“Сүнжидмаа” дуулалт жүжиг дахин тайзнаа

img

  Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулганыхан  ард түмний дунд мөнхөд дуулагдсаар ирсэн “Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн дуулалт жүжгийг дахин шинэчлэн найруулж, сэргээн тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ.   Энэхүү дуулалт жүжиг нь ҮДБЭЧ-ын урын санд буй анхны дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд монгол ардын дууны домгоос сэдэвлэн  бүтээсэн тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулсан бүтээл юм. Одоогоос 30 гаруй жилийн өмнө энэхүү дуулалт жүжгийн найруулагчаар ажиллаж байсан МУУГЗ Ё.Цэрэндолгор найруулагч дахин шинэчлэн найруулж тайзнаа амилуулж байгаагаараа онцлогтой аж.   Уг жүжгийн дүрүүдэд Сүнжидмаад СТА,  С.Цогтсайхан, СТА, Ц.Түмэнжаргал, Мянганд СТА Б.Батмэнд, Г.Отгонзул, Наваанд П.Баярмагнай, Э.Чинчулуун, Дэжидэд Б.Батцэцэглэн, С.Жанегүль, Баднаанямбууд СТА, Д.Оюунжаргалнар тоглох юм. Жүжгийг Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ирэх сарын 04-нд 19:00 цагаас 05, 06-ны өдрүүдэд 16:00 цагаас тоглохоор төлөвлөжээ.   Дашрамд дурдахад, “Сүнжидмаа” дуулалт жүжгийг анх 1981 онд зохиолыг СГЗ, Ж.Бадраа бичиж, хөгжмийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, АЖ Д.Лувсаншарав зохиож, “Сүнжидмаа” дуут хөгжим бүжгийн цоморлиг нэртэйгээр тайзны бүтээл болгож байжээ. Тус дуулалт жүжгийн ерөнхий найруулагчаар Ё.Цэрэндолгор,  ерөнхий удирдаачаар МУГЖ С.Сүндэд ажиллаж, Сүнжидмаагийн дүрд Б.Сарантуяа, МУГЖ А.Нэргүй, Мянганий дүрд МУГЖ Д.Банзрагч, Г.Борхүү, Навааний дүрд МУГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо, Дэжидийн дүрд Ш.Намсрайжав, Е.Наранцэцэг нар мөн уртын дууч АЖ Н.Норовбанзад, МУГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ