Т.Батаараар төсөөлөгдөх аялал жуулчлал

img

Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр. Үүргэвч үүрсэн хэрмэлээс эхлээд өндөр зэрэглэлийн жуулчлал дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүчнүүдийн нэг. Товчхондоо, жуулчин бол доллар. Жуулчин нэрээр ирсэн хэн бүхний халаасан дахийг нь эх орондоо үлдээхийн тулд дэлхийн улс орнууд энгийнээс эхлээд эрхэмсэгийг хүртэл бүтээж байна. Харин Монгол Улс шинийг бүтээх нь битгий хэл аялал жуулчлалын бодлогоо ч тодорхойлж чадаагүй явна. Үүнийг салбарын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагаас эхлээд гал тогоонд нь байдаг тур операторуудын эзэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.  Тэгэхээр ССАЖЯ гэсэн бүхэл бүтэн яам, улс нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг хариуцдаг аялал жуулчлалын салбарт оновчтой бодлого, менежмент байдаггүй нь төрийн мөнгө идэгчид суудал бөглөөд сууж байдгийн илрэл.

.

Улаанбаатар хот 2040 онд таван сая жуулчин хүлээж авах зорилго тавьжээ. Өнгөрсөн онд гэхэд манай улсад 475917 жуулчин ирсэн тоон баримт бий. Зорилго нэлээд хол сонсогдож байгаа ч зөв хүнээрээ яамаа толгойлуулж, хэрэгжүүлэгч нар сэтгэлтэй байвал бүтэхгүй гэх газаргүй. Жуулчлал 20 цагийн идэвхтэй бизнес байдгийг салбарынхан хэлдэг. Дээр нь жуулчин очих газар, үзэх зүйлээ өөрөө хайж явдаг. Өөрөөр хэлбэл, үзэх харах зүйлийг нь бэлдчихвэл жуулчин өөрөө ирээд үзнэ гэсэн үг. Гэтэл бидэнд жуулчны нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгах зүйл юусан билээ. Салбарын сайдын бүтэн жилийн хөдөлмөр болсон Т.Батаар гэж үү. Ядмагхан төсөөлөл. Учир нь жуулчин ганцхан үлэг гүрвэлийн яс үзэх гэж өчнөөн цаг нисч, хэдэн мянган доллароо үрэн байж Монголд ирэхгүй. Тэгээд ч Т.Батаараас өмнө манайд үлэг гүрвэлийн яс байсан, одоо ч Байгалийн түүхийн музейд “зогсч” л байгаа. Заавал үлэг гүрвэлийн ясаар нүүрээ тахлах ёстой юм бол байснаа ашиглаад хиймэл орчин бүрдүүлэх цаг хугацаа зөндөө л байсан. Хаа холын биш хажуухны Эрээн хотын жишээнээс хуулбарлаад, бусдын халаасыг тэмтрэх боломжийг ашиглаагүй. Т.Батаар ирээд гайхамшиг бүрдэнэ гэдэгт итгэсэн бололтой. Салбарын сайд нь бүтэн жилийн хөдөлмөрөө зориулж, “Батаар сайд” нэр автлаа хөөцөлдсөн болохоор гайхамшигт итгэж суугаа ч юм билүү, хэн мэдлээ.

.

Шуудайд хийсэн үхрийн эвэр

.

Аялал жуулчлалын салбарыг шуудайд хийсэн үхрийн эвэртэй зүйрлэж болно. Уг нь удирддаг яам, хэрэгжүүлдэг агентлаг, газартай. Бас цөөнгүй тур оператор энэ салбарт ажилладаг. Харамсалтай нь бүгд хар толгойгоо бодогчид. Жижигхэн зах зээлийн өрсөлдөгчид учраас тэднийг буруутгах аргагүй. Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төвийн тэргүүн Д.Гантөмөртийн үзэж буйгаар энэ салбар өөрийн гэсэн жанжин шугамаа тодорхойлж чадаагүйгээс нэг нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь салангид байдаг. Нэг үгээр хэлэхэд, Монголд аялал жуулчлал яагаад хэрэгтэйг бүрэн тодорхойлоогүй цагт төрийн бус байгууллагууд хүссэн хэмжээнд хүртэл хамтарч чадахгүй гэдгийг тэрбээр онцолж байсан. Нэгдсэн бодлого байдаггүйн бас нэг балаг энэ. Аялал жуулчлалын зах зээлд хичнээн хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулдгийг мэддэггүй яамтай салбарт бодлого ярих нь хэтэрхий томдсон асуудал. Монголын аялал жуулчлалын салбараас хоолоо олж идэж байгаа хүмүүсийн хүсч буй зүйл нь нэгдсэн бодлого, нэг удирдлага. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарынханд нэгдэх шалтгаан мундахгүй байгаа ч нэгтгэх толгой байдаггүй нь асуудлын учиг. Эрт галавын амьтны ясанд хүч хөдөлмөрөө зориулсан салбарын яамны анхаарал энэ цагийнханд хэрэгтэй байгааг дуулгах нь илүүц биш байх.

.

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хамгийн муу цалинг аялал жуулчлал, зочид буудлынхан өгдөг
2013-09-29