Жилд 38 тн алт олборлож, 1.7 тэрбум ам.доллар олно
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр геологи, уул уурхайн салбарт хийгдсэн ажлаа олон нийтэд танилцуулсан юм.
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт орохгүй гэдгийг энэ үеэр уул уурхайн сайд хэлж байв. Харин энэ хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Ингэснээр энэ хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэж, байгаль орчин нөхөн сэргээгдэнэ хэмээв. Түүнчлэн Монгол улс жилд Оюутолгойн алтыг оруулаад манай улс жилд 38 тн алт олборлосноор одоогийн ханшаар 1.7 тэрбум ам.доллар олох аж.
.
Энэ онд ДНБ 12 орчим тэрбум ам.доллар болно
.
Тодруулбал “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төслийг манай яамнаас боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Ингэснээр Монголбанкны гадаад валютын нөөц жилд 1.7-2.0 тэрбум ам.доллар, 5 жилд 8.5-10 тэрбум ам.доллар болох аж. Ингээд Монгол улсын ДНБ 2013 онд 12 орчим тэрбум ам.доллар болохыг салбарын яамнаас мэдэгдэв. Тус хуулийн төсөлд алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай байхаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг хамтад нь боловсруулжээ. Энэхүү хууль таван жилийн хугацаанд тогтвортой мөрдөгдөх юм байна. Оюутолгойн хувьд гэрээнд зааснаар суурь роялтигийн 5 хувиа төлнө. Харин өсөн нэмэгдэх 5 хувь роялтигийн хувьд хөрөнгө оруулалтын гэрээнд 0 хувьтай байхаар тусгажээ.
.
УИХ-аас батласан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” хэрэгжиж эхэлснээр алтны худалдаа далд хэлбэрт орж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багассан. Статистик мэдээллээр 2005 онд 24 тонн алт олборлож байсан нь буурсаар 2012 онд зургаан тн болж, дөрөв дахин буурсан. Дээрх хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд 77 тн алт олборлож байсан бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан байна.
.
Баруун цанхиас 63.754 мянган тонн нүүрс тээвэрлэжээ
.
“Эрдэнэс Таван Толгой“ ХК 2013 онд Цанхийн зүүн уурхайгаас 4.5 сая тонн, Цанхийн баруун уурхайгаас гурван сая тонн, нийт 7.5 сая тонн нүүрс олборлох зорилт тавин ажиллаж буй аж. Ингэснээр 2012 онд олборлон, экспортолсон нүүрсний хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх юм байна. Цанхийн баруун хэсгээс гурав орчим сая тонн нүүрс олборлон борлуулснаар экспортын орлого 120-150 сая ам.доллараар нэмэгдэх аж.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун талбайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг Арвин Индиусртал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолт хийж буй юм байна. Баруун цанхи нь 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй аж. Цанхийн баруун уурхайн нүүрсний экспорт энэ сарын 5-ны өдөр эхэлсэн бөгөөд 22-ны байдлаар 636 машин нүүрс буюу 63.754 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Нүүрс экспортлох гэрээг БНХАУ-ын Вэнсвэй, Пушин зэрэг таван компанитай хийсэн байна.
.
Алт олборлолт 180 хувийн гүйцэтгэлтэй байна
.
Өнөөдөр Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбар чухал байрыг эзэлж байгаа билээ. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын 90 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 85.5 хувийг тус салбараас бүрдүүлж байна.
2013 оны эхний 8 сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 461.7 мян.тн буюу 73 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 2.441.0 мян.тн буюу 99 хувийн гүйцэтгэлтэй, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 80 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээллээ. Харин нүүрсний үйлдвэрлэл 14.9 сая.тн буюу 64 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 163.3 тэрбум төгрөг буюу 55 хувьтай байгаа аж. Харин алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давж, 5,773.6 кг-ийг олборлож 180 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 169 хувьтай гарчээ. Төмрийн олборлолтын тухайд 3,815.9 мян.тн буюу 58 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 40 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 73,8 мян.тн буюу 228 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлогын гүйцэтгэл 24,1 тэрбум төгрөг буюу 268 хувьтай байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн тухайд алт 11.9 хувь, мөнгө 20.1 хувь, зэс 6.8 хувийн бууралттай байна. Мөн цайр 1.5 хувь, молибдени 16.2 хувь, баяжуулсан нүүрс 28.7 хувийн үнийн бууралттай гарчээ. Харин хар тугалга 4.7 хувь, цагаан тугалга 4.3 хувь, төмрийн хүдэр 5.1 хувийн тус тус үнийн өсөлттэй байгаа аж.
.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 43 хувиар буурав
.
2008-2012 онд 8.1 тэрбум ам.доллар байснаас 7.1 тэрбум ам.долларыг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж буй аж. Ингээд үлдсэн 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг 4 жилд хувааж үзэхэд жилд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ.
Тэгвэл 2013 оны эхний хагас жилийн байдлаар нийт 961 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байгаа нь өмнөх оныхоос 43 хувиар буурсан үзүүлэлт аж. Тэгвэл олборлох салбарын хувьд хөрөнгө оруулалт 32 хувиар буурчээ. Энэ нь гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалсан байна. Гадаад хүчин зүйлийн тухайд 2013 оны сүүлийн хагаст Монгол Улсын гол нэр төрлийн ашигт малтмал болох төмрийн хүдэр, зэс, нүүрсний зах зээлийн үнэ 13-40 орчим хувийн уналттай байгаа аж. Харин дотоод хүчин зүйл гэвэл бизнес, хөрөнгө оруулалтын эрх зуйн орчны тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал "Урт нэртэй хууль", "Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль" зэрэг нь хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлолыг бий болгож тэднийг хүлээзнэх байдалд оруулсан. Мөн бүтээгдэхүүн экспортлоод орж ирэх орлогоо урьдчилан авсан /Эрдэнэт-200 сая ам.доллар, Оюу толгой-250 сая ам.доллар, Таван толгой 350 сая ам.доллар/ зэрэг нь мөн нөлөөлжээ.
.

Хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийнхэн Уул уурхайн сайд Д.Ганхуягтаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулсан юм.
.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан үзэгдлийг танай яамтай холбоотой гэж үзэх хүн олон бий. Энэ талаар та тодруулаач?
-Миний хувьд Оюутолгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байсан. Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулагчдын орчныг тогтворгүй байлгах талаар нэг ч арга хэмжээ аваагүй. Харин өмнөх парламентийн үед баталсан хуулиудыг сайжруулахаар өөрчилж, шинэчлээд явж байна. Гадны хөрөнгө оруулалт зогссон шалтгааныг муу хууль, эрх зүйн орчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өмнөх Засгийн газрын баталсан хууль, тэр үед санаачилсан зарим хуулиас болж хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэн. Харин одоо тэдгээр хуулийг сайжруулах, зөөллөхөөр хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Оюутолгойн хувьд шүүмжилснээр үр дүнд хүрсэн. 2008-2012 оны хооронд хэдэн гишүүн Оюутолгойн гэрээг шүүмжилж байсан. Үр дүнд нь зээлийн хүүг нь 13 хувийг бууруулснаар Монгол Улсад нэг тэрбум ам.долларын орлого орж ирсэн зэрэг ахиц бий. Өнөөдрийн хувьд ажлаа явуулъя, олборлолтоо үргэлжлүүлье гэдэгт хамтарч ажиллаж байна. Шийддэг газар нь Оюутолгой компанийн ТУЗ, хувь нийлүүлэгчдийн хурал байдаг.
.
-Валютын ханшийн өсөлт цаашдаа шатахууны үнэд нөлөөлөх үү?
-Валютын ханшийн өөрчлөлтөөс болж шатахууны үнэ өсөхгүй. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж хэвийн байгаа. 9 дүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 30, Аи-92 автобензин 41, дизелийн түлш 30, ТС-1 42 хоногийн нөөцтэй байна. Мөн цаана нь улсын нөөц бий. 2010 оны өвөл валютын ханш өсөхөд шатахууны үнийг литр тутамд 260 төгрөгөөр нэмж байсан. Иймэрхүү байдлыг зохицуулах дэлхийн олон орны туршлага бий. Түүнийг бид нэвтрүүлж чадсан. Монголбанктай хэлэлцээр хийсэн. Төвбанк арилжааны банкуудтай гэрээ хэлэлцээр хийсэн байгаа. 3-6 сарын хугацаанд валютын ханш тогтвортой байлгах тухай хэлэлцсэн. Үүнийгээ бүр боловсронгуй болгохын тулд валютын ханш хямд үед нь компаниуд нь ашигтай ажиллаж, үнэд ороход нь Монголбанк ашигтай ажиллах зэрэг санхүүгийн олон хэлэлцээр төслүүд байгаа. Үүнийг хийж чадсан учраас сая компани, арилжааны банкууд хамтарч ажиллаад сая сар гаруй хугацаанд валютын ханш чангарахад шатахууны үнийг барьж чадсан.
.
- Сая иргэний нийгмийнхэн “урт нэртэй” хуулиас болж буу шийдэмдээ туллаа. Та иргэний нийгмийн байгууллагуудтай хэр хамтарч ажилладаг вэ?
-Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзсан. Тухайлбал, Гал үндэстэн, Гол нуруудын холбооныхнтой уулзаж холбоотой хуулийн төслүүдийг харуулж ярилцсан. Гал үндэстэн холбооны УЗ-ийн гишүүн Ц.Мөнхбаярын хувьд ордны гадна асуудал үүссэн өдрийн өглөө нь надад бичгээр санал ирүүлсэн байсан. Байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагуудтай хоёр удаа уулзсан. Эхний уулзалтад тэд ирээгүй. Сүүлийнхэд нь ирсэн. Урт нэртэй хуулийн хувьд нэг ч цэг, үг хасагдаж, нэмэгдээгүй. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн хувьд хэрэгжүүлнэ гэсэн таван сарын хугацаандаа хэрэгжээгүй. Тиймээс үүнийг өөрчилж сайжруулахаас өөр аргагүй.
.
-Лондонд болж байгаа хэлэлцээрийн талаар тодруулаач?
-Лондонд өнөөдрөөс эхлээд уузалтад орж байгаа байх. Шийдэх асуудлаа хэлэлцэж, ямар нэг шийдэлд хүрэхээр явсан. Түүнийхээ хүрээнд ажиллах байх. Одоогоор өөр мэдээлэл алга байна.
.
-“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтыг шалгах ажлын хэсгийн шалгалт дууссан гэсэн. Энэ талаар тайлбар өгөөч?
-Оюутолгойн хувьд Шадар сайд, Сангийн, Уул уурхайн сайдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Шалгалтыг хөрөнгө оруулагчдтайгаа тохирч байж оруулсан. Эцсийн үр дүн арай гараагүй байна.
.
-“Чалко”-гийн ерөнхийлөгчтэй өчигдар уулзсан байсан. Энэ уулзалтаар ямар үр дүнд хүрсэн бэ?
-Энэ жил гурван сая тонн нүүрс нийлүүлээд зээлээ төлнө. “Чалко”-гийн ерөнхийлөгч ирсэн. Түүнд гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанид ашигтай өөрчлөлт оруулсан талаар талархал илэрхийлсэн. Мөн бид аль болох олон улсын төвшид хүрсэн болзолуудыг тавина. Аль болох нүүрсийг дэлхийн зах зээлийн ханшаар авахыг хүссэн. Хүлээж авсан.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ