Төрийн албаны зөвлөл Сэлэнгэ аймагт ажиллав
Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан Ажлын хэсэг 2011 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллалаа. Энэ үеэр Сэлэнгэ аймагт "Төрийн албаны шинэтгэлийг орон нутагт хэрэгжүүлэх нь" сургалт, семинар зохион байгуулагдав. Энэ сургалтанд Төрийн албаны зөвлөл, Авилгатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академийн төлөөлөгчдөөс гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд оролцлоо. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам төрийн албаны шинэтгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Төрийн албаны зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл хийлээ. Сургалтанд оролцогчид иргэдэд үйлчлэх үйлчилгээний хэлбэрүүд, үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт зэрэг сэдвээр харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр Сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа болон босоо удирдлагатай байгууллагын харьяаны төрийн захиргааны албан хаагчдын ангилал, зэрэглэл зөрүүтэй байгаа талаар, сумын Засаг дарга нарт хариуцлага тооцох механизм сул, сумын Засаг даргын орлогч нарт тавигдах шалгуургүйгээс чадваргүй хүмүүс томилогдож байгаа талаар, үр дүнгийн гэрээний биелэлтийг үндэслэн мөнгөн урамшуулал олгохгүй байгаа, удирдах ажилтны манлайллын сургалтыг үргэлжлүүлэх, сумдын төсвийн байгууллагуудын төсөв хүрэлцээгүйгээс төрийн албан хаагчдаа урамшуулж чадахгүй байгаа зэрэг санал, шүүмжлэл гаргасан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын Газраас "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй" гарын авлагыг гаргажээ. Энэхүү гарын авлагад ёс зүйн тухайн ойлголт, Төрийн албан хаагчдын Эрхэмлэх есөн зүйл, Ёс зүйн дүрэм, Ёс зүйн зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмаас гадна Сэлэнгэ аймаг дах Ёс зүйн хороодын бүрэлдэхүүний тухай мэдээлэл багтсан байна. Төрийн захиргааны албан хаагчид ёс зүйн хэм хэмжээг нарийн чанд мөрдөн ажиллахад энэхүү гарын авлага дэмжлэг болох юм. Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөл сумдын төрийн албан хаагчдын хэрэгцээ, хангалтын байдлыг шалган зааварлах ажлыг сайн зохион байгуулж, үр дүнтэй ажилласныг Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам сайшаав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ