И.Одончимэг: Олны танил хүмүүст нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага байдаг
Хошин урлагийн “Х түц” продакшн Замын цагдаагийн газартай хамтран “Хайртай хүнийхээ төлөө хамгаалалтын бүсээ бүслэ” үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэ тухай тус продакшны уран бүтээлчид мэдээлэл хийх үеэр МУГЖ И.Одончимэгтэй уг үйл ажиллагааны болон сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
.

-Бидний дунд мэддэг мөртлөө биелүүлдэггүй зан байдаг. Энэ бол хичнээн аюул, хор уршигтайг мэдсээр байж хамгаалалтын бүсээ бүсэлдэггүй явдал юм. Ер нь нийгэмд олны танил хүмүүсийн хүлээсэн үүрэг хариуцлага гэж байх ёстой. Иргэний хариуцлагаас гадна. Үүнийг энд тэнд явахдаа илүү их мэдэрдэг л дээ. Тухайлбал, өсвөр наснынхан олны танил хүмүүсээс үлгэр дуурайл авч, хүүхдүүд зурагтаар гарахдаа хэлж, ярьж байгаа үгийг нь хүртэл цээжилчихсэн байдаг. Нэг талаар олны танил байна гэдэг тэд нарт сайн үлгэр дуурайл үзүүлдэг сайн дүрийн баатар байх ёстой. Үүнээс бид нийгэмд хариуцлага хүлээж байдаг гэдгийг ойлгосон. Тэгээд тэр үүргээ гүйцэтгэх гэж нэг их гийгүүлдэггүй юм гэхэд хийж байгаа ажлаараа дамжуулаад олон нийтэд зөв мессеж хүргэх гэж байна. Бидний ажил хүмүүст аливаа зүйлийг хүргэх боломжтой байдаг бөгөөд олон телевизээр цацагддаг. Мөн тоглолт маань чамгүй олон үзэгчтэй. Тиймээс энэ ажлаа нийгэмд үйлчилдэг үйлчилгээний байгууллагатай хамтарч эхлэх нь зүйтэй гэж бодсон.
.
-Таны хувьд сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Тайваний зохиолч Чюн Яогийн “Сэрүүн асрын зүүд”-д тоглож завсарласан. Харин одоо манай продакшн намрын анхны тоглолтдоо ороод байна.
.
-“Тагнуулч аав” кинонд тоглосон байсан арай тагнуулч ээжийн дүр бүтээсэн юм биш биз дээ?
-Тэглээ. Манай Д. Хүрлээ тийм кино хийгээд би охинтойгоо хамт тоглолоо. Гэхдээ тагнуулч биш зүгээр л ээжийн дүрээ л бүтээсэн./инээв/ Их сонирхолтой төсөл байсан.
.
-“Одноогийн ток шоу” гарахгүй байна. Хэзээнээс эхэлж үзэгчиддээ хүрэх вэ?
-Миний цаг зав болохгүй байна. Найруулагч маань үргэлжлүүлэх саналтай байгаа. Бас өөрийн гэсэн тодорхой хэмжээний үзэгчтэй болчихсон байна. Саяхан хоёр эмэгтэй надтай ирж уулзаад нэвтрүүлгээ үргэлжлүүлэх санал тавьсан. Гэхдээ би чинь мэргэжлийн сэтгүүлч биш ч гэсэн цаг заваараа оролдоод үзье гэж бодсон боловч амжихгүй л байна. Хүүхэддээ бас цаг гаргах хэрэгтэй байна.
.
-Хүүхэд тань их том болоо биз дээ. Ингэхэд та хүүхэддээ аль хэр цаг зарцуулж байна вэ?
-Одоо нэг ой 10 сар хүрчихлээ. Ер нь бол цаг зав зарцуулж чадахгүй байна. Би чинь залуухэн ээж биш. Энэ насанд гарсан болохоор ч тэр байлгүй хүүхэддээ цаг зав зарцуулах хэрэгтэй гэдгийг ойлгодог болчихож.
.
-“Нэг өдрийн хаан” тоглолтод хамгаалах бүс зүүхийн ач холбогдлыг харуулсан номер орж байгаа юу?
-Яг тоглолтод бол байхгүй. Гэхдээ тоглолт бүр дээр энэ тухай ярина. Мөн телевизийн энэ реклам зэрэгт тоглох байх.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ