
ЭМЯ, ДЭМБ-аас "Эрүүл мэндэд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс" сэдэвт сургалт семинар боллоо. Энэхүү сургалтанд зарим аймаг, дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга ажилтнууд, ЭМЯ, ЗГХА-ЭМГ-ын мэргэжилтнүүд, НЭМ-ийн хүрээлэнгийн судлаачид зэрэг хүмүүс оролцсон байна.
Эрүүл мэндэд нөлөөлж байгаа нийгмийн хүчин зүйлсийг авч үзэж байгаагийн гол шалтгаан нь дэлхийн улс орнуудын хооронд төдийгүй нэг улсын хүн амын нийгмийн бүлгүүдийн хооронд дундаж наслалт, эрүүл мэндийн байдал асар зөрөөтэй, тэгш бус байгаад оршиж байгаа юм.
Улс орнуудын нийгэм эдийн засаг хөгжихийн хирээр энэхүү тэгш бус байдал улам нэмэгдэж байна. Жишээ татаж тодруулбал, сүүлийн 25 жилд эдийн засгийн өсөлтийн үр шим тэгш бус хуваарилагдаж, 1980 онд дэлхийн хүн амын хамгийн баян 10 хувь оршин суудаг орнуудын ҮНБ-ний орлого нь хүн амын хамгийн ядуу 10 хувь оршин суудаг орнуудаас 60 дахин их байсан бол 2005 онд энэ ялгаа 122 дахин их болжээ. Өнөөдөр Сьерра Леонд төрсөн хүүхдээс Японд төрсөн хүүхэд 43 насаар илүү наслах магадлалтай байгаа ба энэ зөрөө улс орны дотоодод ч байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ