Уралдаж улс төржсөнөөс бус үүргээ биелүүлсэнгүй
Ээлжит бус чуулган 10 хоног хуралдаад хаалтаа хийв. Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиудыг хэлэлцэн батлахаар байв. Гэвч хугацаа алдаж эхэлсэн ээлжит бус чуулганаар дээрх хуулийн төслүүдийг баталж амжсангүй. Хуулийн төслүүдийг хэлэлцээд батлах нь хугацааны хувьд шахуу байснаас намрын чуулганд шилжүүллээ. Тэгвэл ээлжит бус чуулган үүргээ биелүүлэв үү. Үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлаар ямар нэг шийдэлд хүрч чадалгүй намрын чуулгантайгаа золгож байна. Ард иргэд ч энэ чуулганаар ямар нэг шийдвэр гаргаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж найдварын харцаар хүлээж суулаа. Харамсалтай нь “амжсангүй” гэсэн үгийг спикер ээлжит бус чуулганаа өндөрлүүлэхдээ ч хэлэв. Төр нь ажлаа амжуулахгүй бол хэн амжуулах вэ, энэ улс орны тулгамдсан асуудлыг.
1
Тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, яаралтай шийдвэрлэхийн тулд ээлжит бус чуулганыг хуралдуулдаг. Энэ удаад ч эдийн засагт учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох зорилгоор Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг яаралтай хэлэлцэх шаардлагыг үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. УИХ-ын даргын захирамж гэдэг гишүүдийн хувьд Ерөнхийлөгчийн зарлигтай дүйцэхээр. Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг баталснаар хөрөнгө оруулалтын татварын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах, түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг ашигт малтмалын хуулиас салгаж бие даасан хууль болгоод улмаар орон нутагт зөвшөөрөл олгох эрх, хяналт тавих үүргийг шилжүүлэх, Монгол Улсад ашигтай төслийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах гээд тулгамдсан асуудлууд ар араасаа шийдвэрлэгдэх байлаа.
1
Хуулиудыг ээлжит бус чуулганы хугацаанд баталж амжаагүй шалтгаанаа “Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг гишүүдийн 170 гаруй ажил хэрэгч санал дүгнэлтийг тусгаж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн хэдий ч нэмэлтээр орсон саналуудыг нэгтгэж төсөлд тусгаж батлахад цаг хугацааны хувьд боломжгүй болсон” хэмээн тайлбарлаж байна. Чуулганы хаалтын үеэр гишүүд зарим хуулийг бөөндөн баталж “гурилддаг” талтай. Харин Хөрөнгө оруулалтын хуулийг нухацтай авч үзэлгүй, дутуу дулимаг хэлэлцэн баталвал араасаа ямар хор уршигтай дагуулахыг гишүүд мэдэх тул намрын чуулган шилжүүлэх саналыг бие биедээ найрсгаар толгой дохин дэмжицгээв. Үнэндээ ээлжит бус чуулганы хугацаанд гишүүд нам, бүлгээрээ талцан улстөржиж, Засгийн газар, тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эдийн засаг хүндрээгүй, юмны үнэ буурсан хэмээн иргэдийн бухимдал дээр “тос” нэмснээс бус шийдэлд хүрч чадсангүй.
1
Гишүүд нь ч уралдаж улс төржин хуралдсаар хуулиудыг намрын чуулганаар хэлэлцэхээр шилжүүлэх санал дээраа сая нэг ойлголцож, өндөрлүүллээ. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүд гишүүдийн ширээн дээр ээлжээ хүлээн овоорсон байгаа даа. Ямартай ч ирэх оны төсвийн хуулийн төсөл эхний ээлжинд байсан. Гэхдээ нь жагсаалтаас ухрах төлөвтэй дөг өө. Учир нь эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхээр намрын чуулганд шилжүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр гишүүд ажиллах биз ээ. Дээр нь энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг Засгийн газраас оруулж ирэхээр болсон. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан ирэх өдрүүдэд намрын чуулганаа нээгээд, ажилдаа ханцуй шамлан орохгүй бол цаг хугацаа та бүхнийг хүлээхгүй шүү.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ