Э.Энэрэлт: Урсгал тэнцэл алдагдалтай байгааг хямрал гэж ойлгож болохгүй

img

“Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөрөнгө оруулалтын эдийн засагч Э.Энэрэлтийг урилаа. Түүнтэй өнөөдөр болох Төлбөрийн тэнцлийн семинар болон эдийн засгийн зарим асуудлаар ярилцлаа.

. -“Төлбөрийн тэнцлийн өнөөгийн төлөв” хэмээх сэдвийн хүрээнд нээлттэй семинар өнөөдөр болно. Манай улсын төлбөрийн тэнцэл сүүлийн үед нэлээд алдагдалтай гарч буй. Энэ нь нэг талаараа хямралыг даллаад байна уу, аль эсвэл боломж авчрах юм уу гэдгийг та юу гэж харж байна вэ? -Өнөөдөр урсгал данс алдагдалтай гарсан талаар сөрөг ойлголт олны дунд бий болж байна. Гэхдээ өнөөгийн байдлыг хямрал гэж ойлгож болохгүй. Эдийн засгийн хямрал, түр хугацааны хүндрэл зэрэг нэр томьёог хооронд нь ялгаж ойлгож хэрэглэх нь зүйтэй юм. Хямрал гэдэг ойлголтыг өргөн цар хүрээнд авч үзэх нь зүйтэй болов уу. Эдийн засгийн өсөлт огцом удааширч, ДНБ-ний өсөлт сөрөг болсон, эдийн засгийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдох тэр үзэгдлийг хямрал гэж болно. Тухайлбал, олон улсыг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг нэрлэж болох учиртай. Өнгөрсөн 2007 онд эхэлсэн дэлхийн санхүүгийн хямралын аж үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй орнуудад илүү нөлөөлсөн байдаг. Харин Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг хямрал гэж ойлгох нь зохимжгүй хэрэг.

. -Тэгэхээр өнөөдөр болох “Төлбөрийн тэнцлийн өнөөгийн төлөв” нээлттэй семинарт та ямар сэдвээр илтгэл бэлдэв. Илтгэлийнхээ агуулгаас товч ярихгүй юу? -Миний хувьд “Төлбөрийн тэнцлийг сайжруулах боломжууд” гэсэн сэдвээр илтгэл тавина. Мэдээж хэрэг энэ он гараад гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан нь бодит зүйл. Оюутолгойн үйлдвэрлэл эхэлчихсэн, “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанид төлөх өрөө барагдуулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ бүхэн нааштай шийдэгдээд, үйлдвэрлэл эрчимтэй явбал экспортын орлого өсч, валютын орох урсгал нэмэгдэх боломжтой. Мөн үүнд дэлхийн эдийн засгийн байдал нөлөөлөх болно. Төлбөрийн ерөнхий тэнцэл буюу урсгал данс, хөрөнгийн дансны тэнцлийн нийлбэр өнгөрсөн онуудад ашигтай гарч байсан. 2013 онд ерөнхий тэнцвэр алдагдалтай гарсан. Монгол шиг хөгжиж буй жижиг эдийн засагтай орны хувьд урсгалт тэнцлийн алдагдал харьцангуй бага түвшинд байгаа гэж үзэж байна. Яагаад гэвэл манай улсын хэрэглээ өсч буй нь импортод нөлөөж байна, мөн зайлшгүй хийх капитал хөрөнгө оруулалттай холбоотой зарцуулалт үйлдэж байгаа нь үүний цаана буй нэг хүчин зүйл.

. -Алдагдалтай уялдаад өнгөрсөн наймдугаар сарын статистикийн мэдээллээс үзэхэд импорт, экспорт хоёр нь буурчихсан гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оноос 568.7 сая ам.долларын бууралттай байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт муудсан нь яг ямар шалтгаанаас үүдэлтэй вэ. Улстөрчид, эдийн засагчид ихэвчлэн хуультай холбон тайлбарлаж байгаа? -Гол шалтгаан нь дэлхийн эдийн засаг тэр дундаа манай өмнөд хөршийн эдийн засгийн өсөлттэй уялдаж байгаа юм. Товчхондоо дэлхийн эдийн засгийн хямралын дараах эдийн засгийн сэргэлт нь зарим том эдийн засгуудад удаан байгаагаас ихээхэн хамаарч байна. Хятад улс манай улсын түүхий эдийн гол худалдан авагч том зах зээл. Тэр зах зээлийн эрэлт нь буурснаар манай улсад орж ирэх экспортын орлого мөн буурна гэсэн үг. Энэ нь ашигт малтмалын зах зээлийн үнэд нөлөөлж байна. Дэлхийн эдийн засгийн байдал цаашлаад хөрөнгө оруулагчид хаана хөрөнгө оруулалт хийх нь тохиромжтой вэ гэсэн хүлээлтийг үүсгэхэд нөлөөлсөн. Нөгөө талаас Монгол Улсын хууль эрх зүйн орчинтой холбоотой. Хөрөнгө оруулалтын хуулийн орчин нь хувийг хэвшлийг дэмжсэн, тогтвортой байдлыг хангасан байх хэрэгтэй байдаг. Мөн байгалийн баялгаас орж ирэх орлого нь төр, хувийн хэвшлийн дунд шударга хуваарилагдах ёстой.

. -Та төлбөрийн тэнцлийг бууруулах боломжуудын талаар судалгаа хийсэн гэсэн. Тэр боломжуудаас нь товч ярихгүй юу? -Ер нь хөгжиж байгаа улс орнуудад төлбөрийн тэнцлийг хоёр гол замаар тэнцвэржүүлж байна. Нэг нь гаднаас богино хугацааны зээл авах. Нөгөөдөх нь өөрийн улсад орж ирэх хөрөнгийг татах бодлогын арга хэмжээ юм. Түүнчлэн хөгжиж буй орнуудад валютын хөвөгч ханш, богино хугацааны зээлийн аргуудаас гадна эдийн засгийн үндсэн салбарууд болох хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх арга хэмжээ авч байна. Монгол Улсын хувьд урт хугацааг харсан бодлого хэрэгжүүлэх нь чухал. Манай улсад хувийн салбарын хөгжлийг дэмжих, дэд бүтэц сайжруулах хэрэгтэй. Дэд бүтэц муу байх бидний хэрэглээний барааны үнийн өсөлтөд нөлөөлдөг. Жишээлбэл, хатуу хучилттай замаар бараагаа саадгүй тээвэрлэж ирэх, шороон юм уу эвдрэлтэй замаар бараа тээвэрлэж ирэхэд цаг хугацаа, зардал их гарна. Тэр хэмжээгээр зардлын өртөг барааны үнэд шингэдэг.

. Нөгөөтэйгүүр бизнесийн салбарт мөрдөх стандартыг маш сайн нарийвчалж, тодорхой тусгаж өгөх хэрэгтэй байна. Тухайлбал, монголчууд брэнд гэдгийг буруу утгаар буюу тухайн орон нутгийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүн гэж ойлгоод байдаг. Үнэндээ тийм утга биш. Олон улсын хэмжээний стандартаар баталгаажсан, бусад зах зээл дээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүнээс ялгарах хэмжээний өөрийн хэв шинжийг агуулсан тийм бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг брэнд гэх юм. Үүнээс гадна чанар, хэрэглэгчдийн итгэлийг хүлээх нь чухал. Энэ бүхэн эцэстээ хувийн салбарыг сайжруулах, чанаржуулах механизмийг бүрдүүлнэ. Тэр хэмжээгээр эдийн засагт сайнаар нөлөөлнө. Миний тавих илтгэлд хувийн салбарыг бизнест орох бэрхшээлийг бууруулах, ил тод байдлыг дэмжих талаар дурьдаж байгаа.

. -Хувийн хэвшил бизнесийн салбар руу орж ашиг орлогоо нэмэгдүүлэх ч юмуу, үйлдвэрлэл явуулъя гэхээр олон саад, бэрхшээлтэй тулгардаг гэж байна. Яг ямар саад, бэрхшээл тулгараад байна гэсэн үг вэ? -Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэнд хямд, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр татахад хэцүү байдаг. Тодруулбал, банкны зээлийн хүү жилд дунджаар 17.3 хувь байгаа. Мөн хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбар сайн хөгжөөгүйгээс болж урт хугацааны хөрөнгийн дутагдалд орж байна. Засгийн газраас бодлогын түвшинд эдгээр бэрхшээлүүдийг арилгахыг хичээн ажиллаж буй нь сайшаалтай.

. -Тэгвэл манай оронд хөрөнгийн урт хугацааны эх үүсвэр бүрдүүлэх, нөгөөтэйгүүр иргэд, компаниудын удирдлага, ажилтнуудын хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой юм бэ?   -Энэ онд үнэт цаасны тухай шинэ хууль батлагдсаныг уншигчид мэдэж байгаа. Ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хувьд сайн заалттай хууль болсон. Харин уг хуулийг хэрэгжүүлэх журам, зохицуулалтуудыг нь сайтар боловсруулж, тодорхой болгож өгөх хэрэгтэй. Манай улс одоогоор бага дунд орлоготой орнуудын жагсаалтад ордог. “Чингис бонд”-оос бид Монгол улс олон улсын хөрөнгийн зах зээл дээр нэвтрэх гарц илүү нээгдсэнийг харж болно. Цаашид хувийн салбаруудад олон улсын хөрөнгийн захаас урт хугацаат эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Тиймээс бизнесийн орчинд холбогдох хууль, тогтоомжуудын журам, зохицуулалтыг сайжруулах хэрэгтэйг цаг хугацаа шаардаад эхэллээ. Түүнчлэн олон нийтэд санхүүгийн ерөнхий боловсролыг олгох асуудлыг бодлогын түвшинд анхаарах нь зүйтэй.

. -Гадаадын орнуудад иргэддээ санхүүгийн зах зээлийн мэдлэг олгоход дунд сургуулийнх нь сургалтын хөтөлбөрт тусгасан байдаг юм билээ. Манай оронд хамгийн хурдан, үр дүнтэй байдлаар иргэддээ ийм төрлийн мэдээлэл хүргэхэд яах ёстой вэ? -Монголын нөхцөлд явал иргэддээ дээрх мэдээллийг хүргэх талаар тусгай судалгаа хийгээгүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. Дэлхий нийтэд дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах нь түгээмэл байдаг. Олон улсын туршлагаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тусгай ном, нийтлэл, нэвтрүүлэг, кино бэлдэж олон нийтэд хүргэх нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

. -Төсвийн орлогын төвлөрүүлэлт, эдийн засгийн өсөлттэй холбоотой асуудлаар асуултаа үргэлжлүүлье. Дэлхийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсын эдийн засгийг энэ онд 13 хувийн өсөлттэй байна гэх судалгаа гаргасан байдаг. Гэтэл өнөөдөр төсвийн орлого бууралттай байгаа нь эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэх эсэх дээр эргэлзээ төрүүлж байгааг олон хүн хэлэх болов? -Хэрэв Оюутолгой болон Тавантолгойтой холбоотой асуудлууд шийдэгдэж, үйлдвэрлэл нь эрчимтэй явбал эдийн засгийн өсөлтөд таатай байх болно. Энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 12 хувь байна гэж манай банк үзэж байгаа. Ерөнхийдөө төлбөрийн тэнцлийг алдагдалгүй, урт хугацаанд хангахын тулд эдийн засгийн мөчлөгт тохирсон бодлого хэрэгжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн стандартыг нарийвчлалтай тодорхойлох, хууль, эрх зүйн орчинг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Аливаа тодорхой бус байдал гэдэг бол хувийн хэвшилд томоохон эрсдэл авчирдаг. Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн төрөлжилтийг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл хэрэгжүүлсэн. 16 сая ам.долларыг Монголын 12 аж ахуй нэгжид зээлийн баталгаагаар олгосон байдаг. Төслийн хүрээнд зээл авсан нийт компанийн орлого 40 гаруй хувиар өссөн. Мөн байнгын ажлын байр 730 гаруй хүнээр нэмэгдсэн байгаа. Түүнчлэн худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийг арилжааны дөрвөн банкид хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2010 оноос хойш хийсэн хэлцлийн олонхи нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн.

. -Нөгөөтэйгүүр хөдөө аж ахуй, аялал жуулчлалаас нэлээд хэмжээний орлого олох боломж Монголд бий. Гэвч жуулчдыг гэхэд яаж татах тэр аргаа одоо хэрн олоогүй гэх шүүмжлэлд өртдөг? -Нэн түрүүнд дээр хэлсэнчлэн холбогдох стандарт, журмыг сайжруулах, боловсронгуй болгох асуудал хөндөгдөнө. Түүнчлэн Монголыг дэлхийд таниулах, сурталчилах ажил их чухал гэдгийг хэлмээр байна.

. Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Улс төрийн тойм Л.Баатархүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ