Х.Амгаланбаатар: Цалингаа нэмэх чадваргүй бол бизнес эрхлээд хэрэггүй
МҮЭХ цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн ширээнд Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоог урьсан. Уг хэлэлцээрийг хийх талаар талууд хариу өгсөн бөгөөд одоогоор товоо тогтоогоогүй байгаа аж.
.
Цалин, тэтгэвэр нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг, хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгддэг гэх мэтээр олон хүмүүс эсрэг байр суурьтай байдаг. Бид энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
.

-Хувийн хэвшлийнхэн ч гэсэн дагаад цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээгээ авах ёстой. Жил бүр л зовлон тоочиж, цалин хөлсний нэмэгдлийн асуудлыг хувийн хэвшлийн салбарт орхигдуулж ирсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр жижиг, дунд үйлдвэрлэл дампуурах гээд байна гэх мэтчилэнгээр сүүлийн 20 гаруй жил ажил олгогчдын зүгээс хандаж ирсэн. Нийгмийн түншлэлийн талууд ч бас хүндрэл учрах болов уу гээд энэ асуудлыг барьж ирсэн. Одоо энэ байдлаа хувийн хэвшлийнхэн болих хэрэгтэй. Хэдий хүртэл хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн асуудалд хойрго хандах юм бэ? Хувийн хэвшилд ажилласанаар иргэдийн цалингаа нэмэгдүүлэх асуудал хэдэн жил боогдох ёстой юм? Үүний оронд хувийн хэвшилд амьдардаг хүмүүс ядуу амьдрах ёстой гэсэн журам гаргачихвал зөв гэж бодож байна.
.
-Та тэгэхээр хувийн хэвшлийнхэнийг ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх чадамжтай гэж үзэж байна гэж ойлгож болох нь ээ?
-Өнгөрсөн 23 жилийн хугацаанд хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх хүчин чадалтай болсон байх гэж үзэж байна. Энэ бол урт хугацаа шүү дээ. Ер нь зах зээлийн онол бол тийм чадваргүй жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн бизнес эрхлээд хэрэггүй. Олон жил ард иргэд маань жижиг, дунд үйлдвэрлэлийг хөл дээр босгохын тулд бага цалингаар хөдөлмөрлөлөө. Одоо энэ байдлыг зогсоох хэрэгтэй.
.
-Цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хэр дэмжиж байгаа вэ?
-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос манайд энэ сарын 19-нд энэ асуудлыг дэмжиж байна гэсэн хариу өгсөн. Хэлэлцээрийн хүрээнд ажлын хэсэг байгуулаад асуудлаа шийдвэрлэе гэсэн албан ёсны хариу ирүүлсэн байгаа. Удахгүй цалин, тэтгэвэрийг ямар хувь хэмжээгээр нэмэгдүүлэх вэ, цалингаас гадна бусад тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцнэ.
.
-Тухайлбал?
-Уул уурхайн салбарт ажлын байрны батлагааг хэрхэн хангах вэ, хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг монголчууд яаж хүртэх вэ, эрх зүйн үзүүлэлтийг яаж хийх вэ,үнийн өсөлтөөс яаж иргэдийн орлогыг хамгаалах вэ гэх мэтээр өнөөдөр тулгамдаж буй олон асуудлын талаар ярилцахаар төлөвлөсөн.
.
-Цалингийн доод хэмжээг 192 мянга болгосон. Энэ нь хувийн хэвшилд хэр хэрэгжиж байгаа юм бол?
-Энэ сарын 01-нээс эхэлж хэрэгжсэн болохоор энэ хугацаанд бид хэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгож байгааг судлаж амжаагүй байна. Удахгүй үүнд хяналт тавьж, иргэдээс санал авах болно.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ