09-26