
Та бидний сайн мэдэх “Ээжээ, сайн байна уу?” зургийг бүтээсэн Монгол улсын Төрийн соёрхолт, Ардын зураач Д.Амгалангийн 80 насны ой энэ онд тохиож байна. Үүнд зориулан түүний үе, үеийн шавь нар нь өнөөдөр Чингисийн талбайд “Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” уран зургийн болон дүрслэх урлагийн бүтээлийг үзэсгэлэн гаргаж байна.
Тус үзэсгэлэнд зураач Д.Амгалангийн шавь нар болох УГЗ Я.Оюунчимэг, Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд нарын болон СУИС, ДУТС-ийн багш, оюутнуудын 80 гаруй бүтээл тавигдаж, олны нүдийг хужирлаж байна. Мөн зураач Д.Амгалан нь Дүрслэх урлагийн сургуулийг дунд сургууль байхаас нь дээд сургууль болтол удирдах болон бусад албан тушаалд томилогдон ажиллаж, уран сайхны удирдагч хүртэл хийж байжээ. Үүнтэй нь холбогдуулан ДУТС-ийн оюутнуудын амьд хөгжмийн хамтлаг багахан хэмжээний тоглолт хийж, уран зургийн үзэсгэлэн сонирхогчдод урлагаас авч болох мэдрэмж, гоо сайхан зүйлийг нэг дор өгч байна гэж үзэсгэлэнгийн зохион байгуулагч ДУТС-ийн багш М.Ганзул ярьж байлаа.
Харин энэ үзэсгэлэнд Төрийн соёрхолт, Ардын зураач Д.Амгалангийн бүтээлүүд тавигдагүй бөгөөд түүний уран бүтээлээс бүтсэн үзэсгэлэн өчигдөр буюу энэ сарын 27-ноос эхлэн Монголын уран зургийн галлерейд гарчээ. Тус үзэсгэлэнгээс түүний алдартай бүтээлүүдээс гадна олны хүртээл болж амжаагүй зургуудыг үзэж, сонирхох боломжтой аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ