Шинэ даргын сунгаа айсуй
Эдийн засгийн хүндрэл, ээлжит бус чуулган, намрын чуулган, өвлийн бэлтгэл гээд цаг үеийн ажлууд ар араасаа овоорсон энэ үетэй зэрэгцээд улстөрчид, ажиглагчдын анхаарлыг юу юунаас илүүтэй татаж байгаа нэг асуудал бол МАН-ын их хурал. МАН-ыг өнөөдөр хоёр хуваагдсан, хүч нь суларсан, УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиар дараалан навс ялагдсан, парламентад сөрөг хүчин болсон, дараа дараагийн сонгуулиар ялалт байгуулах нь юу л бол хэмээн ам хуурайгүй ярьцгаадаг ч намын их хурлын чимээ олны анхаарлын төвд байна. Мэдээж, их хурлаараа дотоод дүрэм журамдаа өөрчлөлт оруулна, өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэнэ, өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг хэлэлцэнэ. Энэ нь хэн бүхэнд сонин бус. Хэн намын даргаар сонгогдох нь вэ гэдэг таамаглал нийтийн чихийг сортойлгож байгаа юм.
1
Энэ хурлын өмнөхөн намаа шинэчлэх хөдөлгөөн явагдлаа. Залуусын энэ хөдөлгөөн амнаас цаашгүй байна гэж ажиглагчид үзэж байна лээ. Намын дарга Ө.Энхтүвшингийн хувьд хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрох мэдэгдлээ аль эрт хийчихсэн. Ер нь сонгуулиар улс төрийн хүчин нь ялалт байгуулаагүй тохиолдолд дотоод дүрмийн дагуу дарга нартаа хариуцлага тооцдог. Гэхдээ намын даргад хариуцлага тооцох эсэх хамгийн гол даваа бол УИХ-ын сонгууль. УИХ-ын сонгуулийн дүн дараа дараагийн сонгуулиуд ялах, ялагдах эсэх өнгийг тодорхойлдог ч гэж болно. Нэг ёсондоо намын дотоод эвлэрэл, сонгогчдын хандлагыг УИХ-ын сонгуулийн үр дүн харуулдаг. Үүнийг ч 2012 оны УИХ-ын сонгууль баталсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн Монголын улс төрийн ууган хүчин намдаа шинэчлэл хийх нэрийдлээр уугуул нэрээ сэргээсэн нь угаас албан тушаал, эрх мэдлийн төлөө толхилцож байсан дотоод зөрчилдөөн, фракцуудыг ил болгож, намыг хоёр хуваахад хүргэсэн билээ. Энэ задрал нь эвлэрэл, зөвшилцөлд хүрэхгүй байсаар сонгуулийн жилүүдтэй золгуулсан. Үр дүн нь өнөөдрийн ялагдал буюу сөрөг хүчний суудал. Намаа ялагдлаас ялалтад хүргэх хугацаа одоогийн удирдлага болох Ө.Энхтүвшин даргад байгаагүй гэж нэг талаар зөвтгөж болох юм. Учир парламентын сонгуульд ялагдал хүлээж, төр, засгийн төдийгүй яам, агентлагийн тамгыг барьж байсан улс төрийн албан тушаалтнуудын үг дуугүй ажлаа шилжүүлсэн бухимдал нь өнөө ч гараагүй яваа. Тиймээс ч тэд орон нутгийн болоод Ерөнхийлөгчийн сонгуульд намынхантайгаа нэгэн зүгт нэгдэх сэтгэл дутсан биз. Өөрөөр хэлбэл, МАН мянган толгой, нэг сүүлтэй болсных болов уу. Энэ өнцгөөсөө Ө.Энхтүвшин даргыг буруутгах эрхгүй билээ. Тэгээд ч сонгуулиар өрсөлдөгч хүчинд хожил нь ирсэн.
1
МАН-ын дараагийн удирдлага хэн бэ. Уг нь энэ намд удирдаад, зохион байгуулаад аваад явчих дарга олон бий. Боловсон хүчин ч олонтой гэдэг. Гэхдээ нам доторх фракц, бүлэглэлийг нэгтгэж, зангидах тэр хүн хэн байх вэ. Намын их хурал ирэх сарын 27-нд товлогдсонтой зэрэгцээд намын даргад нэрийг нь дэвшүүлэх таамаглал аль эрт тархаад амжсан.
1
Шинэчлэгдэх гэж буй намын даргын таамаглалд С.Баяр, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, М.Энхболд, Ц.Нямдорж гээд хууччуул болох архаг улстөрчдийн нэр цохиж явна лээ. Үнэндээ ч залуучуудаас нь жин дараад намын даргад өрсөлдчих хүн одоогоор алга, туршлага дутаж, жульдана гэсэн явган яриа ч гарчихаж. Дээрх таамаглал дундаас хамгийн найдвартай хувилбарыг М.Энхболд гээд нам дотор ч, гадна талд ч яригдаж байна. Учир нь С.Баярыг асуудалд орооцолдсон, Н.Энхболдыг уян зөөлөн, Д.Лүндээжанцанг бөөрөнхий, Ц.Нямдоржийг ааш муутай гээд олонхийн дэмжлэг авч чадахгүй гэцгээж байна.
1
Харин М.Энхболдыг зохион байгуулалтын чанга дэглэмтэй, аль ч үед хотын фракцынхныг хүчтэй, нэг зорилготой нэгдмэл хэвээр байлгасан. Тиймээс хуваагдсан энэ намыг ч нэг зохион байгуулалтад оруулж чадна гэж үзэж байгаа юм билээ. УИХ-ын дэд дарга М.Энхболдын хувьд нэг намыг байтугай Засгийг удирдаж байсан хүн. 1997 оноос хойш нийслэлийн МАХН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүн, намын дарга, Ерөнхий сайдын албыг хашсаар ирсэн. 2005 онд М.Энхболдыг намын даргаар сонгогдоход нь аж ахуйн хүнээр улс төр бариуллаа хэмээн шүүмжлэх хүмүүс гарч байсан. Гэхдээ тэр өнгөрсөн хугацаанд хотын фракцынхны хүчийг нэгтгэж, УИХ-ын сонгуульд Төв аймгийн тойргоос хоёр ч удаа багаараа сонгогдож байсан гээд хүчтэй улстөрч харуулж чадсан.
1
Харин өнгөрсөн хугацаанд түүнийг газрын наймаачин гэсэн "цол" дагасаар ирсэн. Ямар сайндаа л тэр жилийн их хурлаар НИТХ-ын дарга байсан Н.Болормаа "М.Энхболдын хийсэн газрын наймааны лайг би үүрч байна" хэмээн мэдэгдэж, намын даргын суудлаас нь унагаж байхав. Гэхдээ энэ нь хууль хяналтын байгууллагаар өчнөөн шалгагдаад ч М.Энхболдод хамаарах ямар нэг зүйл тогтоогдоогүй юм билээ. Харин удахгүй болох намын их хурлаар түүнийг дахин намын даргаар томилогдох гэж байгаа таамлаглал гарсан энэ үед өнөөх газрын наймааны асуудал нь босч ирэхийг үгүйсгэхгүй юм. Учир нь МАН-ын даргад түүний нэрийг дэвшүүлэх сургаар өрсөлдөгч улс төрийн хүчин буюу АН-ынхан М.Энхболдын "но"-г хайж, хотын архивт хяналт шалгалт оруулсан гэсэн бор шувуу нисч байна лээ шүү. Том нам гэдэг томоороо л байх юм. Намынх нь их хурлын сургаар эрх баригчид хүртэл хөдөлгөөнд ороод л...
1
Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ