Я.Санжмятав: Ажил хийх сонирхол бага байна

.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээж:
-Засгийн газар, Оюутолгой төсөлтэй хамтран өнгөрсөн нэг жилийн хугацаанд 7000 гаруй хүнийг МСҮТ-д сургалаа. Сургалтад хамрагдсан хүмүүсийн 70 гаруй хувь нь ажлын байртай болжээ. Энэ амжилтаа улам ахиулж, илүү олон хүнийг сургаж, ажлын байртай болгоход анхаарч ажиллах шаардлагатай. МСҮТ-д суралцах хугацааг хоёр дахин богиносгож, үйлдвэрлэлийн дадлагыг нэмэгдүүлсэн. Ур чадвартай ажилчин бэлтгэхэд илүү анхаарч байгаа. Аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудад дадлага хийгээд тухайн байгууллагынхаа шалгуурыг хангаж ажилд орох бололцоо бүрдсэн. Замын ажилд гаднаас ажиллах хүч авч байгаа. Харин барилгын салбарт гадаад улс орноос ажиллах хүч олноор авдаг байсныг Шинэчлэлийн Засгийн газар зогсоосон. Монгол залуус маань гаднынхнаас дутахааргүй ажиллаж чадаж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрийн сан зэрэг сангийн үйл ажиллагааны талаар товч дурдсаныхаа дараагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японоос тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл авах боломж байна. Сумын хөгжлийн сангийн мөнгө 50 төгрөг сая байсныг Шинэчлэлийн Засгийн газар 150 сая болгосон. Энэчлэн хөдөлмөр эрхэлье гэсэн хүмүүст бид боломж олгож байгаа ” гэж хэллээ.
.
Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган байнгын ажлын байр бий болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд "Ажилтай орлоготой Монгол хүн" үндэсний хөтөлбөр, үүнийг дагалдан хөдөлмөрт бэлтгэх, ажил олгогчийг дэмжих, малчдын хөтөлбөр эрхлэлтийг дэмжих зэрэг найман дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ оны наймдугаар сарын байдлаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 92,7 хувьд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,1 пунктээр нэмэгджээ. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 115,5 мянган ажлын байрны захиалга бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 61 хувиар өссөн байна.
.
"Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг хангаж, ажилгүй иргэн тоон талаасаа олон, ажлын байрны олдоц их байгаа хэдий ч тэр болгон мэргэжлийн ур чадварын шаардлагыг бүрэн хангаж, чадахгүй байгаа. Нөгөө талаас ажил хийх сонирхол бага, хөдөлмөрийн сахилга, төлөвшил муу, орон тооны цомхотгол нь тогтвортой ажиллахад сөрөг нөлөөлдөг зэрэг макро, микро түвшин дэх ажилгүйдлийн олон асуудал нь хүндрэл учруулж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн бодлого төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулахаас гадна ажиллах хүчний нөөцийг үе шаттай бэлтгэхэд чиглэсэн боловсролын хариуцлагатай тогтолцоо сул байгаатай холбоотой" хэмээн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав чуулганы үеэр тавьсан илтгэлдээ онцолсон юм. Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа манай орны иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах, манай улсад хөдөлмөр эрхлэхээр ирж буй гадаадын иргэдэд тавих эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн шалгуурыг өндөржүүлэх хэрэгтэйг сайд илтгэлдээ дурдаж байлаа. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа монгол иргэдийн хөдөлмөрийн харилцааны тэгш нөхцөлийг бүрдүүлэх асуудлаар холбогдох талуудтай хамтран ажиллаж, хууль эрхзүйн шинэчлэл хийхээр судалж байгаа юм байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсад 99 орны 24,9 мянган иргэх хөдөлмөр эрхэлж байгаа ажээ. Эдгээрийн 68,4 хувь нь барилга, уул уурхайн салбарт ажилладаг байна. Гадаадаас манай улсад ажиллаж байгаа иргэдийн тоо хоёр мянгаар буурсан байна.
.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс ЖДҮ-ийг дэмжиж ирсэн. Энэ оны эхний хагаст л гэхэд ЖДҮ-ийг дэмжих сангаар дамжуулан 14,2 төгрөгийн эх үүсвэрийг байршуулж, 12,1 тэрбум төгрөгийн 400 орчим төслийг санхүүжүүлж, 1500 гаруй ажлын байрыг бий болгожээ. ЖДҮ-ийн зориулалттай тоног, төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудын үйлчлэх хугацааг сунгаж, 1000 гаруй нэр төрлийн татвараас чөлөөлөх жагсаалтыг Засгийн газраар батлуулсан байна. Оны эхний найман сарын байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж худалдан авсан ЖДҮ эрхлэгчдэд 56 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлсэн байна.
.
Үндэсний чуулганаар хөдөлмөрийн салбарын эрхзүйн шинэтгэлийн хүрээнд Хөдөлмөрийн тухай болон дагалдах хуулиудыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлттэй уялдуулан цалин хөлсийг ирэх онд нэмэх нөхцөлийг судлах, МСҮТ-үүдийн материаллаг бааз, багш нарын ур чадварыг дээшүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.
. Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ